Кубад хавчигдаж, Туркт гангарч буй дийлдэшгүй Мелисса Варгас
"NEWS” агентлаг энэ удаа "ХҮМҮҮС” буландаа саяхан болж өнгөрсөн волейболын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ээр гайхалтай тоглож, Туркийн шигшээ багийн хамтаар мөнгөн медаль хүртээд зогсохгүй өөрөө шилдэг довтлогчоор тодорсон Мелисса Варгасыг онцолж байна. Өдгөө 25 настай куба бүсгүй багаасаа л тодорч, шилдэг тамирчин болох нь эргэлзээгүй байжээ. Ийнхүү "Варгас Эйрлайнс" хочтой түүнтэй танилцъя.
БҮХ СПОРТОД АВЬЯАСТАЙ НЭГЭН
Мелисса Тереза Варгас Обро нь 1999 оны аравдугаар сарын 16-ны өдөр Кубын Сьенфуэгос хотноо мэндэлжээ. Түүний аав гандболын тамирчин байсан хэдий ч Варгас зургаан настайгаасаа эхлэн гудамжинд волейбол тоглож эхлэв. Тэрбээр найман настайдаа сургуулийн багт элссэн гэнэ.
Бага насныхаа талаар Варгас "Би үнэхээр хөдөлгөөнтэй байсан. Хичээл тарсны дараа гадаа гарч, найзуудтайгаа тоглохыг хүлээж тэсдэггүй байлаа. Багаасаа л спортод дуртай байсан. Хөлбөмбөг, бейсбол, сагсан бөмбөг, волейбол гээд л бүгдийг нь тоглодог байлаа" гэв.
Түүний бага сургуулийн биеийн тамирын багш нь Варгасыг волейболын спортод авьяастайг таньж, багтаа авсан аж. 12 настайдаа Варгас Кубын өсвөрийн шигшээ багт дуудагдаж, нийслэл Хавана хотыг зорьжээ. Энэ спортоор анх хичээллэсэн үеэсээ л Варгас мэргэжлийн тамирчин болохыг хүсэн өөрийгөө бүрэн зориулсан гэнэ.
Залуу авьяастан 13 настайдаа л Кубын үндэсний шигшээ багийн тамирчин болсон гэхээр тэрбээр үнэхээр онцгой авьяастай байв.
14 настайдаа Варгас 23 хүртэлх насны Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор тодорчээ. Бараг арван насаар эгч тамирчидтайгаа өрсөлдөж, тэдэн дундаас цойлсон аж.
15 нас хүрэхээсээ өмнө Кубыг төлөөлж, анхны дэлхийн аваргадаа оролцож байсан түүнийг Бразилын алдарт дасгалжуулагч Зе Роберто тухайн үед дэлхийн шилдгүүдийн нэг болох боломжтой гэж магтаж байлаа. Зе Роберто "Түүнд хүч, өндөр, үсрэлт, техник гээд дундаж тамирчдаас илүү бүх зүйл байна. Мөн тэр гайхалтай волейболчдын түүхтэй улсаас гаралтай" гэжээ.
ХИЛИЙН ЧАНДЫГ ЗОРЬСОН НЬ
Кубадаа төдийгүй тивдээ гайхагдсан Варгаст Европ тивийн багуудаас саналууд ирж байлаа. Түүний очсон эхний улс Чех байв. 16 настай охин ээжийнхээ хамтаар шинэ соёл, шинэ орчин, шинэ шинэ тивийг зорьжээ. Тус улсын Простеёв хотын багтай хамт дотоодын лиг болон цомдоо түрүүлэв. Харамсалтай нь баруун мөрөндөө бэртэл авч, нутаг буцахаас өөр аргагүйд хүрчээ.
Эх орондоо ирсэн ч эмчилгээ нь хүссэн үр дүнд хүрэхгүй, эмчлэх боломжууд нь хомс байсан учир Варгас улсынхаа анагаах ухааны салбарыг хурцаар шүүмжилжээ. Социалист улс тул Кубын эрх баригчид үүнийг нь зүгээр өнгөрүүлсэнгүй. 2017-2021 он хүртэл дөрвөн жил шигшээ багт тоглох эрхийг нь хасчээ.
