Л.Сөрөлт: Хошин урлагийг орхиж, зөвхөн дуу дуулж туйлшрахгүй

682
C7c5c9 c9a31954909e384original x800

"Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт сүүлийн үед дууны урлагт хүчээ сорьж,  дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтарсан "Хайрын тэнгэр диваажин” хэмээх тоглолтоо өнөөдөр Монгол Бөхийн өргөөний тайзнаа хийх гэж байгаа билээ. Тиймээс "Монголын мэдээ” сониныхоо зочны хойморт жүжигчин Л.Сөрөлтийг урьж ярилцлаа. 

-Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нарын хамтарсан анхны "Хайрын тэнгэр диваажин” тоглолт маргааш /өнөөдөр/  бөхийн өргөөний тайзнаа болох гэж байна. Тоглолтын талаар ярилцлагаа эхэлье. Үзэгчиддээ бэлдсэн  гэнэтийн бэлэг байвал сонирхуулаач?

-Тоглолтод А.Түмэн-Өлзий бид хоёр өөрсдийн 17 орчим уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр  төлөвлөсөн. Мөн тоглолтод урилгаар оролцож буй хамтлаг, уран бүтээлчид өөр өөрсдийн гэсэн  уран бүтээлээсээ сонирхуулна.

Ерөнхийдөө 25 гаруй уран бүтээлийг ирсэн үзэгчиддээ үзүүлэхээр бэлдээд байна. Үргэлжлэх хугацааны хувьд хоёр цаг 30 минут байх болов уу гэж тооцож байгаа. 

Хошин урлагийн "Шинэ үе" продакшн хошин шогийн үзүүлбэрээ үзүүлнэ, дуучин Э.Төрмандах, П.Баярцэнгэл, О.Гансувд нар дуулна.  "Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээсээ толилуулна. Тоглолтынхоо нэг сюрпризийг задлахад, бид хоёр өөрсдийгөө A copy хийсэн байгаа. Ер нь яагаад Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий хоёрын A Copy байж болохгүй гэж.

Хүүхэлдэй маягаар хийсэн байна билээ. А.Түмэн-Өлзий маань одоохондоо өөрийгөө харж амжаагүй байгаа. Их адилхан болсон байсан. Үс нь жаахан муухай болсон байсныг эс тооцвол. Тиймээс тоглолтод ирсэн үзэгчдэд бидний A Copy гэнэтийн бэлэг  барих болно. Тэд манай тоглолтын шоу чиглэлийг хариуцаж байгаа юм. 

-Одоо та хоёрын хувьд урын сандаа хичнээн дуутай болсон бэ?

-Бидний гурван уран бүтээлийн клип бэлэн болсон. Нэг дуугаа удахгүй дүрсжлүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа хамтарч олон уран бүтээлийг ар араас нь туурвиж, сонсогчиддоо хүргэх болно. 

-Хамтын уран бүтээлээс гадна өөрсдийн бие даасан бүтээлээсээ дуулах уу?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд гэхэд долоо найман уран бүтээл байна. Алийг нь хасах вэ гээд ярилцаад л сууж байна. Аль түүхий байгаагаа хасахгүй бол тоглолтын үргэлжлэх хугацаа хэтэрхий урт болчихно.

А.Түмэн-Өлзийд  бие даасан хэд хэдэн уран бүтээл  бий. Надад ч мөн адил. Бас юуны тулд би жүжигчин хүн билээ. Зөвхөн дуулахгүй. "Шинэ үе" продакшинтайгаа хамт жүжиглэнэ. Мөн "Хөвсгөл” гээд гайхалтай сайхан найраглал байдаг. Тэр найраглалаа бүрэн эхээр нь унших гээд бэлтгэчихсэн байгаа. Үзэгчиддээ үзүүлэх уран бүтээлийн тал дээр санаа зовох зүйл байхгүй. 

-Хамтарсан цомгоо гаргах бодол байна уу?

-Бидэнд зориулж олон уран бүтээлчид дуугаа өгсөн. Цаашдаа ар араасаа уран бүтээлүүдээ гаргаж, цомог гаргах хэмжээний дуутай болж байж, тэр талаар  бодолцоно. Мэдээж өөрийн мэргэжлээрээ ажиллана. Үүнийхээ хажуугаар олон түмнийхээ сонсох дуртай дуунаас бүрдсэн цомог гаргах төлөвлөгөө бий. 

-Таныг багаасаа л дуулдаг орон нутагтаа зохиогдсон тэмцээн уралдаанд оролцдог  их авьяастай хүү байсан гэж дуулсан юм байна?

