О.Дугармаа: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гэдэг хүнээр бахархах сэтгэл төрсөн шүү
Сүүлийн үед манай улсын иргэдийн эрх ашиг гадны улс оронд ихээр зөрчигдөх болсон. Тэгвэл нутаг нэгтнээ харь улсад зовж явахад нь сайхан сэтгэлээр туслаж, зовлон бэрхшээлийг нь нааштайгаар шийддэг гэх нэгэн Монгол бүсгүйтэй ярилцлаа. Энэ талаар өнгөрсөн хоногт цахим ертөнцөөр шуугиан тарьж, түүнээс ярилцлага авч өгөхийг олон уншигч маань хүссэн юм. Бид уншигчдынхаа хүсэлтийн дагуу О.Дугармаагаас дараах сонирхолтой ярилцлагыг авсанаа хүргэе.
Ярилцлагаа эхлэхээс өмнө та өөрийгөө уншигчдад товчхон танилцуулаач?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Отгоны Дугармаа гэдэг. Би Монгол Улсын иргэн айл гэрийн эзэгтэй дөрвөн хүүхдийн эх хүн байна.
-Таны талаар цахим ертөнцөөр "Сайн үйлс бүтээсэн мундаг эмэгтэй” –гээс ярилцлага авч өгөөч гэж манай уншигчид хүсэлт тавьсан юм л даа. Үүний дагуу бид тантай уулзаж байгаа юм?
-Баярлалаа. Мундаг ч юу байх вэ. Хүний нутагт өөрийнхөө чадах зүйлээрээ хүмүүст туслаад явдаг. Зарим нэг зүйл дээр бага сага туршлагатай болоод байгаа. /инээв/ Сайн үйлс энэ тэрийг бодсонгүй, хүний газар эрх нь зөрчигдөж хохирогч болоод хаана, хэнд хандахаа мэдэхгүй яваа зарим нэг монголчууд маань тусламж хүсдэг. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр өмгөөлөгч гэхэд хаашаа юм орчуулагч нэрээр учрыг нь олж хужрыг нь тунгааж өгдгийн ачаар олон монголчууддаа тус хүргэж өөрийн талд шийдвэрлүүлж чадсан байдаг. Би чинь хуульч, орчуулагч мэргэжилтэй хүн биш шүү дээ. Сошиал ертөнцөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандахад асуудлыг маш хурдан хуулийн хүрээнд шийддэг юм байна гэсэн мессежийг хүмүүст хүргэхийг хичээсэн юм. Тэр нь бүр сонинд ярилцлага өгөх хэмжээнд хүрчихлээ.
-Сонин санагдаж байна л даа. Жирийн нэг монгол иргэн цахимаар өргөдөл явуулахад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шийдэж өгсөн гэхэд итгэмээргүй санагдаад байна л даа?
-Би бас яг тань шиг бодолтой байсан. Хариу өгөх болов уу яах бол гэж эргэлзэж байсан. Энэ талаар жоохон дурьдая. Нутагт нэгт хоёр иргэн маань 2014 онд оросын холбооны улсад зорчиж байхдаа зам тээврийн осолд орж хүндээр гэмтэж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Уг нь замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэргэслийн жолоочийн 100 хувийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон. Гэтэл хохирол барагдуулах даатгал авах зэрэг зүйлүүдэд дээр хүндрэл учруулсан юм. Ингээд хохирлоо гаргуулах гэтэл замын цагдаагийн хайхрамжгүй байдлаас болж манай хүний даатгалд хамрагдсан бичиг баримт алга болчихсон. Ингээд ямар ч даатгал авах болмжгүй болчихсон юм. Хохирогч маань ч хохирсон дээрээ улам хохирч хоёрын улсын хооронд олон удаа ирж очиж зардал гаргаж байсан. Тэгээд л энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж захидал бичихээр шийдсэн. Яг гурван хоногийн дараа Ерөнхийлөгчийн туслахаас хариу ирж тухайн орон нутгийн холбогдох хүмүүс уучлалт хүсч ажил маш хурдан шийдвэрлэгдэж хохирлоо гаргуулж авсан.
-Ерөнхийлөгчид хандаж бичсэн гомдлын утга юу байсан юм бэ.
