BrotherHood : Залуу хүмүүс байна, яагаад "холливуудын түвшинд" кино хийж болохгүй гэж

1115

Саяхан нээлтээ хийсэн  "Том Толгойтын Романс”  УСК-оороо тэсрэлт хийгээд буй  BrotherHoodнэгдлийн жүжигчид Отгонтэнгэр их сургуулийн оюутан залуустай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтанд Фантастик продакшны жүжигчид болох Ж.Алтаншагай, М.Баярбат, Б.Ганчулуун болон Маск продакшны жүжигчин О.Алдар нар хүрэлцэн ирсэн юм. Оюутан залуус жүжигчдээс сонирхсон асуултаа асууж хариултаа авч, хамт зургаа татуулж байлаа. Энэ үеэр жүжигчидтэй ярилцсан юм.

- Кино театруудад нээлтээ хийгээд удаагүй  ч үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй "Том толгойтын романс” УСК-оос яриагаа эхлэх үү.  Кино зохиолыг жүжигчин Э.Алдарын анхны зохиол гэж дуулсан юм байна?

-Э.Алдар: Ер нь бол кино зохиолынхоо санааг бид бөөндөө сууж байгаад л гаргасан юм. Бид чинь дандаа хамт олноороо ажилладаг хүмүүс.  Өнөөгийн нийгмийг харахад  баян, ядуу гээд хоёр хэсэгт хуваагдчихсан байна.  Залуучууд маань ямар байх ёстой юм, хүнлэг байх ёстой юм уу, аль эсвэл баян гээд хүн чанараа гээж, их зан суугаад яваад байх ёстой юм уу. Ер нь хүний аз жаргал юун дээр оршдог вэ, аз жаргалыг хаанаас олж авах вэ гэдгийг л  "Том толгойтын романс”-аараа дамжуулж гаргахыг зорьсон.

Харин кино зохиолыг Айн Рендийн зохиолоос сэдэвлэсэн юм.  Яг энэ зохиолоос сэдэвлэсэн кино дэлхийд нэлээд бий.  Тэгэхэд яахаараа Монголд байдаггүй юм. Гадны кинонууд бол ойлгомжтой. Өөрсдийнхөө нийгэмд тааруулж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч бас энэ зохиолоос сэдэвлээд амьдарч буй ахуй амьдралдаа нийцүүлээд яаж, монголынхоо үзэгчдийн хүртээл болгох вэ юу сургах вэ, зохиолоороо дамжуулж үзэгчдэд ямар санаа өгөх вэ гэдэг их анхаарч ажилласан.

.Баярбат:  Амьдрал юун дээр тогтдог вэ, амьдрал хайр дээр тогтдог гэж нэг үг байдаг шүү дээ. Гэтэл өнөөгийн нийгэмд баян, ядуугийн зааг хэтэрхий их гарснаас энэ мөн чанар маань мөнгөн дээр амьдрал тогтдог  болсон юм шиг,  хүмүүс мөнгөний төлөө хэтэрхий их шунаж, мөн чанараа гээж байна.  Энэ чигээрээ явбал бид хаана очиж зогсох вэ. Бид энэ бүхнийг жаахан хэтрүүлэгтэй байж болно, гэхдээ үүнийг харуулж, амьдарлын үнэ цэнийг хөгжилтэй байдлаар ухахыг хичээсэн.

Баян ч бай, ядуу ч бай, аль ч нийгмийн хүмүүс хайрлаж дурладаг.  Яагаад амьдарч буй нийгмээ мартаад, хүнийг хүн гэдгээр нь чин сэтгэлээсээ хайрлаж болохгүй гэж.

- Гол дүрийн тухайд?

-О.Алдар:  Зохиолын маань гол дүр Солонго гэж эмэгтэй бий. Энэ дүрээр дамжуулж өнөөгийн нийгэмд нийтлэг төрх болсон залуу охидуудыг харуулахыг хичээсэн.  Сайхан бие хаатай, үзэсгэлэнтэй хэрнээ хүн чанараа уландаа гишгэчихсэн, баяныг дагаж гүйсэн. Муухайгаар хэлэхэд мөнгөний төлөө ч төрчихсөн юм шиг, аав ээжээс заяасан сайхан бие хаа, залуу насаа дэмий зүйлд үрдэг болсон нийтлэг төрх.

