Парламентын ардчиллаа хамгаалах асуудлаар гишүүд юу хэлэв
УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталбал үг сөрсөн гишүүн болгоныг ёс зүйн алдаа гаргасан гэх зүйл ангиар буруутган, эгүүлэн татдаг болсноор ард түмний сонголт үнэгүйдэж, цаашлаад нэг хүний, нэг намын дарангуйлал тогтох үүд хаалгыг нээнэ гэж үзэх гишүүд олон байна.
УИХ 126 гишүүнтэй. УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн өөрсдийн барьж байгаа байр суурийн хүрээнд саналаа өгнө. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүнээс 13 нь Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг дэмжинэ, харин бусад нь дэмжихгүй. Мөн ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН-ын хувьд дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдэг байр суурь илэрхийлээд буй. Энэ удаагийн байр суурь буландаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл яагаад парламентын ардчилалд халтай тусах талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэн хүргэж байна.
АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ЗАСВАРЛАХ НЬ ЭРХЭНД НЬ ХАЛДСАН ҮЙЛДЭЛ

Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Ардчилсан сонгууль зохион байгуулаад УИХ-ын гишүүнийг сонготол УИХ -аас байгуулагдсан өөр бүтцээс шийдвэр гаргаад УИХ-д танилцуулахгүйгээр, саналыг нь авахгүйгээр, ард түмнийг төлөөлж байгаа парламенттай зөвшилцөхгүйгээр шууд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татдаг болбол энд жинхэнээсээ төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг, ард түмний саналыг засварлах гэдэг зүйл гарах эрсдэлтэй.
УИХ -ын гишүүнд хариуцлага тооцох, хариуцлагыг нь чангатгах ёстой олон зүйл байхыг үгүйсгэхгүй. Шүүхээс, прокуророос УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгахтай холбоотой харилцаан дээр ээдрээ саадтай асуудал байвал хөнгөвчилж өгөх ёстой.
Тэрэн дээр асуудал байвал хуулийн байгууллага ажлаа хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөх ёстой. Харин хуулийн гэгдэх байгууллагын зүгээс шийдвэр гаргаад, энэ шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй байхад хүчин төгөлдөр болно гэдэг үзэл баримтлалын хувьд хүлээн зөвшөөрөх үнэхээр боломжгүй. Ардчилсан сонгууль, ард түмний өөрийнх нь сонгосон эрхэнд халдаж байгаа үйлдэл. Ард түмэн сонгоод явуулсан төлөөлөгчийг шууд ёс зүй гэдэг хэмжиж болохгүй зүйлээр үнэлж дүгнээд ард түмний сонголтыг засварлах нь харин ард түмний эрхэнд халдаж байгаа утга нэг зүйл шүү гэдгийг бүлгийн гишүүд маань илэрхийлж байгаа.
ПАРЛАМЕНТЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:
-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй. Монгол Улсын парламентын гишүүд Үндсэн хуулиа сахин биелүүлнэ гэж тангараг өргөдөг. Үндсэн хуулийн бус зохицуулалтаар гишүүдэд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, хяналтандаа байлгах, ялангуяа цөөнх гэж цаашдаа байхгүй байлгах, үгэнд орохгүй бол үгэнд оруулдаг болгох ийм механизм нэвтрүүлж байгаад харамсаж байгаа. Энэ бол байж боломгүй зүйл. Парламентыг байхгүй болгох гэж байна. Хуульч нар ч ярьж байгаа.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиараа УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол прокурор саналаа УИХ-д оруулаад гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгадаг зохицуулалт хэвээрээ л байгаа. М.Энх-Амгалан прокурор УИХ-д зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулахад тухайн парламент шалгуул гээд УИХ-аас явуулж л байсан. Энэ зохицуулалт одоо ч хэвээрээ.
Одоо яаж байна вэ гэхээр прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй болонгуут ямар нэг гэмт хэрэгт холбогдохгүй байгаа юм байна, гэмт хэрэгт шалгахгүй байгаа юм байна, гэмт хэрэг нь олдохгүй болбол ямар нэг аргаар барьж авъя гэдэг шинэ зам нээж байна.
Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг онцгой бүрэн эрх эдэлж эхлэх нь.
Монголын парламент гэдэг бол улсын тусгаар тогтнол шүү дээ. Бид нарын тусгаар тогтнолын ганц баталгаа парламент. Энэ хууль тусгаар тогтнолын баталгаагаа улам хумих үйлдэл болж байна.
Одоогийн нөхцөл байдал нь маш тодорхой. Эрх барьж байгаа нам дотор үнэхээр том хагарал бий болсон. Баахан өс зангидаж байх шиг байна. Уурласан хэсэг нь уурлуулсан хэсэгтээ хариуцлага тооцох гэхдээ бүхэл бүтэн Монгол Улсын 30 жилийн түүхтэй парламентын засаглалыг дөнгөж бойжиж байгаа идэр насан дээр нь хөнөөх гэж байгаа үйлдэл болж байна.
Тангараг өргөөд парламентын гишүүн болсон бид энэ хуулийн төслийг батлах нь бүү хэл хэлэлцэж эхлэх нь өөрөө тангаргаасаа няцсан хэрэг болно гэж хувьдаа би үзэж байгаа.
ПАРЛАМЕНТ ТОГТВОРГҮЙ БОЛОХ НӨХЦӨЛ ҮҮСНЭ

УИХ-ын гишүүн П.ГАНЗОРИГ:
-ХҮН нам Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр Ажлын хэсэг гаргаж, судлан санал дүгнэлтээ зөвлөл дээрээ нэгтгэлээ.
УИХ-ын гишүүн ёс зүй болон сахилга хариуцлага, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татахыг дэмжиж байна. Гэхдээ энэ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан агуулга, өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол нарийвчилсан гэсэн зохицуулалтынхаа агуулгаас хальсан учраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй.
Парламентаа ёс зүй болон сахилга хариуцлага, гэмт хэрэгтнээс аврах гэж байна гээд дархлааг нь сулруулж болохгүй. Одоо байгаа агуулгаар Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүнийг Цэцээс эгүүлэн татна. Ийм байдлаар намууд улс төрийн зорилгоор гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ээлжлэн тавьдаг, төр засаг улам тогтворгүй болох нөхцөл үүсэж байгаа. Энэ нь цаашлаад Үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй.
Тэгэхээр хууль санаачлагч энэ хуулийн төслөө буцаан татаж, Үндсэн хуулийн агуулга, хүрээнээс халихгүйгээр оруулж ирэх шаардлагатай. Тухайлбал, энэ хуулийн төслийн 9.1.6 заалтад "Жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татна" гэсэн байна. Энийг бол УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болон сонгогдож байгаа учраас нам нь хариуцлага тооцох бол нэр дэвшүүлэхгүйгээр хатуу гэрээ хийсэн байхаар зохицуулах боломжтой. Хоёрт, сонгуулиар хариуцлага тооцдог байх механизм ардчилсан парламентад тохирно. Монгол Улс парламентаа ардчиллаа бэхжүүлээд аваад явах ёстой.
ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ЗААЛТ ТӨСӨЛД ТУССАН

УИХ-ын гишүүн Г.УЯНГАХИШИГ:
-УИХ зарчмаа буюу хууль дээдлэх зарчим, Үндсэн хууль баримтлах зарчмаа дагаж мөрдөх ёстой. Хэрвээ УИХ Үндсэн хуулиа зөрчөөд эхлэх юм бол хууль дээдлэх ёс барьцгүй болно.
УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хууль санаачлагчийн зүгээс өгсөн тайлбарыг анзаарсан байх. УИХ-ын үйл ажиллагаа дэгтэй холбоогүй гэсэн асуудлыг ярьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг харах юм бол Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 9.1.4, 9.1.6, 9.2 гэсэн заалтуудыг хөндсөн. 9.1.4 буюу үйл ажиллагаатай холбоотой процессыг тодорхойлсон байдаг. 9.2 дээр мөн адил процесс буюу хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол хэрхэн эгүүлэн татах вэ, шийдвэр яаж гарах вэ. хуралдах юм уу, хуралдахгүй юм уу. Нөгөө талаасаа Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарвал дахиад Цэц дээр эгүүлэн татах асуудал хөндөх юм уу, эсвэл УИХ-ын гшууд тэр асуудлыг авч үзээд эгүүлэн татах эсэх асуудлыг шийдэх юм уу. Энэ хоёр бол цэвэр УИХ -ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой асуудал байгаа. 9.1.6-гийн хувьд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тусгай нөхцлийг оруулж ирсэн. Гэтэл Үндсэн хуулийн 29.3 дээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёрхон нөхцөл тусгаж өгсөн байдаг. Хэрэв энэ хоёр нөхцлийг өргөтгөмөөр байгаа бол Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж, УИХ -ын гишүүнийг эгүүлэн татах нөхцлүүдийг дэлгэрүүлэх, өргөтгөх боломж нь байгаа.
Ийм учраас нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл нь санаачлах субьект нь биш юм. Тийм учраас хэлэлцэж эхлэх нь зөв биш юм.
Хоёрдугаарт, агуулгын хувьд Үндсэн хуулийн зөрчилтэй нэлээд олон заалтууд байна. УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын тухай хуулийн 7.2-т заасан тангаргийн агуулгыг өргөтгөж болно. Энэ тал дээр дэмжиж байгаа. Зөвлөлийн даргын хэлсэнчлэн процессууд тодорхой болох ёстой. Жишээлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тохиолдолд, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэд хоногийн дотор Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэх ёстой гэх дэгүүд байх ёстой. Энийг агуулга нь зөв байна, санаачлах субьектыг үл хайхраад явъя гээд хэлчих юм бол дараа нь бид УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйл дээр хууль санаачлах хүрээ хязгаарыг тодорхой зааж өгсөн. Энэ хүрээ хязгаарыг үл тоомсорлоод явбал УИХ-ын гишүүд улсын төсөв өргөн барих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, УИХ ын тухай хуулийн 36 дугаар зүйлийг зайлшгүй дагаж мөрдөж байж УИХ дээр ямар төрлийн хуулийн төслийг Засгийн газар, ямар төрлийн хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ямар төрлийн хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьж болох юм бэ, тэгж байж яаж эрх мэдлийн тэнцэл, эрх мэдлийн хуваарилалтыг яаж зөв авч явах юм бэ гэдэг асуудал тодорхой болж байгаа. Энийг зөрчөөд явах нь дараа дараагийн эрх мэдлийн хямрал руу явчих вий гэдэг болгоомжлолтой байна.
ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХИЙСЭН СОНГОЛТЫГ ХАМГААЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн А.УНДРАА:
-Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нэгдмэл байр суурьтай байгаа. Парламентыг хамгаалах, ардчиллыг хамгаалах нэгдмэл байр суурьтай байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа.
Иргэдийн эрх чөлөөтэй хийсэн сонголтыг хамгаалж, сонгуулиар хариуцлага тооцдог байх зарчмыг Үндэсний эвсэл барьж байна.
Үндэсний эвслийн зүгээс улс төрийн намууддаа юу гэж уриалж байна вэ гэхээр зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудыг эрх мэдэлэ хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцлага, хязгаарлалт, хяналт, хамгаалалт гэсэн асуудлууд дээр хуулийн төсөл боовсруулан ажиллаж байна. Тэгэхээр илүү өргөн хүрээнд том зургаар нь харж төрийн өндөр албан тушаалтны ажлаа бүрэн дүүрэн сайн хийхтэй холботой хариуцлагын болон хамгаалалтын хяналтын ауудал дээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Хамтран ажиллахыг уриалж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИХГҮЙ

Иргэний зориг ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Б.БАТБААТАР:
-УИХ-ын гишүүн миний бие өөрийн бланк дээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, DParliament-д байршуулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар ажлын 30 хоногийн дотор саналыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ажлын 30 хоног өчигдөр дуусгавар болсон, Засгийн газар өнөөдрийн хурлаараа хэлэлцэх болов уу гэтэл хэлэлцээгүй санал өгөөгүй байна.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг зохицуулдаг эрх зүйн зохицуулалт байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр хэлэлцэх эсэх дээр дэмжихгүй гэдэг санал өгнө.
