"Засгийн газар огцорсон ч төрийн ажил цалгардах ёсгүй"
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн төсвийн хэлэлцүүлгүүд хэр үр дүнтэй өрнөж байна гэж та дүгнэж байна?
-Энэ жилээс төсвийн эрх зүйн орчны хувьд томоохон өөрчлөлт орсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гарсан гол өөрчлөлт нь УИХ-ын чуулган аравдугаар сарын 01-нээс эхлэн төсвийн төслийг хэлэлцдэг байсныг есдүгээр сарын 15-наас эхэлж 5 үе шаттайгаар хэлэлцдэг болсон явдал. Энэ өөрчлөлтөөр төсвийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг буюу танилцуулах хэлэлцүүлэг гэсэн хэлэлцүүлгийг нэмсэн нь төсвийн хэлэлцүүлгийг олон талаас нь шүүн тунгаах, илүү нухацтай хэлэлцэх боломжийг нэмсэн өөрчлөлт болсон. Үүний дагуу УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-наас эхэлж Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл, түүнд Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй танилцаж танилцах хэлэлцүүлэг эхэлсэн.
Энэ шинэ үе шатанд УИХ-ын гишүүд болон бусад талууд төсвийн төсөлтэй танилцах боломжийг гаргаж өгсөн нь төсвийн хэлэлцүүлэгт эергээр нөлөөлөх боломжтой гэж харж байна. Мөн Бүх байнгын хороод Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг тусгайлан хэлэлцэж санал дүгнэлт гаргадаг болсон бас нэг дэвшил гарсан.Энэ хууль эрх зүйн орчны шинэ өөрчлөлтийн хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлгүүд удаашралтай ч явагдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусч гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн тул энэ долоо хоногоос гурав дахь хэлэлцүүлэх эхэлнэ гэж харж байна. Төсөв, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл хамт явж байгаа тул байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэж дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлгийн нэгдэх хэлэлцүүлгийн дараа тодорхой чиглэлүүдээр хийсэн нь төсвийн хэлэлцүүлэгт эерэг нөлөөлөх нэг нөхцөл болсон. Гэх мэтчилэн төсвийн хэлэлцүүлгүүд хуулийн дагуу явагдсаар байна. Харин үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал нь төсвийн хэлэлцүүлгийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна гэж харж байна.
ТӨСӨВ БУЦААХ ТУХАЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОНТОЙ ХОЛБОН ХӨНДӨХ НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ БУС
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын дарга нар суудлаасаа буулаа. Энэ үйл явц төсвийн төслийн хэлэлцүүлэгт ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэх үү. Төсөв эзэнгүйдчихэж байна уу?
-Сүүлээс нь хариулъя. Би хувьдаа Монгол төр эзэнгүйдэх тухай ойлголт байх ёсгүй гэж үздэг. Таны асуултад төрийн тухай асуудал байгаа юм. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал нь төсөв хэлэлцэх үйл явцад ихээхэн нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал эргэлзээтэй байгаа нь үнэн. Бид нэг өдөр төрийн гурван өндөр гол албан тушаалтныхаа хоёрыг нь огцруулчихлаа. Гэсэн хэдий ч ингэлээ гээд төрийн ажил цалгардах, эзэнгүйдэх тухай ойлголт байж болохгүй. Тийм байдлаар бид хууль эрх зүйн орчинд зохицуулалтаа хийж чадсан байх ёстой. Та бүхэн харж байгаа бол Ерөнхий сайд огцорсон ч Ерөнхий сайд болон түүний танхимын сайд нар үүрэг гүйцэтгэгчээр дараагийн Засгийн тэргүүн томилогдож засаг бүрэлдэх хүртэл ажиллана.
Энэ танхим энэ төсвийг өргөн барьсан тул төсвийн хэлэлцүүлэгт Засгийн газартай холбоотой саад үүснэ гэж бодохгүй байна.УИХ-ын үйл ажиллагаа ч чуулган, байнгын хорооны түвшинд хэвийн явагдах боломж байгаа гэж бодож байна. Тиймээс би хувьдаа төсөв эзэнгүйдээгүй, тийм зүйл байж болохгүй гэж хэлнэ.
