Иргэд 0.5 га газраа 200 саяар үнэлж байна
Гэр хорооллыг орон сууцжуулах ажил гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд нийслэл хотын 24 байршилд 77 хэсэгчилсэн талбайд, 38 төсөл хэрэгжүүлэгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил 500 гаруй өрх орон сууцандаа орсон бол 2015 онд дахин 2500 айл төслийн үр дүнг амсана гэж төлөвлөсөн ажээ.
Үүний нэгэнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин сууж буй газартай айл өрхүүд багтаж байна. Гэвч тус хорооны иргэд өргөдөл, бичиг цаасанд дарагдаж, аль нэг даргын албан тасалгааны үүдийг сахиж суудаг болсоор жил гаруй нүүрийг үзэж байгаа гэнэ.
Иймд БЗД-ийн 13-р хорооны иргэд өчигдөр Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн хурал хийж, төслийг хэрэгжүүлэгч "Цагаан хуаран консалтинг” ХХК-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дуулгалаа.
Энэ үеэр тус хорооны иргэд "Гэр хорооллы дахин төлөвлөлтийн ажилд сонгон шалгарсан компани нь 6 сарын дотор барилга эхлүүлэх үйл ажиллагаа явуулаагүй бол цуцлаад дараагийн компаниудыг оруулж ирэх журамтай. Гэтэл "Цагаан хуаран консалтинг"-ийн энэ хугацаа 2015 оны 01 сарын 05-ны өдөр дуусчихсан хэрнээ газар дээрээс нь нэг ч айлыг нүүлгээгүй, ганц гадас зоосон юм байхгүй иргэдийг хохироочихоод байна.
Түүнчлэн "Цагаан хуаран консалтинг"-ийн ажилтнууд төсөлд шалгарахын тулд нийт 149 айлын 75 хувь болох 112 айлтай гэрээ байгуулж, түүнийхээ 42-ыг нь хуурамчаар үйлдсэн. Тэр ч бүү хэл нас барсан хүний нэрийг оруулсан, өмчлөгч биш иргэнээр гарын үсэг зуруулсан гэх мэт гэмт үйлдлүүдийг хийж байж тендерт шалгарсан” хэмээн мэдээллэв. Хурлын үеэр тус хорооны иргэн Д.Гомбодоржоос зарим тодруулгыг авлаа.
- Цагаан хуаранг консалтингаас болж нийт хэчнээн өрх хохироод байна вэ?
- Хохирох гэхээсээ илүү хугацаа алдсан. Гэтэл "Цагаан Хуаран консалтинг" биднээс 1 тэрбум төгрөг нэхэмжилж хууль хяналтын байгууллагад хандах гэж байгаа гэдгээ саяхан дуулгасан. Энэ компани манай хорооны нутаг дэвсгэрээс нэг л айлын хашаа худалдаж авсан байдаг юм.
Үнэхээр тийм өндөр үнээр худалдаж авсан юм бол бидний тавьсан саналыг хүлээж авах бүрэн боломжтой. Яагаад гэвэл нэг айлын хашаа буюу хоёр айлын газрыг 1 тэрбум гэж үзвэл, больё. Хүн амьтан ажилласан гээд зардлаа хасвал ямар ч байсан их өндөр үнээр авсан юм билээ.
Гэтэл энд бас нэг зүйл анхаарал татаад байгаа юм. Газар авахад нэг тэрбум төгрөг зарцууллаа гээд тэр компаний захирал хэлэхэд давхар манай "Гэр хороолол, хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг батлаад байгаад гайхаад байгаа юм. Тэр хүн үнэхээр өгөхийг нь харсан юм уу. Эсвэл нийлээд идчихсэн юм уу. Тэгсэн хэрнээ гэрээгээ тулгая, асуудлаа цэгцэлье гэхээр "Та нартай тулгахгүй. Гэрээ бол нууцлалын зэрэглэлтэй” гэж ярьдаг.