-Танай төрийн байгууллагын албан хаагчдын хариуцлаггүй үйлдлээс болж Монгол Улсын иргэн эд хөрөнгө эрүүл мэндээр хохироод байна гэсэн утгатай гомдол бичсэн. Тэгээд л үүний дагуу асуудал хурдан шийдвэрлэгдлээ шүү дээ. Удирдагч гэж хүн ийм л хүн байдаг юм байна гэж бахархах сэтгэл төрсөн.
-Ер нь манай улсын иргэдийн эрх ашиг гадаадын улс оронд аль хэр зөрчигддөг вэ. Эрх нь зөрчигдөөд байгаа иргэндээ, тухайн улс оронд суугаа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд анхаарал хэр хандуулдаг гэж боддог вэ?
-Манай иргэд гадны улс орон руу явахдаа мэдээлэл сайтай явахгүйгээс эрх нь зөрчигдөж хохирогч болоод байдаг. Өөрөөр хэлбэл хаана, хэнд хандахаа мэддэггүй. Аливаа нэг асуудал тохиолдоход тухайн улсадаа суугаа Консулын газартай холбогдож өөрт тохиолдсон асуудлаа хэлж шийдүүлж байх хэрэгтэй. Би чинь угтаа Монгол Улсаас Улан-Удэ хотод суугаа Консулын хийх ёстой ажлыг өмнөөс нь хийчихэж байгаа юм.
-Таныг ОХУ-д олон хүнийг ажлын байраар хангаж амьдралтай нь залгуулдаг гэх юм билээ?
-Монголын сэтгүүлчид ОХУ-ын Ерөнхийлөгчөөс дутахгүй шуурхай юм аа. Яг хоолны чиглэлээр Оросын зах зээлд хувь хүн нэг их хүч үзэж байгаагүй болов уу. Миний хувьд их том шалгуур байсан. Монгол эзэгтэйн гал тогоог хүлээн зөвшөөрүүлэх нь тэр олон өрсөлдөгчдийн дунд хүндхэн байсан. Өнөөдөр эргээд харахад хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх баярт үйл явдлаа тэмдэглэх дуртай хамгийн амттай хоолны газрын нэг болсон нь бас монгол хүний чадамж гэж боддог. Сайн үйлсийн аян зохион байгуулж Монгол хүний сэтгэлийн сайхныг мэдрүүлж Монголоо сурталчилж Монголоороо гоёж явдаг маань хотын иргэдийн талархалыг хүлээдэг юм. Тиймээс л цөөхөн хэдэн монголчууддаа ажил олгож амьдралыг нь залгуулах гэж хичээж явна даа. Өнөөдөр орос улсад амьдарч байгаа нийт монголчууд буюу ганзагын наймаачид улсынхаа эдийн засагт чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс шүү.
-Таныг амьдарч буй хотынхоо дарга нараас олон шагнал авч байсан гэж сонссон. Түүнчлэн хотынхоо хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, нэн ядуу хүүхдүүдийг шинэ жил, хүүхдийн баяраар байнга баярлуулдаг гэсэн?
-Тиймээ 2014 оны шилдэг үйлчилгээтэй байгууллага, сайн үйлсийн эзэн гээд шагнал урамшуулалыг хотын захирагчаас авч байсан. Хамгийн гол нь энэ бүх шагналыг өгөхдөө гадаадын иргэн гэж ялгаа гаргадаггүйд баярлаж явдаг.
-Та ОХУ-д ажиллаж амьдардаг болохоор ганзагын наймаачидын талаар оасуух гэсэн юм. Тухайлбал, тэдэнд олон нийт их ам муутай байдаг. Гэтэл та эсрэгээр нь Монгол Улсын эдийн засагт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс гэлээ. Энэ юу гэсэн үг юм бэ?
-Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. 1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд хэцүү байсан үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн улс оронд эрэлт хэрэгцээтэй бүхий л бараа бүтээгдэхүүнийг санхүүгийн ямар ч тусламжгүйгээр үүргийн наймаачид зөөж Монголынхоо хэрэглээг хангаж байсан. Тухайн үед бүхий л давхаргын хүмүүс ганзагын наймаа хийж явсан үе. Яг үнэндээ ганзагын наймаанаас л энэ том, том бизнесменүүд төрөн гарсан шүү дээ. Ганзагын наймаа өөрөө худалдааны нэгж хэсэг нь байдаг. ОХУ-д үүргийн наймааг өнөөдрийг хүртэл хийж яваа Монгол иргэд маань жижиг дунд үйлдвэрлэл, эрчимтэй хөгжихөд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Сүүлийн 10 жилд ОХУ-ын зах зээлд эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр зөөж борлуулж байна. Стати́стик тоо баримт байхгүй л болохоос биш их тоо гарна шүү. Өнөөдөр ОХУ-д үүргийн наймаа эрхэлдэг Монгол иргэдийн уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд бараа бүтээгдэхүүн Оросын зах зээл дээр Хятадын бараа бүтээгдэхүүнээс илүү өрсөлдөхүйц нэр хүнтдэй болсон. Ийм хүмүүсийг эх оронч биш гэх үү. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр "Нүд сохор бол ухаан сохор” гэдэг эмээгийнхээ сургаалийг хэлмээр санагдаж байна. Бид хаяандаа байгаа дэлхийн сонирхолыг үргэлж татаж байдаг. Энэ том зах зээл рүү бодлогтойгоор орж чадахгүй байгаад харамсдаг.
-Заавал асуух нэг зүйл байна. Таныг 2000-иад оны үед ОХУ-ын Рязань хотод автын осолд ороод байсан нэг эмэгтэйн хэргийг шийдэхэд маш их туслалцаа үзүүлсэн гэж сонссон?
-Тиймээ 2003 онд ОХУ-ын Рязань хотод жирэмсэн монгол эмэгтэй зам тээврийн осолд орсон. Маш хүнд гэмтсэн байсан. Тэр үед би Красноярск хотод амьдарч байсан юм. Ирээд туслаад, өгөөч гэж гуйсан учир нэг сар болох юм байна гэж бодож очсон. Энэ хэрэг хоёр жил болж шийдэгдэж байсан. Хамгийн хэцүү нь худалдагдсан гэрчтэй шүүх хуралд орж ялахад маш хүнд байсан. Уйгагүй явсны хүчинд өөрийн талд шийдүүлж чадсан. Зам тээврийн осол өөрөө нотлох баримт сайтай биш бол хаашаа ч эргүүлж болохоор хэцүү байдаг юм байна лээ. Таны асууж байгаачлан өөр орны хуульчдын хэмжээнд хүрэх потенициал гэж юу байх вэ дээ. Би дээр хэлсэн би гэдэг хүн чинь хуулийн мэргэжилгүй хүн шүү дээ гэж. Тухайн улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаа ёс зүйтэй хуулиа мөрдөн ажилладаг учраас л хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдсэн гэж бодддог. Түүнчлэн тус хотын мөрдөн байцаах газрын дарга нь намайг ажлын байраар хангаж өгч байсан шүү дээ.
-Нэг үлгэр домог шиг яриа байдаг юм байна лээ. Таныг 200 гаруй хүнийг Москвагаас монгол руу явуулахын тулд ОХУ-ын төмөр замын сайдтай холбогдож нэг ч зоос өгөхгүйгээр нутаг буцаасан гэдэг юм билээ?
