В.Путин Ялалтын баярыг тохиолдуулан Украинд гал зогсоож байгаагаа зарлав
Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинд гал зогсоох санал гаргасныг хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр тус улсын Батлан хамгаалах яам албан ёсоор мэдэгдлээ. “Макс” олон нийтийн сүлжээнд тус яамны нийтэлсэн мэдэгдэлд “ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путины дэвшүүлсэн саналын дагуу Агуу их эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтыг хүндэтгэн тэмдэглэх гэж буйтай холбогдуулан Украин дахь байлдааны ажиллагааны бүсэд 2026 оны тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд гал зогсоолоо” гэжээ. Энэ жишээг Украин мөн даган хэрэгжүүлнэ хэмээн найдаж байгаагаа Москва илэрхийлсэн байна. Гал зогсоохын зэрэгцээ Ялалтын баярын үеэр улс нийгмийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн БХЯ мэдэгджээ. Мөн “Ялалтын 81 жилийн ойг тасалдуулахыг оролдсон гэмт үйлдэл гаргавал Киевийн төв рүү пуужингаар маш хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулсан байна.
Москвагийн мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч В.Зеленский мөн хариу мэдэгдэл хийж, адил тэгш арга хэмжээ авч байгаагаа өнөөдөр “Telegram” сувгаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Оросын нийгмийн сүлжээнд бичиж байгаа шиг, байлдааны ажиллагааг зогсоохтой холбоотойгоор Украины талд албан ёсоор хандсан зүйл одоогоор нэг ч гараагүй байна” хэмээн тэрбээр юуны түрүүнд тэмдэглээд “Эрдэнэт хүний амь нас ямар нэг ой тэмдэглэх явдалтай харьцуулшгүй үнэ цэнтэй. Иймээс бид тавдугаар сарын 5-6-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн чимээгүй горимд шилжиж байна. Энэ горим дээр заасан цаг болох хүртэлх хугацаанд мөрдөгдөнө. Мөн дээрх хугацаанаас эхлэн нөгөө талтай адил арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэжээ.
Үүний өмнө Орос, Украины тал Улаан өндөгний баярыг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 11-12-ны өдөр гал зогсоож байсан юм.


