Ц.Нямдорж сайдыг эзгүйчилсэн шийдвэр буюу Г.Баясгалан даргын бас нэгэн факт
-"Майдар хот” төслийн 12000 га газрыг чөлөөлөх нөхөн төлбөрт улс хэдийг төлөх бол?-
Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Хоёрхон өгүүлбэртэй Засгийн газрын албан мэдээнд энэ газрыг тусгай хэрэгцээнд авах болсон тухайгаа "Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийхийн тулд гэж тодотгосон байлаа. Майдар хот төсөл бол 2011 оноос ярьж эхэлсэн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын автортой баригддаг ч үгүй, бас үгүй болдог ч үгүй олон төслийн нэг. Харин АН засаглаж асан өнгөрсөн дөрвөн жилд биш У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр энэ төслийн нэр дахин олны анхааралд өртөх нь тэр. Өртөхөөс ч аргагүй юм. Өчигдрийн хэвлэл мэдээлэл хийгээд сошиалын гол сэдэв болсон энэ шийдвэр угтаа эдийн засгийн асар их үр дагавартай байлаа. Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ шийдвэрийн талаар "Майдар төсөл бол хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэх төсөл учир төсөлд шаардагдах хөрөнгө мөнгийг тэд өөрсдөө л гаргах учиртай. Засгийн газрын баталгаа гаргаж өгсөн, өгөх тухай асуудал Засгийн газрын хуралдаан дээр огт яригдаагүй. Яригдах ч учиргүй” гэж хэлсэн нь зарим талаар засгаас энэ төсөлд огт хөрөнгө мөнгө гаргахгүй мэт харагдах боловч ухаж үзвэл бас тийм биш юм.
Учир нь, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн хүн нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан байжээ. Газрын тухай хуулийн дагуу үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авдаг. Харин "Майдар хот” төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хэмээн зарлиг буулгасан байдаг юм. Тодруулахад тэр үед энэ төслийн санаачлагч Х.Баттулга болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Тавантолгойн асуудлаар байр суурь нь салаагүй, амин найзууд байсан юм. Төслийн санаачлагчийн амин найзын тухайн үеийн зарлиг өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газар хот байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авах сайхан шалтаг болжээ. Энд л Засгийн газрын шийдвэрийн эдийн засгийн үр дагавар нь байгаа юм. Үнэхээр Сангийн сайдын хэлсэнчлэн хот байгуулах төсөлд Засгийн газар мөнгө зарахгүй биз. Харин тусгай хэрэгцээнд авах 12000 га газрыг чөлөөлөх хөрөнгийг Засгийн газар гаргана. Тэгэхээр энэ шийдвэрийн "мөнгө угаах технологи” нь хот байгуулах зардал биш, газар чөлөөлөх хөрөнгө болж таарах нь. 2011 оноос ярьж эхэлсэн, бүүр үндэсний хэмжээний бүтээн байгуулалт гэсэн зарлиг гаргуулсан "Майдар хот”-ын эргэн тойронд 12000 га газар өдгөөг хүртэл сул байсан гэвэл бичигч би лав итгэхгүй.
Төслийн санаачлагч хийгээд түүний тойрон хүрээлэгчид хэчнээн га газрыг нь өөрсдийн нэр дээр авсан бол гээд хардах эрхээ эдлэхэд буруудахгүй байх. Тэгвэл Засгийн газар аливаа газрыг тусгай хэрэгцээнд авахдаа эзэмшигчид нь нөхөн олговор олгодог хуультай. Газрын тухай хуулийн Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зүйлд энэ тухай тодорхой зааж, 60 хоногийн дотор нөхөн олговор газар эзэмшигчид олгохоор хуульчилсан байдаг юм. Хэдэн зуун тэрбум төгрөг нөхөн олговор нэрээр хэн нэгэнд очихыг одоогоор таашгүй. Хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар мөнгө гаргахгүй гэж маргаж болох ч газар чөлөөлөх нөхөн олговорт хэчнээн тэрбумаар нь гаргах тэр мөнгө л энэ шийдвэрийг гаргуулсан болов уу даа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан 12000 га газрыг тусгай хэрэгцээнд авсны цаад агуулга ийм л юм. Гэхдээ энд нэгэн зүйлийг зориуд тодотгоход Засгийн газрын уржигдрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцоогүй ажээ. Түүнийг гадаадад томилолтоор явсан үед нь Засгийн газар хуулийн ийм хуудуутай шийдэрийг гаргажээ. Хэрвээ Ц.Нямдорж сайд хийгээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар олон жил ажилласан Ш.Солонго нар байсансан бол Засгийн газар ийм шийдвэр гаргах нь битгий хэл хуралдаанаар хэлэлцэх жагсаалтдаа ч багтаахгүй байсан биз ээ.
Гэтэл Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэц рүү явсны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоод сар гаруйхан болж байгаа Г.Баясгалан энэ богинохон хугацаанд хоёр ч том факт гаргалаа. Эхнийх нь Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч томилсон тогтоол, хоёр дахь нь тусгай хэрэгцээнд газар авч нөхөн олговор төлөх Засгийн газрын уржигдрын шийдвэр. Учир нь, Засгийн газрын хэлэлцэх асуудал хамгийн түрүүнд албан үүргийнхээ хуваариар энэ хүний гараар орж эцэслэгдэн шүүгддэг шүү дээ. Хуулийн салбарт олон жил ажилласан хүний хянасан шийдвэрүүд уг номоороо бол араасаа асуудал үүсгэлгүй яв цав байх ёстой юм уг нь.
Харин энэ удаад ийм шийдвэр гаргасан нь алдаа гэхээсээ илүү нутаг нуга, ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй юм. "Майдар хот” төслийг санаачилагчдын нэг Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорынх. Засгийн газрын хуралдаанд оруулах эрх бүхий хүн нь бас л Баянхонгорын Г.Занданшатар. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хууль зүйн үндэслэлийг хянах эрхтэй, үр дагаварыг нь тооцох үүрэгтэй Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ч бас Баянхонгор аймгийнх.
А.Болдбаатар
24tsag.mn
Сэтгэгдэл байхгүй байна.