-/Инээв/. Ийм учиртай юмаа. 2004 оны тавдугаар сар шиг санагдаж байна. Тухайн үед ОХУ-ын галт тэрэгний буудлуудад тэсрэх бөмбөг тавьсан гэж бөөн юм болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайлбал, тухайн он жилд Москвагийн Ярославский вокзалаас Москва- Улаанбаатарын чиглэлд явдаг Нарлаг монголын тавдугаар галт тэрэг явдаг байсан юм. Гэтэл бидний суух ёстой байсан галт тэрэгний буудал дээр бөмбөг тавьсан хэмээн цагдаагийнхан хамгаалалт авч вагонууд зорчигчгүйгээр хоосон явсан. Ингээд монгол буцах ёстой байсан тэр олон монголчууд дор бүрнээ үймж шуугин яахаа мэдэхээ больсон. Аргаа бараад монголчууд нийлж автобус хөлслөж дараагийн буудал болох Ярославль хотын вокзал дээр амжиж очоод галт тэргэндээ сууна гэж тооцоолсон боловч бас л цагдаа нар хамгаалт авч нэг ч хүнийг дотогш нь оруулахгүйгээр хаалганы цаана зогсоож бас л сууж чадалгүй үлдэцгээсэн. Тэр үеийн дүр зураг үнэхээр аймшигтай санагдаж байна. Ингээд бид ямар ч байсан вокзалын даргатай уулзаж асуудлаа ярьцгаая гээд уулзаж байсан. Гэтэл вокзалын дарга эмэгтэй миний тавьсан асуудлыг маш сайхнаар хүлээн авч шууд л Төмөр замын сайдтайгаа холбогдсон. Ингээд намайг өглөө найман цагт миний өрөөнд ороод ирээрэй гэж хэлсэн. Өглөө уулзах гээд ороход 10 гаруй хүн ирчихсэн хуралдаж байсан. Тэгээд надаар болсон бүх үйл явдлыг яриулаад гурван вагон гаргаж Улан-Удэ хот хүртэл явуулж өгөх шйидвэрийг гаргаж байсан юм. Түүнчлэн тэд бидэнд замд идэх хүнсний бүтээгдэхүүнийг хүртэл өгөөд зогсохгүй Зам тээврийн яамны орлогч сайд нь тушаал гаргахдаа "Энэ хүмүүсийг монгол хүртэл ямар ч саадгүй үнэ төлбөргүй үйлчилж туслалцаа үзүүл” гэсэн байсан. Ийм л зүйл болсон юм даа. Эргээд бодоход нээрээ л таны хэлдэг шиг үлгэр домог шиг санагдаж байна.
-Ер нь Монголын төрийн албан хаагчдыг хүнд сурталтай гэж ярьцгаадаг. Таны амьдарч буй газар орны алба хаагчид манайхаас юугаараа ялгаатай вэ?
-Энэ их хэцүү асуулт байна. Би ер нь их шүүмжлэгч юм шиг байгаа юм. Гэхдээ засаж сайжруулчих юмсан гэж бодож шүүмжилдэг. Амьдарч буй улс орныхоо хүмүүсийн хэл ярианы соёл, харилцааны соёл, амжиргааны түвшин, амьдралын хэв маяг ухамсарыг өөрийн орныхтойгоо жишиж л суудаг. Бид чинь гадагшаа их гоёдог хэлбэр хөөсөн хүмүүс юм билээ. Өөрөөр хэлбэл, хүн байхын, амьдрахын чанд утгыг огоорддогүй. Тиймээс л би өнөөгийн нөхцөлд аль болох төрийн албаар үйлчлүүлэхгүй байх сонголтыг хийдэг. Надад төвөгтэй санагддаг юм.
- Монголдоо хэзээ ирж төвхнөх бодолтой байна?
-Гэртээ байгаа хүн хамгийн аз жаргалтай байдаг. Монголдоо ирж амьдрахыг хүсддэгүй монгол хүн гэж байдаггүй байлгүй дээ. Хоёр хүү маань ОХУ-д сурдаг. Эднийгээ төгсөхөөр нутагтаа ирнэ гэж бодож байгаа. Миний гол зорилго төрүүлсэн үр хүүхддээ эзэн байж боловсролтой, ухамсартай хариуцлагтай иргэн болгож хүмүүжүүлэх иргэнийхээ, ээжийнхээ үүргийг гүйцэтгэвэл эх орондоо оруулж байгаа миний том хувь нэмэр гэж боддог.
-О.Дугармаа гэдэг хүний алсын бодлыг сонирхвол?
-Бодож явдаг нэг бодол бий. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд л явж байгаа. Монгол эрэгтэй хүний асуудал Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн санагдаад байдаг. Гэр бүлийн хэмжээнд ч төрийн бодлогын хэмжээнд бид эрэгтэйчүүдээ орхигдуулсан бодлогтой явсаар ирсэн. Өнөөдөр эрэгтэй хүнээ хамгаалж, чадваржуулж хөдөлмөр эрхлэхэд нь анхаарахгүй бол бид хэчнээн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах бодлого явуулаад ч нэмэргүй. Байгалиасаа уялдаа холбоотой зүй тогтолыг ангид авч үзээд засаж сайжруулах боломжгүй. Энэ чиглэлээр монголдоо ирж амьдрахаараа үйл ажиллагаа явуулна гэж боддог. Ер нь олон эрэгтэй хүүхэд өсгөсөн ээж нар, амьдралыг их өөр өнцгөөс харж бэрхшээлийг даван туулах чадвар илүү байдаг юм шигээ.
Р.Саруул