Хэчнээн мөнгө, төгрөгтэй болсон үр хүүхэдтэй болохын заяа дутвал өөрийгөө зольж байж босгосон тэр амьдрал чинь шилэн шаазан шиг л дуусна. Гэтэл өнөө маргаашийнхаа хоолны төлөө зүтгэж байгаа ч үр хүүхдээ тойруулаад элэг бүтэн амьдарч яваа айлд жинхэнэ аз жаргал оршиж байна. Энэ ялгаануудыг аль болох тод томруун  гаргахыг зорьсон. Мөн хүмүүсийн үзэл бодлоос эхлээд өнөөгийн энэ нийгмийг бүгдийг нь харуулахыг зорьсон.

- Ерөнхий өгүүлэмж эвдсэн байдлаар тусгагдсан обьект, тогтсон харилцааны талаар?

- О. Алдар: Ер нь кино ч бай, жүжиг ч бай гэр хорооллыг тусгахдаа дандаа бусдаар өрөвдүүлэх гэж л оруулж ирдэг. Том толгойтын романс дээр үүнийг огт дурсахыг хүсээгүй, яагаад гэвэл хүн болгоны гэрт аз жаргал байдаг. Сайхан дулаахан уур амьсгалтай, хүүхдийн инээд ханиад шуугилдаж байвал л тэнд аз жаргал оршдог. Үүнийг л уран сайхны хэлбэрээр харуулахыг хичээсэн дээ.

- Б.Ганчулуун:  Үүнийгээ бас инээдтэй хөгжөөнтэй байдлаар гаргахыг хүссэн. Угаасаа нийгэм өнөөдөр хэтэрхий их стресстэй байна. Тийм учраас инээдэмтэй байдлаар хүнд нэгийг бодуулахыг л хүссэн юм.

- Инээдэмтэй гэснээс кино зохиолоо бичихийн өмнө хүмүүсээс нүүр номоор дамжуулж санал асуулга явуулсан гэж сонссон?

-М.Баярбат: Зохиолын тухай биш, киноны төрөл жанрын тухай санал хүсэлтээ илэрхийлсэн. Тэр дундаа инээдмийн, утга уянгын, драмлаг кино хийгээч ээ гэсэн саналууд их ирсэн. Үзэгчдээс ирсэн энэ саналын дагуу утга уянгын, инээдмийн төрлөөр зонхилж , Том толгойтын романс УСК-г хийсэн юм.

-Том толгойтын романс”  УСК-гоор BrotherHood нэгдэл байгуулагдсанаа тунхаглалаа. Гэтэл энэ нэгдэлд зөвхөн жүжигчид биш, бизнесмен, хуульч, улс төрч гээд төрөл бүрийн салбарын залуучууд байдаг гэж сонссон юм байна?

- М.Батбаяр: BrоtherHood нэгдэл бол нэгэн үеийн залуучууд сэтгэл зүрхээрээ нэгдсэн нэгдэл юм. Тэр ч утгаараа олон салбарын залуучууд нэгдсэн гэхэд болно. Гэхдээ СУИС-ийг төгсөн гарсан, СУИС-ийн бүтээгдэхүүнүүд учраас дийлэнх нь урлагийн салбарынхан байдаг юм л даа. Энэ утгаараа бидний анхны уран бүтээл бол Том толгойтын романс байлаа.

Цаашид бид нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ зүгээр нэг сайн үйлсийн аян зохиогоод өнгөрөөх биш, туславал тусласан шиг тусална гээд төлөвлөгөөгөө сайн хийж, бүх чадлаараа хичээж байна. Удахгүй нийгэмд рүү чиглэсэн үйл ажиллагаануудаараа Brother Hood нэгдэл уулзах байх аа.

-О.Алдар:  Гэхдээ бид нар ямар нэгэн нам, албан байгууллагад хамаарагдахгүй. Хэн нэгнээс хараат бус байдлаар нийгэмд чиглэсэн олон сайн, сайхан үйлсийг хийж бүтээе гэж бодсон. Үзэгчдэд жаахан танигдчихсан залуучууд яваад байх биш, тэр байдлынхаа давуу талыг ашиглаад нийгэмд чин сэтгэлийн үүднээс өөрсдийнхөө байгаа бүх бололцоогоор сайн сайхан, гэрэл гэгээг түгээхийг хүссэн юм. Хэрвээ өөрсдөөрөө эхлээд үлгэр дуурайлал үзүүлбэл, залуучууд ч гэсэн дор бүрнээ хичээгээд нийгэм хөдөлнө, өөрсдийнхөө хийх юмыг тултал хийнэ гэж боддог. Одоохондоо манай нэгдэл ийм л зорилготой байна.

