Мессигийн эзгүйд Аргентины "10" дугаарыг зүүсэн Франко гэж хэн бэ?
Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг орон нутгийн цагаар өчигдөр/2025.09.09/ ирэх 2026 оны ДАШТ-ий эрхийн төлөөх урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Экаудорын эсрэг хийлээ. Нэгэнт эрхээ авч, АНУ-ыг зорих нь ойлгомжтой болсон тэд Экуадорын эсрэг Мессиг амраав.
Тус тоглолтод Экуадор 1-0-ээр хожиж, Аргентины хамтаар дэлхийн аваргад оролцох эрхээ баталгаажуулжээ. Тэгвэл хамгийн сонирхолтой үйл явдал нь Мессигийн алдарт "10" дугаарыг Франко Мастантуоно гэх хүү зүүж, талбайд гарлаа.
Өдгөө дөнгөж 18 настай хүүд энэхүү нэр хүндтэй, зөвхөн домгууд л зүүдэг дугаарыг өгсөн нь Франко хүүгээс аргентинчуудаас их зүйл хүлээж буйг харуулав.
Франко Мастантуоно өнгөрсөн долоо хоногт шигшээ багийнхаа дебютыг Венесуэлийн эсрэг хийж, Месситэй хамт талбайд гарсан. Харин энэ удаад Мессигийн эзгүйд "10" дугаарыг нь зүүж, талбайд гарав.
Аргентины ахлах дасгалжуулагч Скалонигийн эрин үед Мессигийн эзгүйд хэд хэдэн тамирчин түүний "10" дугаарыг зүүж байсан. Тухайлбал, Анхель Корреа, Пауло Дибала,Тиаго Альмада нар Аргентины төлөө энэ дугаартай тоглож байлаа. Харин одоо 18 настай Франко Мастантуоно.
ФРАНКО МАСТАНТУОНО ГЭЖ ХЭН БЭ?
Түүний талаар цухас дурдахад Франко Мастантуоно нь 2007 оны наймдугаар сарын 14-ний өдөр Аргентины нийслэл Буэнос Айрес хотын ойролцоох Азул хотод төрж, өсчээ. Тэрбээр багадаа талбайн теннисээр хичээллэж, үедээ улсынхаа хэмжээнд топ арван тамирчны нэг байсан гэнэ.
Харин хөлбөмбөгийн дасгалжуулагч аавынхаа нөлөөгөөр Ривер де Азул багт тоглож, улсынхаа томоохон Ривер Плейт багийн сонгон шалгаруулалт дуудагджээ. Түүнд хүүхдийн академид тоглох санал тавьсан ч Франко татгалзаж, гэр бүлтэйгээ ойр байхыг илүүд үзсэн аж.
Гэвч дээрх үйл явдлаас хоёр жилийн дараа Ривер Плейтын саналыг хүлээн авч, нийслэл хот руу нүүжээ. Улмаар 2023 онд анхны мэргэжлийн тамирчны гэрээг багтайгаа байгуулж, үндсэн багт тоглож эхлэв.
Хагас хамгаалалт, довтолгоонд зонхилдог түүнийг өнгөрсөн зун Испанийн Реал Мадрид клуб 45 сая еврогоор худалдан авснаа зарласан. Тэрбээр наймдугаар сарын 19-ний өдөр Реал Мадридын төлөөх дебют тоглолтоо Осасунагийн эсрэг хийсэн түүхтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.