Монгол улс энх тайванч байдлаараа дэлхийд 37 дугаарт оров
Дэлхийн хамгийн тайван орноор Исланд улс тодорчээ. CNN-ийн мэдээлснээр Австралийн Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн (IEP) саяхан нийтэлсэн "Дэлхийн энх тайвны индекс 2025" тайланд Исланд 1.095 оноогоор нэгдүгээрт жагссан байна. Анх 2008 онд дэлхийн улс орнуудын дунд ийм үнэлгээ гаргаж эхэлснээс хойш 17 дахь жилдээ энэ шалгаруулалтыг хийж байна. IEP нь улс орнуудын энх тайвны түвшинг нийгмийн аюулгүй байдал, дотооддоо болон гадаад руу чиглэсэн дайн мөргөлдөөнтэй эсэх, цэрэгжсэн байдал гэсэн гурван чиглэл, 23 үзүүлэлтээр 163 орныг эрэмбэлжээ. Хоёрдугаар байранд 1.260 оноогоор Ирланд улс орсон бол Шинэ Зеланд 1.282 оноогоор гуравдугаар байранд, Австрали 1.294 оноогоор дөрөвдүгээрт, Швейцар 1.294 оноогоор тавдугаарт орсон байна. Харин АНУ 2.443 оноогоор 128 дугаарт бичигджээ. Мөн гурван жил гаруй дайны байдалтай байгаа Украин улс 3,434 оноогоор 162 дугаарт орсон бол Орос улс 3,441 оноогоор хамгийн энхтайванч бус, түгшүүртэй орноор нэрлэгдэж 163 дугаарт оржээ. Сүүлийн тавд Йемен (3,262 оноо), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (3,292 оноо), Судан (3,323 оноо) зэрэг орон багтсан байна. Харин манай улс энхтайванч байдлаараа дэлхийн 163 орноос 1,719 оноогоор 37 дугаарт жагссан бөгөөд өмнөх удаагийн шалгаруулалтаас 8 байраар ахисан байна. Уг тайланд дурдсанаар өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд дэлхийн энх тайван байдлын түвшин 0.36 хувиар уруудсан болохыг онцолсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.