-Тийм шүү. Сургуульд байхдаа гуравдугаар ангиасаа эхлээд урлагийн үзлэг, тэмцээн уралдаануудад оролцож, дуулдаг хүүхэд байлаа. Ер нь багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан даа. Намайг аравдугаар ангиа төгсөөд элсэлтийн шалгалт  өгөх үед харамсалтай нь СУИС-ийн дуулаачийн ангийн хуваарь ирээгүй юм.

Харин жүжигчний хуваарь ирсэн байсан. Тэр үед  СУИС-д л орж байвал хамаагүй гэсэн бодол толгойд эргэлдэж байж билээ. СУИС-д орох миний хамгийн том мөрөөдөл байсан. Урлагийн хүн болно гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн дуулаачийн хуваарь ирээгүй ч гэсэн жүжигчний ангид шалгалт өгч, тэнцсэн. 

-Хүнийг инээлгэнэ  гэдэг хамгийн хэцүү мэргэжил байх. Яагаад хошин урлагийг сонгосон юм бэ?

-Мэдээж жүжигчин хүн бүр хошин урлагийг сонгож, ажилладаггүй. Манай төгсөлтөөс цөөхөн хэдэн уран бүтээлч хошин урлаг руу орж ажилласны нэг нь би байлаа. Гэхдээ би энэ сонголтдоо их баярладаг юм. СУИС-ийг төгсөөд "Шинэ үе” продакшн дээр дадлага хийсэн.

Миний багш Найдангийн Ганхуяг гээд урлаг судлалын ухааны доктор, профессор, урлагын гавьяат зүтгэлтэн хүн бий. Багш маань Бооёо ахын багш болохоор ч тэрүү "За чи Бооёогийн "Шинэ үе” продакшнд  очиж дадлага хий” гээд явуулж байсан юм. Тэнд дадлага хийгээд, цаашдаа үргэлжлүүлээд ажилласаар хошин урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлч болсон байсан. 

-Ер нь жүжигчин хүн бүрт хайртай нэг дүр байдаг юм болов уу гэж боддог юм. Таны хувьд эдүгээ хүртэл тоглосон дүрээс тань хамгийн их сэтгэлд дотно байдаг, хайртай дүр байна уу?

-Хүн хүүхэдтэй болохдоо бүгдийг нь л ижил хайрладаг шүү дээ. Түүнтэй адил өөрийн бодож, төлөвлөж, надаас төрөн гарч байгаа бүх дүрүүддээ би  хайртай. Гэхдээ онцолж хэлэх ганц дүр бий. Хамгийн анхны бүхэн их нандин байдаг юм.

Тиймээс ч миний хамгийн анх бүтээж байсан даагатай дүрдээ их хайртай. Би 13 настай Отгоотой сууна гээд дааганыхаа  хоёр тал руу нь холбирч унаад л явдаг тэр хүүгийн дүр минь хамгийн анхных учраас илүү сэтгэлд үлдсэн байдаг юм. Гэхдээ бүх дүрдээ л хайртай. 

-Жүжигчин Л.Сөрөлт мэргэжлээ солих гэж байгаа юм биш биз?

-Дөрвөн жил сурч байж би мэргэжлийн жүжигчин болсон. Энэ мэргэжлээрээ арван жил ажиллаж байна. Амьдралынхаа сайхан муухай, хэцүү бэрх бүхнийг ажлынхаа хамт олонтой туулаад өнгөрсөн. Тиймээс мэргэжлээ, хошин урлагийг  орхиж, зөвхөн дууны урлаг руу орж  туйлшрахгүй. Аль алийг нь хийнэ гэж боддог.

Өөрийн мэддэг, чаддаг бүхнээ тоглолт дээр үзүүлэх учраас айх, сандрах зүйл байхгүй байна. 

 

Гэхдээ "Шинэ үе” продакшны нэг зарчим байдаг юм. "Шинэ үе”-ийн ажил бол бидний хүсэл мөрөөдөл. Бид сонирхлоороо л энэ продакшинг сонгосон. Тиймээс "Шинэ үе”-ийн ажил ямагт нэгдүгээрт тавигдах ёстой. Бусад ажлыг зохицуулаад зэрэгцүүлээд хийгээд явна. Эхний ээлжинд "Шинэ үе”-ийн ажлыг би нэгдүгээрт тавьдаг. Харин өөрийн хувийн уран бүтээлийг ажлынхаа дундуур завсар зайгаар нь зохицуулаад явж байна даа. 

-Таны хувьд А.Түмэн-Өлзийтэй хамтарч дуулснаас хойшхи анхны тоглолтоо хийж байна. Сэтгэл хөдлөл, сандрал байна уу?

