“Өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүүхдүүдийн байрыг дээрэмдэхээсээ ич"

680

Хувьчлал нэрийдлээр Хүүхдийн урлан бүтээх төвийг үгүй хийх алхмыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар хэрэгжүүлэхээр болсон. Гэвч олон мянган хүүхдийн авъяас, чадварыг хөгжүүлж, ирээдүйн боловсролыг дэмжсэн сургалтыг зогсоохгүй байхыг эцэг эхчүүд болон багш, ажилчид нь тэмцэж эхлээд байгаа. Манай Newscom.mn мэдээллийн сайт анхнаасаа хүүхдийн төлөө нэгдэж, энэ төвийг хувьчлахын эсрэг зогсож байгаа билээ.  Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьчлалыг УИХ-ын гишүүдийн төлөөлөл ч дэмжихгүй байна. Тэдний байр суурийг хүргэе.

Хүүхдүүдийн байгууллагыг булаан авахыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Бид хангалттай хувьчлал хийсэн гэж бодож байгаа. Ялангуяа хүүхдүүдийн байгууллагыг булаан авахыг дэмжихгүй.  Паркаас авхуулаад буцаагаад авчихсан. Урлан бүтээх төвийн хувьчлалыг дэмжихгүй. Ер нь барилгуудыг хувьчлахдаа тодорхой хэмжээгээр үндэснийхээ эрх ашгийг бодсон зүйл хийх хэрэгтэй. МИАТ, Үнэт цаасны зах зээлийн хувьчлахын эсрэг зогсоно. Хамгийн сүүлд үлдсэн байгаа, улс орны үндэсний эрх ашигтай холбогдолтой хүүхэд, багачуудын хөгжилтэй холбоотой барилга, эмнэлгийн байгууллага руу чиглэсэн хувьчлалыг дэмжихгүй. Хүүхдийн хэдэн байшин, эмнэлэг үлдсэн байгаа. Энэ бүгдийг авна гэж байгаа бол бид санал нийлэхгүй. Жижиг, зах зээлгүй оронд хувьчлалыг хэтэрхий туйлшруулбал ноцтойгоор эргэдэг. Харин бүх зүйлээ хувьчилж, Эрүүгийн хуулиа хялбарчилж байгаа үед гадныхан өмч хөрөнгийг худалдаж авах луйвар, технологи Монголд өнөөдөр бэлэн болчихлоо. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол хамаг үнэ, цэнэтэй зүйлийг авчихсан цагт яачиж чадахгүй үлдэнэ. Үнэ, цэнэтэй зүйлээ худалдах, хувьчлах гэдэг бол сайн зүйл биш. Хувь хүнд очино гэдэг дараад нь хэнд ч очиж мэднэ гэсэн үг.

Төрийн өмчлөлд нүдээ битгий хорсгооч

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүүхдүүдийн байрыг дээрэмдэж байгаад монголчууд бид бусдын өмнө ичмээр. Хоёрдугаарт, төр менежмент хийж болохгүй гэж зөндөө ярьдаг. Гэхдээ цаад утгаараа өмчгүй байх ёстой гэсэн үг биш. Өнөөдөр хөгжсөн орнуудын ихэнх нь төрийн өмчөөрөө хүчтэй байгаа. Норвегийн Оюутолгой 100 хувь төрийн өмчит. Муу хэлүүлээд байгаа "Эрдэнэт” үйлдвэр 25 жил бидний цалин хөлсийг тавьж, нуруу нь арай ч хугарчихгүй шиг явж байна. Хэрвээ хувьд байсан бол бид маш хүнд байх байсан. Энэ мэтчилэн газар болон төрийн өмчлөлийн асуудалд нүдээ битгий хорсгооч гэж өөрийгөө өмчлөлтэй болгох гэсэн бүлэглэлийн гишүүд, улстөрчдөд учирлан хэлмээр байна.

С.БАЯСГАЛАН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

680 сэтгэгдэл