Түймэр газар авсаар байна
Баян-Уул, Баяндун сумын зааг Сонгооль даваа орчмоос гарсан түймэр Цагаан-Овоо сумын нутагт Их бага уул, Эрдэнэтолгой гэх газрын зүүн хойноос чиглэсэн байна. Энэ нь Цагаан-Овоо сумын 3,4-р багийн нутгаг юм байна. Салхины хүч хойноосоо хүчтэй салхилж, түймэр хурдацтай газар авсаар байгаа аж. Мөн өчигдөр Хөлөнбуйр сумаас гарсан түймэр одоо Булган сумын сумын төвийн урдуур ассан байдалтай байна гэж сумын иргэд олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.
Онцгой байдлын газар болон сумдын гамшгаас хамгаалах бүлгүүд шуурхай ажилласаар байгаа. Одоогоор салхины хүч Дорнод аймгийн нийт нутгаар маш хүчтэй байна.
Яг одоогийн байдлаар
Хөлөнбуйр сумын төвөөс зүүн урагш 12 км-т Баян-Уул багийн Жаргалантын-Энгэр гэдэг газар өчигдрөөс эхлэн хээрийн түймэр асч байна. Улмаар Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатаж байгаа аж.
Түймрийн голомтод өчигдөр орой16 цагаас хойш Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 40 иргэн, Булган сумын 10 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, Баруун-Урт сумын 16 иргэн, Сүхбаатар сумын 21 иргэн, нийт 141 хүн унтраахаар ажиллаж байна. Мөн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн "Сонгоол даваа” гэдэг газар түймэр гараад байна.
Энэ газар нь Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км-т оршдог байна. Одоо тус газарт Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 24 хүн ажиллаж байна. Одоогийн байдлаар 4 түймэртэй байна.
Унтраасан түймэр
Уржигдар Халхгол сумын төвөөс зүүн урд зүгт 60 км, 3 дугаар багийн Ташгай гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 67 албан хаагч, орон нутгийн 58 иргэн, нийт 147 хүн 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр өдрийн 13 цагийн үед унтраажээ.
Түймэр гарах шалтгаан
Баян-Уул, Баяндун сумдын зааг нутагт Сонгоол давааны ар гэх газраас өндөр хүчдлийн шон унаж анх түймэр дэгджээ. Өчигдөр, уржигдрийн салхины хүч ихтэйгээс их талбай хамарчээ.
Баяндун сумын нилээд нутаг талбайгаар, бас наашлаад Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар шатаж эхэлсэн байна. Өчигдөр орой гэхэд Сэргэлэн сумын түймэрт явж байсан гурван хүн нүүр, гарын хэсгээр 2А, 2Б зэргийн халалттайгаар түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Халхгол суманд Нөмрөгийн сав газраар ойн түймэртэй байна, цаанаас нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн галынхан унтраалцахаар хилийнхээ цаана иржээ. Түймрийн үндсэн шалтгаан нь явуулын ч гэдэг юм уу, хувь хүний болгоомжгүй үйлдэл, оч баригчгүй тээврийн хэрэгслээр зорчих, хэт намхан машинтай замгүй явснаас өвс доор нь хуралдаж халж шатах, сэтгүүр дэгээ төмөргүй байх зэргээс гарч байж магадгүй гэнэ.
О.Сайхан