Хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11
ДЭЛХИЙН түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсоноос хойш 14 дэх жил өнгөрч байна. Одоогоос арван дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр Нью-Йорк болон Вашингтон хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт халдлага болсон билээ. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Пентогон, Шенксвилл террористуудын халдлагад өртөж, 2000 гаруй хүн нэг өдөр харамсалтайгаар амиа алджээ.
Энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа юм.
Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага "Аль Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, "Америкийн номер нэг дайсан” гэж зарлажээ.
Америкийн цэргүүд Ойрхи Дорнодод нэвтэрч, хөнөөлт дайснаа устгахаар тэмцэж эхлэв. 2011 онд америкчууд гол дайснаа устгажээ. Бин Ладеныг Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд нь буудаж хөнөөсөн байна.
Уг террорист халдлагын ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Тус хорооноос хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн юм байна. Өвчтөнүүдийн ихэнх нь уушгины хорт хавдраар өвчилсөн бөгөөд тэдний дунд хүүхдүүд ч байгаа аж. Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү террорист халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд зориулан Эрүүл мэнд болоод даатгалын нөхөн олговрын актыг баталсан нь олон нийтийн талархлыг ихээхэн хүртсэн билээ.