-Дээр дурьдсанчлан хошин урлагтай холбосон 10 гаруй жилийн хугацаанд 40, 50  гаруй шоу, шинэ тоглолтод оролцсон. Мэдээж энэ бүхнийг "Шинэ үе” продакшнаас салгаж ойлгох ёсгүй. Тэр бүрт л тодорхой хэмжээний сандрал байдаг байлаа. Гэхдээ энэ тоглолтын өмнө сандрахгүй байна. Уран бүтээлүүдээ жил гаруй дуулчихсан. Өөрийн мэддэг, чаддаг бүхнээ тоглолт дээр үзүүлэх учраас айх, сандрах зүйл байхгүй байна. 

-Мэдээж хамтрагчийн тань тус дэм байгаа болов уу. Дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтарч ажиллахад ямар байна вэ?

-А.Түмэн-Өлзий маань үнэхээр дайчин эмэгтэй. Бид хоёр ярьдаг юм. Түмээ намайг "Чи ёстой салан задгай, үрэлгэн. Тэрбумтан хүн шиг загнадаг” гээд л хэлдэг юм. Гэр бүлд ч гэсэн ихэвчлэн гэрийн эзэгтэй нь л санхүүгээ барьдаг. Ийм үйл явдал бидний хувьд ч гэсэн болдог.

Түмээ санхүү дээрээ ярьж хөөрнө, нааш, цааш нь татаж ярина. Би болохоор "аан за тэгье” гэж хэлчих гээд байдаг юм. Ер нь дуулах ур зүй гэдэг аугаа том урлаг. Энэ урлагийг найз маань чамгүй сайн эзэмшсэн. Ийм хүнтэй хамтарч ажиллаж байгаа учир надад маш их дэм болж байна. Дуулах ур чадварын тал дээр гайхалтай зөвлөгөө өгдөг. Дотны найз минь шүү дээ. 

-Аливаа зүйл анхны алхмаас эхэлдэг гэдэг. Дуучин А.Түмэн-Өлзий та хоёрын хувьд "Хөөрхөн” дууг хамгийн анх хамтран дуулсан. Энэ талаархи дурсамжаасаа бидэнд хуваалцаач?

- Зүүн үзэмчинд тоглолтоор очоод буцах болж, биднийг гаргаж өгнө гээд хөгжим тоглоод, дуулаад хуурдаад байж байлаа. Гэтэл их хөөрхөн дуу дуулдаг юм байна. Миний сонирхлыг татаад,  "Ямар хөөрхөн дуу вэ” гэсэн. Ундраа эгч аль хэдийнэ утсан дээрээ хураагаад авчихсан байсан. Тэгээд наашаа ирж явахдаа бүгдээрээ сонсоод, их хөөрхөн дуу байна, би дуулна гэсэн чинь манайхан тэгээч гэсэн.

Тухайн үед биднийг гаргаж өгч байсан хүмүүсээс "Энэ хэний дуу вэ, өвөрмонгол хүн зохиосон уу” гэж асуусан. Тэгсэн тийм гэсэн.   Би ч гэсэн Өвөрмонголд байхдаа сонссон болохоор Өвөрмонгол дуу гээд итгэчихсэн байж билээ. Тэднээс үгийг нь явуулж өгөхийг гуйхад удсан ч үгүй е-мэйл хаяг руу явуулчихсан байсан.

Тэгээд энэ дууг хэнтэй хамт дуулах вэ гэж бараг хоёр жил шахам бодож байгаад нэг өдөр А.Түмэн-Өлзий рүү утасдаад, "Эрэгтэй хүнтэй дуулах бодол байна уу найз. Надад нэг ийм дуу байна” гэж хэлсэн. Харин А.Түмэн-Өлзий маань "тэгье” гэдэг юм байна. Ингээд л бид хамтарч дуулсан даа. 

-"Хөөрхөн”  дуунаас болж, шүүхэд дуудагдсан гэсэн. Энэ үнэн үү?

-Тэгсэн. Тухайн үед хэл ам гараад л дуугаа болих дээрээ хүртэл тулж л явлаа. Өвөрмонгол хүний л  зохиосон дуу юм байх гэж бодоод дуулчихгүй юу. Гэтэл дуу маань ёстой хит болж байгаа бололтой, телевиз, FM-ээр яваад л байлаа. Тэгээд нэг нэвтрүүлэгт орох гээд телевизийн гадна зогсож байтал утас дуугардаг юм байна. Д.Данзан гэдэг хүн байна. "Чи ахынхаа зохиосон дууг нэгдүгээрт зөвшөөрөлгүй авч дуулсан байна. Хоёрдугаарт, чи дур мэдэж үгийг нь өөрчилсөн байна. 

