9 сарын 11-ний халдлагын бэлгэ тэмдэг болсон “тоост хатагтай”
Хүзүүндээ сувд зүүн, ажил хэрэгч хувцасласан боловч толгойноосоо хөл хүртлээ битүү тоосонд дарагдсан бүсгүйн гэрэл зургийг та санаж байна уу? 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн цамхагийн үүдэнд авсан энэхүү гэрэл зураг дэлхий дахиныг донсолгосон аймшигт халдлагын хөдөлшгүй баримт болон үлджээ.
"Тоосонд даруулсан хатагтай” нэрээрээ хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн эмэгтэйг Мэрси Бордерс гэдэг байжээ. Хатагтай Бордерс АНУ-д гарсан хамгийн аймшигтай террорист халдлагаас амьд үлдэж чадсан юм.
Харамсалтай нь, тэрээр өнгөрсөн оноос хойш ходоодны хорт хавдартайгаа тэмцэж байгаад өнгөрсөн наймдугаар сард хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Бордерс нас барах үедээ ердөө 42 настай байсан гэж охин нь CNN агентлагт ярьжээ.
Алан хядагчид онгоц хулгайлж, Дэлхийн худалдааны төвийн хойд цамхагийг мөргөх үед Бордерс "Bank of America”-д хуулчийн туслах ажилтнаар ажиллаж байжээ. Чөлөөт гэрэл зурагчин Стэн Хондо цамхаг нурах үеэр Бордерсийн зугтаж байгаа дүрсийг буулгаж амжсан юм. Эмгэнэлт үйл явдлын дараа хатагтай Бордерс сэтгэл санааны хямралд орж, хар тамхинд донтож байсан тухай "Жерси Журнал” сэтгүүл мэдээлж байсан юм.
Тэрээр 2011 онд эрүүл гэж оношлогдон, ажилдаа буцаж орсон боловч удалгүй хорт хавдартай болсон нь тогтоогджээ. Террорист халдлагын улмаас хорт хавдартай болсон гэдэгт хатагтай Бордерс итгэлтэй байсан гэнэ. 2015 оны тавдугаар сарын байдлаар, 2011 оны есдүгээр сарын 11-нд анхны тусламж үзүүлсэн гал сөнөөгч, цагдаа, тусламжийн ажилтнуудын 3700 нь хорт хавдартай гэж оношлогджээ.
А.Дэлгэрмаа
www.eagle.mn