- Тодорхой зорилтот ажлуудаа эхлүүлсэн үү?

М.Батбаяр:  Нийгэмд сүртэй хандаж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээний залуучуудад бидний туулаад гарсан шиг алдаа дутагдал битгий гаргаасай, ингэж явбал цаг хугацааг товчилж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн, авсан ажилдаа хүн байж чадна гэдгийг эхний ээлжинд Отгонтэнгэр их сургуулийн оюутан залуустай уулзаж, зөвлөсөн юм.  Бид ч гэсэн оюутан байсан, алдаа оноогоо яриад зөвлөөд явбал хүүхдүүд маань ирээдүйнхээ зорилгыг тодорхойлж авах нэг нь авах байх.

-  Та бүхний уран бүтээл болох "Маш нууц”, "Том толгойтын романс” УСК  гээд өөр, өөр төрөл жанрын хэрнээ нийгэмд тэсрэлт хийж чадлаа. Тэгэхээр энэ эрчээрээ Монголд  төдийлөн хөгжөөгүй байгаа эйкшин төрөлд хүч үзвэл ямар вэ?

- Ер нь урлагийн хүн, жүжигчин хүн гэдэг утгаараа бүх төрлөөр л хүчээ сориод үзэх хэрэгтэй. Төлөвлөсөн зүйлүүд маш их байна. Гэхдээ дараа жилийн зургаадугаар сар хүртэл ямар нэгэн кино уран бүтээл хийхгүй. Яагаад гэвэл тэр хүртэл бэлдэх зүйл бас их байна.

-О.Алдар:  Гэхдээ шинэ бүтээл рүүгээ ороод эхэлчихсэн. Бүх ажлуудаа төлөвлөчихсөн байгаа. Бид нар  зургаадугаар сар хүртэл хувь, хувьдаа бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн байгаа. Нэгэнт бид нар чанартай уран бүтээл хийж, үзэгчдэд хүрсэн учраас дараа, дараачийн уран бүтээлээ бүр сайн болгохоор хичээж байна. Түүний тулд адаглаад жүжигчдийн хувийн бэлтгэл гээд хийх ажил маш их байгаа.

Ер нь хүн чинь их шуналтай амьтан юм байна л даа. Нэг сайн уран бүтээл хийчихвэл бүр илүү шуналтаж, бүр сайн бүтээл хийе гэж боддог юм байна. Түүнийхээ төлөө энэ зургаан сарын төлөвлөгөөг гаргачихсан явж байна.

-М. Батбаяр: Уг нь дараа, дараачийн ажилдаа шууд ороод, дахиад кино уран бүтээл барьж авч болно. Гэхдээ бид чинь мэргэжлийн хүмүүс учраас дараа, дараачийн уран бүтээлээ маш чанартай болгохын төлөө хичээж ажиллаж байна. Түүний төлөө бэлтгэх шаардлагатай ажил маш их байна.

О.Алдар: Бөөрөнхийлөөд хэлчихэд, зургаан сарын дараа шинэ уран бүтээл гарах гэж байгаа. Энэ ажлын бэлтгэл өнгөрсөн 10 дугаар сараас эхэлсэн. Энэ үед үзэгчид биднээс жинхэнэ тэсрэлтийг хүлээж болно гэдгийг баттай хэлмээр байна.

- Тэгвэл шинэ уран бүтээл чинь ямар төрөл жанраар хийгдэх вэ?

Ам алдахгүй ээ. Ямар ч байсан шинэ ажлынхаа бэлтгэл ажилд орчихсон яваа. Чанартай уран бүтээл байх болно гэдгийг л баттай хэлмээр байна.  Залуу хүмүүс байна, яагаад холливууд ын түвшинд кино хийж болохгүй гэж.

-Арай айхтар график, техник төхөөрөмж хэрэглээд жинхэнэ эйкшин төрлийн кино байх юм биш биз?

- М.Батбаяр: Юу ч байж болно. Техник тоног төхөөрөмжөө бүрдүүлчихвэл боломжтой. Гэхдээ үзэгчдээс ирж байгаа тэр сайхан үгнүүд хэчнээн урмын үг боловч  бидэнд нөгөө талаас маш их хариуцлагыг оноодог. Сая хийсэн уран бүтээлээсээ л илүү юм хийнэ шүү гэсэн үг л цаана нь байдаг юм болов уу гэж боддог. Энэ ч утгаараа бид нар маш их хичээдэг, бидний үүрэг. Яагаад гэвэл бид мэргэжлийн уран бүтээлчид шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1115 сэтгэгдэл