Хоёр ”Ц”-гийн яриаг дэнсэлбэл ...
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн яриа банзанд бус байндаа туссаны гэрч болох үйл явдал ар араасаа зай завсаргүй хөврөх шинжтэй. Эхлээд түүнийг редакц дээрээ урьж байгаад тодруулга яриа авсан сэтгүүлчдийг баахан мөнгө авсан гэж цахим ертөнцөөр гүтгэн, зураг хөрөгтэй нь тавилаа.
Энэ бол эрхэм түшээ Ц.Нямдоржийн зүг илгээж буй эхний "сум”. Бараг төрөлх намын нь зүгээс энэ үйлдэл гарсан болов уу гэж хардаж байна. Яагаад гэхээр юм бүхнийг мөнгөөр шийдчих гэдэг, ер нь мөнгөөр ч шийдэж ирсэн, мөн том дарга байсан түүний балгаар хэвлэлийн нь төлөөлөгч хэдэн сар ч билээ шоронд суугаад гарсан эдний намын бурхан дүртэй нэг нөхөр бий л дээ. Түүний зүгээс л нумаа нууж байгаад сумаа тавьсан үйлдэл болов уу гэж таамаглаж байна.
Дараачийн сумыг харин эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая сэтгүүлчидтэй уулзахдаа тавив бололтой. Бас бид бүхний нам дамнасан эдийн засгийн бүлэглэл байдгийг ч батлад орхив уу, яав бү мэд. Ямартай ч мань хүн нөгөө юун үхрийн гуя хэмээн хулгайч нөхөр дуу алдсан тухай шог яриа шиг юм хийлээ шүү дээ. Түүний сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Ц.Нямдоржид "Эрдэнэт” болоод эх орноо бодсон үнэр ч байхгүй гэсэн үг өөрийн эрхгүй ингэж бодохоос аргагүйд хүргэж байгаа юм. Нээрээ юун үнэр танар, юун эх орноо боддог эсэх. Зүгээр л өөрийнхөө бодлыг хэлсэн бол өөр хэрэг л дээ.
Шударга хүний хэзээ ч худалдагдаагүй нүднээс жинхэнэ луйварчид байнга айж, гөлөлзөж явдаг юм.
Ингэхэд Их хурлын гишүүн Ц.Нямдорж, эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрыг Эрлэгийн эзний өмнө аваачаад хэн нь шударга, эх оронч болохыг тогтоогоод өг гээд үнэн, худлын дэнсний тавган дээр нэг нэгээр нь тавибал хэний нь зүг илүү хэлбийх бол?.
Миний хувьд Ц.Элбэгдоржийн суусан таваг газар шүргэтэл хазайна гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч тэрбээр өөрийг нь ороосон бүхнийг улстөр гэх нэгэн уут руу чихчихээд эвтэйхэн бултчихдаг дархан мэхтэй гэдгийг манайхан маш сайн мэднэ. Энэ удаа ч тэгсэн байна билээ. Ингэхэд улстөр гэхээрээ л худал хуурмагаар дүүрэн зүйл байдаг юм бол улстөрч Ц.Элбэгдорж хэн болох вэ гэсэн асуулт зайлшгүй гарч таарна биз.
Түүний уран цэцэн үгэнд мөн ч олон хууртагдсан даа. Хуурамч зан, хуурамч үг хамгийн их эрх мэдлийг авчирдаг нь жам. Яагаад гэхээр хүмүүн заяат бид чинь ямагт төсөөллөөр амьдарч ирсэн, амьдарч ч байгаа амьтад. Хүмүүсийн төсөөллийг удирдах шиг амархан юм энэ хорвоо дээр бий гэж үү? Байхгүй. Үүнийг л маш сайн мэддэг, бас энэ "урлагийг” маш сайн эзэмшсэн хүний нэг нь манай Эбэ Ерөнхийлөгч.
Харин Ц.Нямдоржийн хувьд өөр. Энэ нөхөр улстөрд байх хугацаандаа шударга явдал буюу өөрийнхөө үзэл бодлыг худалдаагүй, бас өөрөө худалдагдаагүй цөөхөн хүний нэг. Шударга хүний хэзээ ч худалдагдаагүй нүднээс жинхэнэ луйварчид байнга айж, гөлөлзөж явдаг юм. Ойрын үед түшээдийн дунд өрнөөд байгаа үйлдлүүд яг л ийм маягтай харагдана билээ.
Н.Асралт