Зарим талууд төсөв эзэнгүйдсэн тул хэлэлцэх боломж хязгаарлагдаж байна, улс төрийн нөхцөл байдлаас болоод төсвийн хэлэлцүүлэг удааширч байна гэж байгаа боловч энэ нь бодитой үндэслэлтэй зүйл биш юм. Засгийн газар хуулийн хугацаандаа төсвийг өргөн барьсан. УИХ үүнийг мөн хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах ёстой л гэж харж байгаа.Төсөв нь төсвийн тухай, төсвийн тогтвортой байдлын тухай гэх мэт төсвийн хууль эрх зүйн орчноос гадна УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагддаг, тусгай дэгээр хэлэлцэн баталдаг улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй томоохон бодлогын асуудал. Тиймээс энэхүү бодлогыг ямар нэгэн шалтгаанаар хөнгөн хуумгай хэлэлцэх, хойшлуулах асуудал байж болохгүй.
-Засгийн газрын тэргүүнийг огцруулах шийдвэр гарсан учраас Засгийн газраас төсвийн төслөө дахин шинээр оруулж ирэх нөхцөл байдал үүсэх үү?
-Үгүй гэж бодож байна. Нэгдүгээрт, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдал, залгамж чанар гэж байх ёстой тухай дээр дурдсан. Тиймээс Засгийн газар огцорсон гээд төсөв буцаах тухай асуудлыг Засгийн газар огцорсонтой холбон хөндөх нь үндэслэлтэй бус. Бас хууль эрх зүйн орчинд ч ийм зохицуулалт байхгүй хэмээн ойлгож байна. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэг болж санал хураалт болсноор гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 5 буюу төсвийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хурааж дэмжсэн гэсэн үг юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн хэмээн үзсэн гэсэн үг. Тодруулбал хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх явцад энэ талаар байнгын хороод хэлэлцэж дүгнэлтээ гаргаж бэлтгэсэн гэж ойлгож болох юм.
Тиймээс Засгийн газрын зүгээс есдүгээр сарын 01-нд өргөн барьсан төслийн үргэлжлүүлэн хэлэлцэж III хэлэлцүүлгийн үед шаардлагатай өөрчлөлт байгаа гэж үзвэл хуулийн хүрээнд түүнийгээ хэрэгжүүлээд батлахад асуудал байхгүй болов уу гэж бодож байна.
ТӨСВИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА ОРУУЛЖ ИРСЭН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ТҮВШИНД Л ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ
-Таны хэлсэнчлэн цаашид төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үе шат маш чухал. Гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж төсвийн зарцуулалтад өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байна. Тэгэхээр төсвийн бүтцэд түлхүү ямар өөрчлөлтүүд хийгдэх дүр зурагтай байна вэ?
-Төсөв нь Монгол Улсын эдийн засгийн томоохон бодлого төдийгүй, хууль эрх зүйн хүрээнд олон зохицуулалт хязгаарлалттай. Тэр хүрээндээ нийцтэй байна гээд УИХ төсвийн төслийг хүлээгээд авчихлаа. Тиймээс III хэлэлцүүлгийн хүрээнд өөрчлөлт гарч болох ч бодлогын хүрээнд том өөрчлөлт гарахгүй болов уу. Энэ нь өнөөдөр Засгийн газраас оруулж ирсэн тооны хүрээнд буюу орлого, зарлагын түвшинд л хязгаарлагдсан өөрчлөлтүүдийг оруулах боломжтой гэсэн үг юм. Гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд III хэлэлцүүлгийн үед зарчмын зөрүүтэй санал гаргах эрхтэй. Дэгийн тухай хуулиар байнгын хороод болгон эдгээр саналыг нэгтгэн эрэмбэлт төсвийн байнгын хороонд хүргүүлэх ёстой. Мөн Дэгийн тухай хуулиар тухайн саналууд нь тодорхой шалгуурыг хангасан байхаар заасан байдаг. Үүнээс гадна төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас мөн дэмжсэн.
Тиймээс өөрчлөлт оруулж болно. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан орлого 31.6 их наяд, зарлага 32.98 их наяд, алдагдал 1.3 их наяд гэсэн тоонуудад хязгаарлагдах байх гэж бодож байна.
Нөхцөл байдлаас ажиглахад багш, эмч нарын цалин хөлс, тэтгэвэртэй холбоотой өөрчлөлт дээр талууд томоохон ач холбогдол өгч үүнтэй холбоотой төсвийн төсөлд өөрчлөлт оруулах магадлал өндөр байна гэж бодож байна.
-Төсвийн төслийн алдагдлыг бууруулах ёстой гэж зарим гишүүд үзэж байгаагаа хэлсэн. Гэтэл нөгөө талд эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж төв талбайд жагсаж байна. Тэдний шаардлагыг биелүүлэхэд 830 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Төсвийн нөөц бололцоо юу байна гэж харж байна вэ?
-Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд томоохон өөрчлөлт гарахгүй болов уу гэж бодож байна. Улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдалд Засгийн газар бодлогын хувьд харьцангуй боломжийн төсөв өргөн барьсан гэж би хувьдаа боддог.
Үүний шалтгаан нь одоо үүрэг гүйцэтгэгч болчхоод байгаа Засгийн газар нь хөөсөрсөн орлого төлөвлөөгүй, гэнэтийн бэлэг шахуу гоёмсог нэртэй төслүүд санаачлаагүй, хамгийн гол нь өмнөх жилтэй харьцуулахад үе шаттайгаар төсвийн зарлага, төрийн оролцоог бууруулах ажлыг 2025 оны төсвийн тодотгол, 2026 оны төсвийн төслийн хувьд хийсэн.
Бид 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа 2026 оны төсвийн орлогыг 37.3 их наяд, тэнцвэржүүлсэн орлогыг 35.3 их наяд, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.0 их наяд орчмоор баталж байсан. Үүний араас олон талын оролцоо, Ерөнхийлөгчийн хориг зэргээс шалтгаалж бууруулж байсан. Энэ тоо өнөөдөр дээр дурдсан 32.9 их наядын зарлага, 31.6 их наядын орлого, 1.3 их наядын зарлагатай орж ирсэн. Гэтэл дээрх өндөр тоог батлахыг дэмжиж байсан зарим талууд алдагдлыг бууруулах тухай ярьж байгаа нь эргэлзээтэй бөгөөд үндэслэл муутай санагдаж байгаа юм. Алдагдалгүй төсөв батлах үзэл санааг хэрэгжүүлж амжилгүй ухарч байгаад би ч хувьдаа ихээхэн харамсалтай байгаа. Төсөв үр ашигтай байх, эсвэл алдагдаагүй байх ёстой гэсэн бодол надад ч бий. Гэхдээ энэ нь төсвийн бодлого ихээхэн замбараагүй явж байсан төсөв дээр эдийн засгийн хүндрэл нөлөөлөхөөр боломж хязгаарлагдмал болж байна. Цалин тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай 830 тэрбум төгрөгийн хувьд Засгийн газрын тодорхой сайдууд мэдээлэл хийж боломжийг судалж байгаа, урсгал зардлыг хасах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж хэлж байгааг сонссон. Ер нь өнөөгийн оруулж ирсэн төсвийн зарлагын түвшинд л өөрчлөлт хийх боломж байгаа гэж бодож байна. Зарлагыг тэлэх сонголт нь эрх зүй, эдийн засгийн олон хязгаарлалттай тулгарахаар байна.
БАГШ, ЭМЧ НАР, АХМАДУУДЫН ЦАЛИН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ДЭМЖИЖ БОЛОХ Ч НӨГӨӨ Л ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ ДАХИН ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЁСТОЙ
-Төрийн албан хаагчдын цалин болоод ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилчид болоод ажил олгогчдод хүнд тусдаг. Багш, эмч нар, ахмадын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал инфляцыг хэрхэн удирдах ёстой вэ?
-Бидний нэг гол асуудал нь бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхойгүйгээр цалин, тэтгэвэр гэх мэт ойлголтыг хуульчлан нэмж байгаа явдал юм. 2022-2024 оны төсвийн хооронд урсгал зардлыг хэт их нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр гарч байна гэж боддог. Ялангуяа 2024 оны төсвийн хүрээнд урсгал зардал түүн дотор цалин хөлсийг ихээхэн нэмэгдүүлсэн. Үүний нөгөө талд бүтээмж өсөхгүй байгаа нь гол асуудал. Таны хэлээд байгаа хувийн хэвшилд хүнд тусдаг гэдэг нь үүнтэй холбоотой. Эдийн засгийн бүтээмж, үр ашиг нэмэгдэхгүй байхад төр нь цалингаа нэмдэг, түүнийг дагаад хувийн хэвшил аргагүйн эрхэнд ажилчдынхаа цалинг нэмэхэд хүрдэг.
Тэр нь хамтдаа инфляц бий болгодог. Ингэснээр нэмсэн цалин, тэтгэвэр нь үр дүнгүй болдог. Хэсэг хугацааны дараа дахин нэмэхэд хүрдэг. Ийм л чөтгөрийн тойрогт бид олон жил байлаа.
