“Оньсого” хочит улстөрч Францын Ерөнхий сайдаар томилогдов
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ ерөнхий сайдаар 39 настай Себастьян Лөкорнюг томилов. С.Лөкорню нь 2017 онд Засгийн газрын гишүүн болсноос хойш Хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн асуудал эрхэлсэн сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж ирсэн, Э.Макроны ойрын хүн бөгөөд ажил үүргээ маш чамбай гүйцэтгэдэг нэгэн ажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах туйлын дургүй, хувийн амьдрал нь ч ихэд нууцлаг түүнийг "l'enigme" буюу "оньсого” гэж хочилдог байна. Ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр ерөнхий сайд Франсуа Байрүгийн огцрох өргөдлийг албан ёсоор хүлээн авч, С.Лөкорнюг залгамжлагчаар нь томилсон юм. Ингэснээр С.Лөкорню нь 2017 оноос хойш Э.Макроны томилсон долоо дахь ерөнхий сайд болж байна. Франц улс хагас ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд ерөнхийлөгч нь үндэсний бодлого, тэр дундаа гадаад харилцаа, аюулгүй байдлыг удирдан чиглүүлдэг бол ерөнхий сайд нь дотоод асуудалдаа анхаарлаа хандуулдаг. Ерөнхийлөгч ерөнхий сайдыг томилох онцгой эрх мэдэлтэй, мөн түүнд итгэл үзүүлэх асуудлаар парламентад санал хураалгах эрхтэй аж.
1986 онд төрсөн С.Лөкорню 2002 онд Ардын хөдөлгөөний төлөөх консерватив холбоонд (UMP, одоогийн Бүгд найрамдах нам) элссэнээр улс төрд хөл тавьсан бөгөөд 2005 онд парламентын гишүүний хамгийн залуу туслах болсон бол 2014 онд Вернон хотын даргаар сонгогджээ. Улмаар 2017 онд Э.Макроны толгойлдог Сэргэн мандалтын намд элсэж, эрх баригч намын гол хүн болтлоо маш хурдан ахиж дэвшсэн байна. Өнгөрсөн жил хамгийн залуу Батлан хамгаалахын сайдаар томилогдсоныхоо дараа тэрбээр сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж, цэргийн зардлыг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлуулсан юм. Түүний талаар зарим шүүмжлэл байдаг нь тэрбээр хэвлэл мэдээллээс хол, олон нийтийн сүлжээ ашигладаггүй бөгөөд "шаардлагатай үед л ярина" гэсэн байр суурийг хатуу баримталдаг ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.