Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанд Улаанбаатар хотын агаарын дэд бүтцийн сүлжээг сайжруулах талаар танилцууллаа

🕐 2026/04/21

   НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Мөнхбат хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Э.Одонтуяа, Д.Бадарсан, Ч.Мэндбаяр, А.Амартүвшин, Т.Батцогт, Г.Батзориг, Б.Сэмжидмаа нар оролцлоо. Хуралдаанаар Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай, Газар эзэмших эрх дуусгавар болгох, газрын байршил өөрчлөх зөвшөөрөл олгох тухай, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн агаарын зорчих хөдөлгөөн, агаарын дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх төслийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням танилцуулав. Одоогийн байдлаар төрийн өмчийн нисдэг тэрэг яаралтай үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хувийн хэд хэдэн байршилд буух зогсоолтой байна. Гэвч эдгээр зогсоол нь гэрэлтүүлэг болон таних тэмдэг стандарт хангахгүй болсон ба үйл ажиллагаагүй байна. Түүнчлэн хот хөдөөгийн яаралтай тусламж, гал түймэр, эрэн хайх ажиллагаа, эмч тариа хүргэх зэрэгт агаарын тээврийн үйлчилгээ нэн шаардлагатай байгаа тул эмнэлгүүдийн нисдэг тэрэгний үйл ажиллагааг сэргээх шаардлагатай үүссэн байна. Тиймээс дараах байршлуудад зогсоол шийдэх талаар судалж  байгаа аж. Учир нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн онд 700 мянга гаруй дуудлага ирснээс 115 мянга нь амь насанд эрсдэлтэй, аюултай гэсэн дуудлага эзэлж, үүнээс 30 хувьд нь 20 минутаас дээш хүлээлгэж оношийг хүндрүүлсэн байна. Мөн онцгой байдлын албанд 50 мянга гаруй дуудлага ирсэн бөгөөд үүний 5000 нь хүний амь нас эрсдэлтэй, аюултай дуудлага байсан хэдий ч агаараар буюу нисдэг тэргээр ердөө 10 хувьд нь тусламж үзүүлэх чадамжтай аж. Тиймээс агаарын тээврийн сүлжээг хөгжүүлснээр HEMS судалгааны дагуу агаарын тусламжаар амь аврах нөлөө 30-50% ба жилд 10.500 хүнийг аврах боломжтой аж. Иймд нислэг тэрэгний зогсоол болон бага болон дунд оврын онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, дроныг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаарх төслийг танилцуулсан юм.

Дараах байршлуудад нисдэг тэрэгний зогсоол шийдэхээр судалж байгаа аж:

БЗД, 27-р хороо, Дарь-Эх цогцолбор

СБД, 8-р хороо, Өргөө амаржих газрын хажууд Сэлбэ дагуу

ХУД, 3-р хороо, Наадамчдын гүүрний баруун талд

БЗД, 6-р хороо, Сэлбэ дэд төв

СБД, 8-р хороо, С.Зоригийн гудамж-2, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 

ХУД, 21-р хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлэг

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан