“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн хаана явна вэ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг дохиолол хамгаалалтын "Бүрэнцэнгэл” ХХК-ийн салбарын менежер Д.Нямдоржийн өгсөн мэдээллээр, Гацууртын амны зүүн талын ууланд гар аргаар алт олборлогчид өнөөдөр ч бүгсэн хэвээр байгаа бөгөөд өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байгаа гэнэ.
Өчигдөр гэхэд л Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөлийн харьяат 24 нинжагаар бүл нэмжээ. Тэд өдөр нь ууланд бүгчихээд шөнө нь алтаа ухдаг байна. Мэдээллийг бодитой болгох үүднээс Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганболдтой утсаар холбогдон нөхцөл байдал ямар байгааг тодруулахад ”Нинжа нар ууланд бүгсэн, алтаа ухсан хэвээр байгаа. Гацууртын орд руу нинжа нар халдлаа гэх анхны дуудлага 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр ирсэн. Түүнээс хойш манай бие бүрэлдэхүүн долоон удаа дуудлага хүлээн авч дохиолол хамгаалалтын "Бүрэнцэнгэл " ХХК-тай хүч хавсран давхардсан тоогоор 500 илүү нинжаг уулнаас албадан буулгаж, саатуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамж өнөө өглөө гарсан.
Тэрхүү захирамжийн биелэлтийг хангах ажлыг манай хэлтэс зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн бие бүрэлдэхүүн дөнгөж сая Мандал сумын төвд ирлээ. Хамтарсан хүчээр ууланд бүгээд байгаа нинжа нарыг буулгаж, техник хэрэгслийг нь түр саатуулахын зэрэгцээ бүртгэлжүүлэх учиртай” гэв. Ямартай ч цагдаагийн хүчээр нинжа нарыг уулаас буулгаж, Гацууртын ордыг нинжа нарын савраас салгахаар болжээ.
Өнөөдрийн тухайд эл мэдээлэл сайн мэдээ. Асуудлыг нөгөө өнцгөөс харах гэж оролдоё. "Сентерра гоулд монголия” ХХК-ий тусгай зөвшөөрөл бүхий талбай болох Гацууртын ордыг Стратегийн орд болгох тухай асуудал өнгөрсөн оны нэгдүгээр сард яригдаж эхлэхтэй зэрэгцээд "Босоо хөх монгол” бүлгэм, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, "Дэлхийн монгол, ногоон хөдөлгөөн” ТТБ-ынхан 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсансан. Гэтэл тэд өнөөдөр таг чиг. Миний санах нь ээ, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид Ноён уул руу нинжа нар орохыг эсэргүүцэн орон нутгийнхаа удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн гэх мэтчилэн түүний уул ус, газар нутгаа хамгаалан тэмцэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан санагдана.
Гэтэл нөгөө тэмцэгч бүсгүйн дуу хоолой энэ хэдэн өдөр хаана ч сонсогдсонгүй. Гацууртын орд руу халдсан нинжа нарыг буулгах, ойг самнах ажиллагааг Мандал сумын цагдаагийн хэлтэс зохион байгуулж, нинжа нартай арав шахам өдөр хөөцөлдөж буй. Эх орончид таг чиг. Нөгөөтэйгүүр, гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар газар нутгийг хэрхэн сүйтгэдгийг харуулсан олон жишээ бий. Төв аймгийн Заамар сум, Өвөрхангайн Уянга сум ямар болсныг бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан хуруу гэдэг газарт нинжа нар дайран орж, газрыг там болгож орхисон.
Газар газраас ирсэн 6000 нинжа нэгэн хонхорт бужигнан ухахыг ухаж, угаахыг нь угаахад тэр нутаг дахиж сэргэхгүйгээр мөхөж орхидог нь гашуун үнэн. Газрын хэвлийн баялгийг шуудайлж дууссан л бол гэнэт ирсэн шигээ мөргүй алга болдог нь нинжа нарын үнэн төрх. Энэ жишээг Ноён уул давтахгүй гэх баталгаа алга. Ноён уулыг хуулийн дагуу олборлож, нөхөн сэргээн, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь байгальд ч ээлтэй алхам байх нь дамжиггүй.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