Эмч, багш нар цалингаа нэмэхийг шаардаж, настнууд тэтгэврээ нэмүүлэхийн төлөө байгааг бол дэмжиж байгаа. Учир нь өнөөдөр Монгол Улсын иргэд XXI зуунд үнэхээр дорой амьдарч байна. Үүнийг тодотгож байгаа нь энэ XVII-XVIII зуун биш шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө үед нийт иргэдийн 1/3 ядуу байна гэдэг нь үнэхээр харамсмаар үзүүлэлт тул хэлж байгаа юм. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд өрсөлдөх чадвар, авлига гээд олон үзүүлэлт биднийг хаана явааг хангалттай тодорхойлоод өгч байна. Тиймээс багш, эмч нар, ахмадуудын цалин тэтгэврийн нэмэгдлийг дэмжиж болох ч нөгөө л чөтгөрийн тойрог дахин үүсэхээс сэргийлэх ёстой. Тиймээс эдийн засагт зохиомол мөнгө, өр нэмэхгүй хувилбарыг л эрэлхийлэх ёстой гэж бодож байна.
Инфляцийг удирдах гол арга зам нь эдийн засгаа хөгжүүлэх, эсвэл эдийн засагт илүү мөнгө оруулахгүй байх. Бид аль алийг нь хийж чадахгүй байна.
Учир нь бидний зүгээс эдийн засгийн бодитойгоор хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Чадахгүй байгаа учраас иргэд ядуурч тэрийг нь засах арга нь мөнгийг эдийн засагт оруулах болчхоод байгаа нь инфляцыг удирдах боломжийг үгүйсгэж байгаа юм. Тиймээс бид инфляцын гол буруутныг зөв олж харж тэр чиглэлд дорвитой арга хэмжээ авах ёстой.
-Засгийн газрын тогтворгүй байдал улсын эдийн засгийн гадаад, дотоод орчинд ямар нөлөө үзүүлэх вэ. Монгол Улсын Засгийн газар 1.5 жилийн настай гэх шүүмжлэлд өртдөг байсан цаг саяхан. Гэтэл одоо 100 гаруйхан хоног болсон Засгийн газраа огцруулдаг боллоо шүү дээ?
-Засгийн газар ийм богино настай байсан жишээ бидэнд өмнө нь байсан санагдаж байна. Гэхдээ аль тохиолдолд энэ нь сайн зүйл биш. Энэ нь бидний хувьд улс төр нь тогтворжоогүй,тиймээс бид төрөө засч чадахгүй, улс орноо удирдаж чадахгүй байгаа гэсэн ийм л зүйлийг илтгэж байгаа хэрэг. Үүнтэй холбоотой нөхцөл байдал нь өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгт нөлөөлж байгаа хэрэг гэж би хувьдаа бодож байна. Энэ болон бусад талыг засч сайжруулах гол арга зам нь зөв бодлого, түүнийг хэрэгжүүлэх сайн хууль эрх зүйн орчин, хуулийг дээдлэх явдал юм.
-Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалт татах асуудал нэн чухал байгаа гэдгийг үе үеийн УИХ,Засгийн газрын гишүүд хэлсээр ирсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт бодитоор нэмэгдэхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?
-Гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын шинэ хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нийлдэг. Энэ нь бидний буюу Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн 2023-2024 онд хийсэн судалгаагаар батлагддаг. Эдийн засгийн хувьд ихээхэн нөлөөтэй бөгөөд талууд тэрийг нь ойлгож байдаг гэсэн үр дүн гарсан байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид ч биднийг ихээхэн сонирхож байсан үе байдаг төдийгүй одоо ч тодорхой хэмжээнд харсаар байгаа болов уу. Гэхдээ ихээхэн буурсан байх. Үүний гол шалтгаан нь бидэнд тогтвортой бодлого, хэрэгжилт байхгүй. Эрсдэл ихээхэн өндөртэй явдал. 20-иод жилийн өмнө тохиролцсон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа одоо хүртэл бүрэн ойлголцолд хүрч чадаагүй л байна. Тэр тусмаа дотоодын хөрөнгө оруулагч, бизнемэнүүдээ харлуулдаг, тэднээсээ хөрөнгийг нь булаагаад авчихдаг, авах тухай байнга сурталчилдаг тодорхой хэсэг бүлэгтэй. Ийм улсад хөрөнгө оруулах хэцүү гэж би бодож байна. Тиймээс бид нэгдүгээрт, засаглалаа сайжруулах талаар бодох ёстой. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт гэлтгүй бүх асуудалд эергээр нөлөөлөх боломжтой юм. Үүний дараа бодлого, эрх зүйн орчноо сайжруулж гаднын хөрөнгө оруулагчдыг урих нь зүйтэй болов уу. Тэрээс нэг талдаа "Монголд тавтай морил” гээд л нөгөө талдаа хураана, төрд авна гээд байвал хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй.
