Ядууст төрүүлсэн үр нь, төрд монгол хүний амь үнэгүйджээ
-СОХОР ЗООСНЫ ҮНЭГҮЙ АМЬ-
Бараан хувцастай залуухан эмэгтэй цэцэрлэгийн хашаанд даавуунд боосон бөндгөр зүйл орхиод эргэн тойрноо хяламхийн харж, гилбэлзсээр гүйн оджээ. Гэтэл төд удалгүй тэр зүгээс нялх хүүхдийн часхийн уйлах чимээ сонсогдсон байна. Ийн очоод хартал улаан нялзрай жаал чадал мэдэн орилж байсан гэнэ.
Энэ явдал хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 18-нд Баянгол дүүргийн XV хорооны 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд болсон юм. Үр нь часхийн уйлж, орилсон ч эргэж харалгүй зугтсан тэрхүү эмэгтэйг өнөөдрийг хүртэл цагдаа нар олоогүй байгаа.Харин нярай одоо Эх нялхсын эрүүл мэндийн төвийн сувилалд эмчлүүлж байна.
Уг явдлаас хоёрхон сарын өмнө юм. Хүний хөлийн газар бус хүйтэн цемент бүхий оршуулгын газарт дөнгөж төрсөн нярай мөн л орхигдож байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь, нярайг эмээ өвөө нь "Дутуу төрсөн. Хүн болохгүй” гээд амьдаар нь оршуулахыг завдсан байв. Амьд амьтны хөл хөдөлгөөнгүй, сүнс сүгтэй газарт нялх, нялзрай үрээ амьдаар нь амыг ангалзуулан орхих чадал, тэнхээ тэдний сэтгэлээс гарсан нь олон хүний өрийг өвтгөж, жигшил төрүүлсэн юм. Аз таарахад хүйтэн цастай өдөр нимгэн өлгийтэй орхигдсон нярайг бүлээн амьсгалтай байхад нь цагдаа нар олсноор аврагдсан билээ.
Энэ мэт төрүүлсэн үрээ хогноос дор үзэн, хаа тааралдсан газраа хаяж, төрүүлсэн тохиолдол нэг жилийн дотор 20 хүрэх шахжээ.Та ч бас сонссон л болов уу. "Оюутны байрны хогийн савнаас нярайн цогцос олдлоо”, "Дөнгөж төрсөн үрийнхээ зүрхэнд нь зүү шивжээ”, "Хүй нь цөглөөгүй нярайг нимгэн өлгийнд боогоод хүйтэн орцонд хаяжээ” гэсэн хар дарсан зүүд шиг мэдээ сонин, хэвлэлээр байсхийгээд л гарч байна. Хүний сэтгэлээс байтугай араатнаас ч ийм авир гарна гэж үү хэмээн нийгэм даяараа цочирдон халагласаар.
Дээрх тоо бидэнд мэдэгдсэн нь. Гэхдээ гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд эмгэнэл дагуулам том тоо. Цаашлаад үүний цаана хэдэн хүүхэд иймэрхүү эмгэнэлт тавилангаар хорвоог орхиж байгааг ч таашгүй. Тиймээс бид энэ удаад яг ямар хүмүүс, чухам юуны учир үр хүүхдээ хаях олсон талаар хөндлөө. Ийн бичихийн өмнө бид хүүхдээ төөрүүлж хаясан хоёр гурван тохиолдлын мөрөөр гэрт нь очиж, сурвалжилсан юм.
Та бүхэн санаж байгаа биз ээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд "Бөмбөгөр” худалдааны төвд нэгэн эх ой долоон сартай охиноо төөрүүлж, орхиод зугтаасан хэрэг гарсан. Тухайн үед учраа мэдэхгүй жаахан үр нь эхийнхээ гараас хөтөлж явахад анхнаасаа л төөрүүлж хаяхаар шийдсэн эх нь чихэр харж сатаарах зуурт нь нөгөө талын хаалгаар гараад гүйсэн байдаг. Азаар уг эмэгтэй "Бөмбөгөр” худалдааны төвийн хяналтын камерт бичигдсэн байсан тул цагдаа нар түүнийг төвөггүйхэн илрүүлсэн юм. Хачирхалтай нь, тэрээр мөрдөн байцаалтын явцад найз залуутайгаа хамтран амьдрахын тулд охиноо хаясан нь тогтоогдсон. Цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ эмэгтэй "Ээж, аав дээрээ охиноо дагуулж очиж, дараа болоод яахав гэж бодсон юм. Тэгээд найз залуутайгаа ярилцаад ингэж шийдсэн” гэж ярьсан байдаг.
