Бродюрын шинэчлэл аудитын шалгалтад бүдэрлээ-II
Мэдээ, мэдээллийн NEWS.MN сайт аудитын газраас нийслэлд хэрэгжсэн авто зам, бродюрын шинэчлэлд хийсэн шалгалтын ДҮНГ танилцуулсан билээ. Шалгалтаар нийслэлийн авто замын бродюрыг хуугаар нь солихдоо санхүүгийн болоод тендер сонгон шалгаруулалтын ноцтой зөрчлүүд гаргасан гэдийг мэдээлсэн.
Энэ удаад нийслэлээс 2024 онд хэрэгжүүлсэн зам, талбайн шинэчлэлийн тендер худалдан авалт хэрхэн хууль зөрчсөн гэдгийг аудитын дүгнэлтээс өгүүлье.
Юун түрүүнд, нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс шаардлага хангаагүй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Замын хөгжил болон Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн гэдгийг дурдах хэрэгтэй.
Улаанбаатар хот 2024 оноос эхлэн олон зуун тэрбумын өр тавьж, авто замаа хашлага буюу бродюрын хамт шинэчлэл хийсэн. Тэр өрийг автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн халааснаас төлж буй. Нийслэл 2024 онд арилжааны банкуудаас 500 тэрбум төгрөг зээлсэн. Бондын хөрөнгийн 150 тэрбумаар нь гудамж талбай, зам засварын ажил хийсэн гэдэг. Улмаар 2025 оноос дээрх өрийн эргэн төлөлтийг хийхийн тулд 1,500 см³ моторын багтаамжтай буюу "Приус" маркийн машины татвар 36,000 төгрөгөөс 108,000 төгрөг болгож, 3 дахин нэмсэн. Дээр нь хотын авто зам ашигласны төлбөр 5 дахин өсгөсөн юм.
Гэтэл ийм үнэ цэнээр хийгдэж замын шинэчлэл, бродюр солих ажил төлөвлөлтөөсөө эхлээд тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэл хүртлээ хууль журам зөрчсөн байгаа юм. Жишээ дурдая.
- Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэл, хойд хэсэг)-ийн ажил 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Баткубик” ХХК ижил төстэй ажилд гүйцэтгэсэн талаарх шаардлагыг хангаагүй.
- Их нарангийн авто замын засвар, шинэчлэлт (Толгойтын авто замаас Улаан чулуутын хогийг цэг)-ийн ажил 2.56 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Эко эвсэг зам” ХХК ажил гүйцэтгэхэд ашиглагдах төхөөрөмж, техникийн шаардлага хангаагүй.
- Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хорооны далан дагасан авто замын засвар, шинэчлэлт (Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам)-ийн ажил 54 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Ди Вай Кэй Би” ХХК мөн л ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник шаардлага хангаагүй.
- Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам)-ийн ажил 1.68 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Неон гэгээ” ХХК ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник шаардлагa хангаагүй.
- Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Нисэхийн тойргоос нисэхийн хурдны зам)-ийн ажил 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Мегатитан” ХХК тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу санхүүгийн чадавхын шаардлага хангаагүй.
- Галданбошготын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (32-ын уулзвараас Баянбүрдийн тойрог Чингэлтэй дүүрэг)-ийн ажил 3.57 тэрбумын өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Мосговь" ХХК тендер шалгаруурлалтын баримт бичигт заасны дагуу шаардлагад хангасан материал ирүүлээгүй. Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан нийслэлийн Замын хөгжлийн газрын үнэлгээний хороо тендерт оролцогчийг үнэн зөв, шударгаар шалгаруулаагүй.
- Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар)-ийн ажил 9.45 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Баткубик” ХХК ажил гүйцэтгэхэд шаардлагатай ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагагүй. Сүүлийн 3 жилд 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ажил хийсэн байх шаардлага хангаагүй. Түүнчлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бөглөн үнэлгээний хороонд ажиллахаас татгалзсан. Үнэлгээний хороо нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар хурлаа хийж, гүйцэтгэгчээр “Баткубик” ХХК-ийг сонгон шалгаруулсан.
- Чингүнжавын гудамжны авто зам засвар, шинэчлэлт (Өргөө кино театрын уулзвараас 25-р эмийн сангийн уулзвар)-ийн ажил 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Неон гэгээ” ХХК техникийн тодорхойлолт шаардлагад нийцээгүй. Техникийн чадавх болон туршлагын шаардлага хангаагүй.
- Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог)-ийн ажил 4.68 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тендер шалгаруулалт зарласнаас хойш хугацаанд цахим системээр татварын тодорхойлолтоо цахимаар хугацаанд нь ирүүлээгүй зэрэг зөрчлийг аудитын тайланд жишээ татан дурджээ.
Дээрх компаниуд авто замын засвар, шинэчлэлийн ажилдаа боржин бродюр суурилуулсан. Ажилдаа зөвхөн боржин бродюр ашиглахыг нийслэлээс шахсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэлд “Зургийн автор болон төсөвчинтэй зөвшилцөөд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй авто зам, замын байгууламжийн зурагт оруулсан өөрчлөлтөөрөө дутагдаж байгаа бродюр дээр чулуун болгож материалынх нь хийцлэлийг өөрчилж ажлыг дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т үүрэг болгов” гэжээ.
Тухайн үед олон нийтийн зүгээс "Нэг бүр нь 120 мянган төгрөгийн өртөгтэй импортын бродюр шахлаа" гэдэг шүүмжлэл гарч байсан нь ч аудитын энэхүү дүгнэлттэй таарч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс 2024 Замын хөгжлийн газарт чиглэл өгч, ийнхүү авто зам дагасан төслүүдийн өртгийг олон дахин нэмэгдүүлсэн гэдгийг тогтоосон байна. Улмаар нийслэл дэх Төрийн аудитын газраас нийт 53.9 тэрбум төгрөгийн өртөгтэй авто зам, боржин чулуун хашлага буюу бордюрын шинэчлэлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Тухайлбал, боржин чулуун хашлага ашиглахаар тооцож, төсөвлөсөн 43 төсөлд ашигласан бордюрын нийт өртгийг 21.1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Харин бетонон хашлага ашиглахаар тооцож үзвэл дээрх 43 төсөлд ашигласан бордюрын нийт дүн нь 4.8 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл, бордюрын өртгийг дунджаар 4 дахин нэмэгдүүлж, 16.3 тэрбум төгрөг хэмнэх боломж байсан талаар аудитын тайланд дурдсан байгаа. Үнэ өртөг нь ингэж үржигдсэн авто замын шинэчлэлийн ажил тооцоо судалгаагүй, норм, дүрэм, стандартад нийцээгүй гэдгийг аудитын шалгалтаар тогтоожээ.
Тэгвэл энэхүү ажлыг санаачилж хэрэгжүүлсэн хотын дарга асан Х.Нямбаатар үүнд хэрхэн тайлбар өгч байсныг эргэн сануулъя.