Яагаад гэвэл хэтэрхий өргөн хүрээнд парламентын бүрэн эрхийн хүрээнд, Цэц болон ёс зүйн асуудал гэх мэтээр, дээрээс нь эгүүлэн татагдсан гишүүний ард дараагийн гишүүн хэн байх вэ гэдэг асуудлыг зохицуулаагүй гэж үзэж байгаа учраас энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдье.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Өлзийсайхан танаа гээд өнөөдөр хуулийн төсөл өргөн мдэүүлэх тов тогтоох тухай гээд бичиг хүргүүлсэн. УИХ ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх товыг тогтоож өгнө үү гээд гаргаж явуулсан. Энэ хүрээндээ бид хуулийн төслөө үргэлжлүүлж явах болно гэдгийг бас илэрхийлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ЭРХ СОНГОГЧДОД Л БАЙХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:
-Цаашид парламент орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Хүн бүр хийх ёстой ажлаа л хиймээр байна. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг эв нэгдлийг хангадаг. Засгийн газар нь Засгийн газар шиг асуудлаа шийддэг. УИХ нь парламент шиг байж, ардчилсан тогтолцоог хамгаалж, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд иргэдийн аж амьдралд шаардлагатай хууль тогтоомжийг батлах. Гэтэл манайд хөлөөрөө толгой хийж байна гэдэг шиг л юм болж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хүртэл УИХ-д хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна л даа.
Тийм учраас УИХ-ын даргад хандаж үг хэлье. С.Бямбацогт дарга та парламентад таван удаа сонгогдсон парламентчидын нэг. Таны анх даргаар сонгогдоод хэлэлцүүлж байгаа хууль энэ болж байна. Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл их байна. Саначилснаасаа эхлээд асуудал дагуулж байгаа.
УИХ-тай холбоотой асуудлыг зөвхөн УИХ ын гишүүн санаачилна гэж заасан байдаг, гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүмүүс тэс хөндлөнгөөр тайлбарлаад сууж байна, УИХ-ын даргын хувьд үүнийг та зүгээр хараад сууж болох юм уу.
Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай гэж үзэх юм бол тэр асуудлыг УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно, нээлттэй.
Шаардлагатай бол би ч санаачлаад явж болж байна. Миний бодол бол өнгөрсөн 36 жилийн хугацаанд маш их үнэ цэнээр хамгаалагдаж байгаа ардчиллын хувь заяа сонгогчдод л байх ёстой. Эгүүлэн татах эрх сонгогчдод л байх ёстой.
АХ НАР БИДНЭЭС ЁС ЗҮЙ НЭХЭЖ БАЙГААДАА ИЧ

УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
-Ардчилал нуран унаж байгааг бид бүгд нүдээрээ харж байна. Ямар нөхцөлд байгаагаа хүлээн зөвшөөрцгөөе л дөө. Яагаад бүгд худлаа дүр эсгээд байгаа юм бэ. Төрийн эрх мэдлийг шууд булааж авахаа больсон. Яг ийм аргаар нэг нэгээр нь ямх ямхаар нь ингэж сулруулдаг. Ийм орны жишээ бид мэднэ шүү дээ. Турк, ОХУ гээд бид мэднэ. Гэхдээ үүнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэр чигтээ оролцож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Тэр тундаа хуульчид оролцож байгаад чин сэтгэлээсээ харамсаж байна. Хурлын тэмдэглэлд үлдээх ёстой.
Хожмын Үндсэн хууль судлаачид энэ ажлын хэсэг өөрсдөө ёс зүйн шаардлага хангасан уу гэдгийг харж үзээрэй.