Одоохон наад дуугаа татаж ав” гэдэг юм байна. Би ч нэгэнт өчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж хийсэн, хүмүүс сонсож байгаа болохоор явуулчихъя л даа гээд нэлээд гуйлаа. Гэтэл үгүй гээд халгаадаггүй. Дуу өгсөн газруудаасаа дуугаа татаад авчихлаа. Гэсэн ч нөгөө дуу чинь энд тэнд тарчихсан бололтой яваад л байсан. Урлагийн ажилтнуудын баяраар утас дуугараад "Б.Энхбат гэдэг хүн байна. Ах нь наад дууг чинь дуулсан байтал та хоёр дахиад аваад дуулчих юм аа. 

Яасан хэцүү юм бэ” гэж байна. Иймэрхүү хэл амтай юм болсон. Сүүлдээ Д.Данзан гуай бид хоёртой уулзаад "За та хоёр наад дуугаа найр наадам, хурим цэнгүүн дээр дуулж болно. Харин энэ дуугаараа тоглолт хийж, олон нийтэд цацахыг хориглож байна” гэж хэлсэн. Их сайхан ааштай, хүнтэй инээгээд ярьж хөөрдөг хүн юм билээ. Хамгийн гол нь урдаас инээгээд, үгүй гээд байхаар ёстой яаж ч чаддаггүй юм билээ. Гэхдээ аливаа юмыг цаг хугацаа харуулдаг гэдэг. Одоогоор нэлээд хугацаа өнгөрөөд бүх зүйл эдгэрч, одоо ямарваа нэг асуудалгүй болсон. 

-Тасалбарын борлуулалт хэдэн хувьтай байна вэ?

-Маргаашийн /өнөөдөр/  тоглолтын тасалбар 100 хувь борлогдсон. Өнөөдрийн байдлаар энэ сарын 12-ны тоглолтын тасалбарын борлуулалт 80 гаруй хувьтай байна. Эхний тоглолтын тасалбар гурав хоногийн өмнө дуусчихсан байсан. Тасалбараа худалдаанд гаргасныхаа дараа их айж байлаа. Яана даа, тасалбар борлогдох болов уу. Бөхийн өргөөнд нэг ч  хүн ирэхгүй байх юм биш биз дээ, цөөхөн хүнтэй сууж байвал яана гээд л айж байсан. Харин өнөөдөр бол тэр айдсаа ардаа орхиод хамгийн гол нь тоглолтоо л гоё хийх тухай бодож байна. Тоглолтынхоо чанар, ирсэн үзэгчдийнхээ сэтгэл ханамжийн байдлыг 100 хувь байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. 

-Дуучин А.Түмэн-Өлзий та хоёрын анхны тоглолт гэхэд эхний тоглолтынх нь тасалбар дуусч, үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болж байна гэдэг уран бүтээлч хүний хувьд маш том амжилт гэж харж байна?

-Тийм шүү. Ард түмэн, үзэгчид бидний дууг  сонсохыг, үзэхийг хүсч байна. Цаашдаа энэ хоёр хүүхэд юу хийх юм бэ, юу чаддаг юм байна бэ гэдгийг харах гэж, нэг ёсондоо дүн тавих гэж ирэх хүмүүс шүү дээ. Бид хоёрын уран бүтээлийг сонирхохоор ирж байгаа ч гэсэн дүн тавих гэж буй хамгийн том шүүмжлэгч нар юм. Үнэнийг хэлэхэд сайхан байна.

Энэ сарын 9-нд тоглох байсан ч, үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор боллоо. Энэ бол амжилт. Тасалбарыг авсан хүн бүртээ баярлалаа. Авах гээд амжаагүй хүмүүстээ зориулж дараа ахиж тоглоно гэдгээ амлая.

- Тоглолтыг үзэхээр төлөвлөж буй үзэгчиддээ хандан үг хэлэхгүй юу?

-Бөхийн өргөөнд бидний хоёр залуу уран бүтээлчийг дэмжиж, хөглөж, урам өгч очих гэж буй та бүхэндээ баярлалаа. Бөхийн өргөөг нэг айл гэж бодоод хэжээл насны эрчүүдийгээ тэр айлын аав, эмэгтэйчүүдийг ээж, үе тэнгийн залуусыг найз ах дүү нар  гэж бодоод, ийм сайхан халуун дулаан уур амьсгалаар цуглаж, нэг үдшийг хэзээ ч мартахгүй өнгөрүүлцгээе гэж хэлмээр байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

682 сэтгэгдэл