Харин хэд хоногийн өмнө Э.Бат-Үүл даргатай уулзаж, асуудлаа танилцуулснаас хойш томилогдсон комиссын дарга н.Энхцэнгэлд жагсаалтыг гаргаж үзүүлсэн байна билээ.
- Өнгөрсөн мягмар гарагт ИТХ-ын дарга н.Баттулгатай уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэхээр өгсөн гэсэн. Тэр хүн ямар хариу өгөв?
-"Цагаан хуаран консалтинг"-ийн зөвшөөрлийг цуцлахаар шийдсэн.
- Яг ч эцсийн байдлаар хариу өгөөгүй гэж дуулсан?
- Энэ сарын 28-нд эцсийн шийдвэрээ гаргана гэсэн. Яагаад бид энэ асуудлыг гаргаж тавиад байна вэ гэхээр Нийслэлийн захирагч, НИТХ-ын дарга нь иргэдийнхээ талд ороод, шийдвэрийг нь гаргаж өгөөд байхад яагаад доод албан тушаалд нь байгаа хүмүүс шийдвэрийг нь хэрэгжүүлэхгүй байгаад л бухимдаад байгаа юм.
- Танай хорооны иргэд дунджаар хэдэн мкв хашаатай байгаа вэ?
- Ерөөсөө 200-250 мвк хашаатай. 0.7 га газартай айл цөөхөн. Бусад нь дандаа жаахан газартай.
- Тэгвэл 1мвк-ийг нь хэдээр үнэлээд байна вэ?
- Иргэд зах зээлийнхээ ханшаар 1мкв газраа 400 мянган төгрөгөөр үнэлээд байгаа юм. "Цагаан хуаран консалтинг” ХХК-иас 200 мянгаар үнэлсэн. Гэтэл нэг айлын хашаанд дор хаяж хоёр өрх байна гээд бодохоор 200мкв хашаагаа 40 сая төгрөгөөр үнэлчихээд 20мкв байранд яаж аж төрөх юм бэ. Эндээс асуудал эхлэнэ л дээ.
- Гэхдээ 0.5 га газрыг 200 саяар үнэлэхэд арай өндөр биш үү?
- Ер нь бол сонирхсон компаниуд байгаа л байх. Гол нь энэ мэдээллийг нээлттэй үлдээх хэрэгтэй. Зах зээлийн ханшаараа гаргах хэрэгтэй.
- Нэг хэсэг айлуудад 0.7 га газар өмчлүүлсэн. Арай нэг айлын хашааг 2, 3 хуваачихаад 400 мянгаар үнэлээд байгаа юм биш биз?
- Тийм юм байхгүй.
- 13-р хорооны иргэд газар дээрээ өөрсдөө орон сууц бариулж болдоггүй юм уу?
- Тэгж шинэчлэн зохион байгуулахын тулд "Газар шинэчлэн зохион байгуулах журам"-руу хандах юм билээ. Гэвч боломжгүй гэх хариуг өгсөн. Манай байршил бол УИХ-аар батлагдсан 2020 оны Ерөнхий төлөвлөгөөр өндөр орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдсөн газар юм билээ.Тэгэхээр энэ төлөвлөгөөг цуцлах боломжгүй гээд байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.
Ингээд бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор "Гэр хорооллын хөгжлийн газрын дарга”-аас бид БЗД-ийн 13-р хорооны оршин суугчид болоод "Цагаан хуаран консалтинг”-ийн талаар лавлахад "Цагаан хуаран консалтинг анх төсөлд оролцохдоо иргэдийн 75 хувьтай ном журмын дагуу гэрээлсэн. Хуурамчаар байгуулсан юм байхгүй. Гол нь иргэд газраа хэдээр үнэлэх дээрээ тухайн компанитайгаа тохиролцож чадахгүй байгаа юм билээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд ажлаа эхлүүлж чадахгүй явсаар долоодугаар сарын 25-нд өөрсдөө зөвшөөрлөө цуцлуулахаар хандсан” гэх мэдээллийг өгсөн юм.
Х.Маргад
Сэтгэгдэл байхгүй байна.