Үүний дараа Варгас Швейцарийн Волеро Цюрих багт нэг жил тоглож, бүх тэмцээнд нь түрүүлчхээд 2018 онд Туркийн Фенербахче клубд очсон түүхтэй.
ТУРК БА ВАРГАС
Варгаст Турк улс маш таалагджээ. Энэ талаараа тэрбээр "Туркт ирсэн мөчөөсөө л би хайр, хүндлэл мэдэрсэн. Фэнүүд миний тоглолтыг таашааж байгаад баяртай байгаа. Тэднээс хайр, халамж мэдэрнэ гэдэг бол миний хувьд их зүйлийг өгүүлдэг. Турк хүмүүс нөхөрсөг. Тэдний өв соёл, хоол надад таалагддаг" гэлээ.
Фенербахчегийн хамтаар куба легионер дотоодын бүхий л тэмцээнүүдэд түрүүлж, Европ, дэлхийн клубуудын аварга медаль хүртэв. Үүний сацуу Хятадын Тяньжинь Бохай Банк клубд тоглож, мөн л амжилттай он жилүүдийг үджээ.
Туркийн ард иргэдийн хайрыг татаж, орчинд нь дассан Варгас энэ улсыг орхихыг хүссэнгүй. Туркийн волейболын холбоо ч ийм залуу шилдэг авьяастныг үнэлжээ. Улмаар 2021 онд түүнд Туркийн иргэншил олгов. Гэхдээ дүрэм ёсоороо шинэ шигшээ багийнхаа төлөө тоглохын тулд хоёр жил хүлээх ёстой байлаа. Ийнхүү 2023 онд Варгас "Торны Султанууд"-ын өмсгөлтэй тоглож эхэлжээ.
Туркийн шигшээ багийн ахлагч Эда Эрдем ярихдаа "Тэр гайхалтай тоглогч төдийгүй хувь хүн талаасаа ч гайхалтай. Тэр багийн уур амьсгалыг өөрчилж, талбай дээр тэмцэгч зан чанараа харуулдаг. Бид түүнд хайртай. Түүнийг эхний өдрөөс нь л бид мэдрүүлсэн" гэжээ.
ОЛИМПЫН АВАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛ
Варгасын туйлын мөрөөдөл нь олимпын наадам түрүүлэх. Тэрбээр мөрөөдлийнхөө талаар "Миний мөрөөдөл бол олимпын наадамд түрүүлэх. Эх орондоо алтан медаль авчрахын төлөө бүхнээ зориулах ёстой гэдгээ мэднэ" гэв.
Тэрбээр Туркийн шигшээ багийн хамтаар 2023 онд л гэхэд Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аварга, Дэлхийн цомын аварга болжээ. Харамсалтай нь Парисын олимпын хагас шигшээд Италид, хүрэл медалийн төлөө Бразилд тус тус хожигдсон билээ.
Хувь тоглогчийн амжилтын тухайд Варгас оролцсон тэмцээн бүрийнхээ Шилдэг довтлогч, Шилдэг оноо авагч, Шилдэг давуулагч, Үнэ цэнтэй тоглогч гэх зэргийг шагналыг хүртжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ
Түүний өвөрмөц үсний засалт, хувцаслалт олны анхаарлыг татдаг. Тэгвэл энэ талаараа "Миний үсчин л надад галзуу үсний засалтуудыг санал болгодог. Хувцаслалтын тухайд би биедээ тухтай хувцсыг л өмсдөг. Би пүүзэнд их дуртай" гэв.
Түүний баруун гаран дээр амьдралынх нь бүхий л цаг үе, он жилүүд шивээс болон мөнхөрчээ.
Варгас хоёр нохойтой бөгөөд эхний нохойг нь Сулейман гэдэг. Түүний ганцаардуулахгүйн тулд Амор гэх дүүтэй болгожээ.
Түүний хүзүүний зүүлт мөн олны анхаарлыг татдаг. Тэгвэл бяцхан охин байхдаа хүсч, мөрөөдөж байсан бүхнээ байнга бодож, мартахгүйн тулд зүүлт зүүдэг гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.