-Төв банкнаас төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төв банк "уян хатан ханшийн бодлого” олон жил хэрэгжүүлж байгаа. Төв банкны бодлого зах зээлийн хүлээлтийг удирдаж, валютын нөөцөө бэхжүүлж чадахаар байна уу?
-Валютын ханш нь эдийн засгийн хувьд ихээхэн эмзэг асуудал. Олон талууд хүлээлттэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс баримтлах бодлогын талаар өөрийн байр суурийг илэрхийлье. Тэд ойрын үед холимог буюу төв банк валютын захад байнга оролцдог ханшийг хөдлөх дэглэмээ барих юм байна гэж ойлгож байгаа. Энэ нь валютын ханш дээр хэт огцом хөдөлгөөн гарахаас сэргийлж явах юм байна гэсэн хүлээлтийг бий болгож байгаа гэдгийг хэлье. Монголбанкны зүгээс хүлээлтийг удирдах тал дээр өөрсдийн бодлого, мэдээллээрээ дамжуулж сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Харин хөндлөнгийн, албан бус мэдээллийн хувьд тэдний энэ ажилд сөргөөр нөлөөлөх хандлага их байдаг. Жишээ нь: Валютын нөөц хасах боллоо гэх мэт эдийн засгийн хувьд огт байхгүй зүйл, хэллэг ашиглаж нийтэд худал мэдээлэл түгээх нь ихээхэн хортой зүйл байх жишээтэй. Би асуултын эхэнд хэлсэн. Өөрөө эмзэг зүйл дээр хамаагүй тооцоо судалгаагүй ярих нь сайн зүйл биш. Нөөцийг нэмэгдүүлэхийг хувьд Монголбанкны хувьд алт худалдан авах талд ажиллаж нэмэгдүүлэх шууд боломж байдаг. Харин бусад валютын урсгалын хувьд эдийн засгийн нөхцөл байдал, эрдсийн бүтээгдэхүүн, санхүүгийн данстай холбоотой асуудал юм.
-Эцэст нь энэ оны макро эдийн засгийн төлөвлөлтүүдийн гүйцэтгэл ямар гарах прогнозтой байна вэ. Нүүрсээ төлөвлөсөн хэмжээндээ хүргэж экспортолж чадах уу. Мөн төсвийн гүйцэтгэл ямар байх бол?
-Эдийн засгийн III улирлын гүйцэтгэл хараахан зарлагдаагүй байна. Оны эхний хагаст 5.6 хувийн өсөлттэй түүний дийлэнх нь буюу 5.6 хувь нь ХАА-н салбар түүн дундаа мал аж ахуйн салбараас хамаарсан байсан. Энэ нөлөөлөл оны төгсгөл рүү саарах бөгөөд орлох нөлөөлөл ХАА-н салбарын хувьд байхгүй гэж үзэж байна. Учир нь бид газар тариалангийн салбарын хувьд өсөлт хүлээх боломж багатай байна. Иймд эдийн засгийн өсөлт нь оны төгсгөл рүү саарах магадлал өндөр болж байна. Төсвийн төсөлд Засгийн газрын таамаглал энэ жил эдийн засаг 5.5 хувь өсч 90.0 их наяд орчим болно гэсэн хүлээлттэй байгаагаа тусгасан. Өнөөдөр нүүсний экспортын хувьд 60 гаруй сая тонныг экспортолсон бөгөөд бидний зорилго 83 сая тонн юм. Оны төгсгөл рүү энэ тоонд дөхөх боломжтой боловч үнээс шалтгаалж нүүрснээс орох орлого, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нөлөөлөл буурна.
Тиймээс 5.5 гэсэн зорилтоос эдийн засгийн өсөлт бага гарах, тийм тохиолдолд эдийн төсвийн орлого тасалдах, алдагдал нэмэгдэх эрсдэл тодорхой хэмжээнд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.