Тэр дундаа ҮАБЗ, ҮАБЗ-ийн хоёр албан тушаалтан институц хоорондыг зохицуулах ёстой хүмүүс нэг талд нь гараад ардчиллын дархлааг сулруулаад сууж байгаа нь судлаачийн ёс зүйг давсан уу. Улс төрийн намаас татгалздаг ард түмний эв нэгдлийг илэрхийлэх хүний ажлын алба тэр чигээрээ нэг намынх байж болох уу.
Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь хэмжээ хязгааргүй байж болох уу. Дүгнэлт хийгээрэй. Үндсэн хууль УИХ-ын тухай хууль хоёр зөрчилдсөн учир ямар нэг хил хязгааргүй, парламент руугаа халдаж байгаа нь зөв үү. Бид энэ хуулийг хэлэлцэж эхэлснээр хожим нь Ерөнхийлөгч ямар асуудлаар, ямар хүрээнд хэрхэн дур зоргоороо аашлахыг таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаарт барьдаг байсан нь өнөөдрөөр дуусгавар боллоо. Эрх мэдлийн хяналт тэнцэл, өргөн барьсан процесс нөлөөлсөн үү.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа дутагдлыг энэ удаагийн сонгогдсон 126 гишүүн тэр дундаа 81 гишүүнээс нэхэж байгаад та бүхэнд баярлалаа.
Өнгөрсөн 30 жил та бүхэн ёс зүйн өндөрлөгт байсан бол өнөөдөр бидний амьдрал ийм гунигтай байх ёсгүй байлаа. Та нар үүргээ биелүүлсэн үү. Намайг нэгдүгээр ангид байхад л улс төрд байсан ах нар өнөөдөр сууж байна. Тэгээд өнөөдөр ийм юм яриад биднээс ёс зүй нэхэж байгаадаа ичээч.
Та нар бид нарыг утсан хүүхэлдэй болно гэж бодсон, бид тэгээгүй, бид та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байгаа та нарыг нойргүй хонуулж байна. Тиймээс бидэнд зориулж ирсэн хууль.
ҮГЭНД ОРОХГҮЙ БАЙГААГАА НУГАЧИН ДАРАХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Э.БОЛОРМАА:
-Олон нийт ёс зүй шаардаж байгаа. Авлигач, хулгайч нартаа хариуцлага тооцооч ээ гэдэг ёс зүй шаардаж байгаа. Энийг дөрөөлөөд үгэнд орохгүй байгаа, дар гэсэн кнопыг нь дарахгүй байгаа хүмүүсийг нугачин дарж, дараагийн Их хурал юу болох вэ гэхээр гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй нам юу гэнэ түүнийг нь дагаж байдаг хэдэн нөхөд бүрдэнэ.
Энд байгаа 126 түүх байгаагүй юм шиг, ирээдүй байхгүй юм шиг аашилж болохгүй.
Бусад гишүүдтэй ярихад “Энэ Болохгүй гэсэн ш дээ, гэхдээ одоо яах вэ чимээгүй дэмжихээс яах вэ дээ. Ямар дарамтад ороод байгаа юм. Өөрийнхөө үзэл санаандаа үнэнч байж чадахгүй, эх орныхоо төлөө зоригтойхон дуугараад кнопоо дарж чадахгүй юм бол энд хэний төлөө суугаад байгаа юм. А.Бямбажаргалаас айгаад байгаа юм уу. Ёс зүйн асуудлыг шийдье гэвэл залхуу дарангуйллын асуудал руу битгий аваач. Углуургаар нь ханд.
АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТ АРАВХАН ХҮНИЙ ГАРТ ОРНО

УИХ-ын гишүүн Г.ЛУВСАНЖАМЦ:
-Монгол Улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий. Харамсалтай нь, өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.
Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.
Улстөрч ирнэ. Улстөрч явна. Монголын ардчилал мөнх оршино.
Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:
9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;
9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;
9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ
Г.ХОРОЛ