Эхний шалтгаан нь ердөө л энэ. Уг хэрэг явдлын дараа хаягдсан охиныг эмээ нь аваад явсан гэдэг. Тиймээс бид охин одоо ямар байдалтай амьдарч байгааг сурвалжлахаар хаягийнх нь дагуу Сонгинохайрхан дүүргийн Тоосгоны .... тоотод очсон юм. Хашааных нь хаалгыг нэлээд нүдсэний эцэст дотроос 40 орчим насны эмэгтэй нэгэн сөөсгөр охин тэвэрсээр гарч ирэв. Түүний тэвэрт байгаа охин зах дээр орхигдсон охин У байлаа.
Эмээ нь бидэнд идээ амсуулах зууртаа "Нэг өдөр зурагт үзээд сууж байтал манай охин гарч байсан. Тэгээд л би сандраад телевизийнх нь утас руу залгаад хүүхдээ хаана байгааг нь мэдээд очиж авсан юм. Тэр охин уг нь миний ганц охин. Түүнээс хойш би дахиж хүүхэд төрүүлээгүй. Нөхөр бид хоёр хүүхэдтэй болох юмсан гэж байнга ярьдаг байлаа. Яаж охиноо ийм юм хийнэ гэж санах вэ дээ. Өсгөж чадахгүй байсан юм бол надад авч ирээд өгчихгүй дээ. Ийм хөөрхөн нялх амьтныг хаяж л байдаг. Юу тохиолдсон юм. Эрүүл л байгаа даа гэж гайхаад байна. Одоо охин маань эмээгийнхээ хоосон мөөмийг хөхөөд л, бид хоёрт ханьтай хөөрхөн байна даа. Өнөөдөр шинэ гутал авч өгсөн. Тайлахгүй хөөрөөд л гүйгээд байна” хэмээн ярилаа.
Биднийг очихын өмнө тэрээр зээгээ өрхийн эмнэлэгтээ үзүүлж, "А” витаминд хамруулаад ирсэн байжээ. Хөдөөнөөс шилжиж ирээд удаагүй байгаа эднийх айлын хашаанд түрээс төлж амьдардаг гэнэ. Охиноо харахаар ажлаасаа гарсан гэх эмээ дөрвөн ханатай жижиг гэрээ цэвэрхэн тохижуулснаас гадна зээдээ зориулж, өлгий хүртэл авсан байв. Харин ангир үрээ олны газар орхиж зугтсан бүсгүй одоо 24 настай. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хамтран амьдрахаар шийдсэн залуу С нь охины төрсөн эцэг биш аж.
Тиймээс тэд бяцхан охиныг ийнхүү хаяхаар шийдсэн байна. Одоо бүсгүй найз залуугийнхаа хамт ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Ямартай ч У охиныг эмээ нь олж, өсгөж байгаа нь азтай хэрэг. Ийн бид цааш "Сарнай” төвд орхигдсон бяцхан хүүгийн тухай сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороог зорилоо.
-ХОГИЙН ЦЭГ дээр төрсөн хоёр хүүхэд ӨЛСГӨЛӨНГӨӨР ХОРВООГ ОРХИЖЭЭ-
"Сарнай” хүүхдийн төвийг Улаанчулуутын хогийн цэгт төрж, өссөн М.Сарнай гэдэг эмэгтэй ажиллуулдаг. Түүний асрамжид өөрийнх нь төрүүлсэн гурван хүүхэдтэй нь нийлээд 30 хүүхэд бий. Биднийг очиход зарим нь сургуульдаа явсан, зарим нь хичээлээ тарж ирээд гэрийн даалгавараа хийгээд сууж байв. Хүүхдүүд бүгд М.Сарнайг ээж гэж дууддаг ажээ. Тэр үед ээж нь толгойг нь алчуураар боосон нярай угжаад сууж байлаа.
Хүү уг нь есөн сартай гэнэ. Гэвч биеийн хөгжил нь яг л хоёр сартай нярай шиг харагдах аж. Мөлхөж, шулганах насан дээрээ хүү дөнгөж соосог хөхөж сурч байв.
Хүүг өсгөж буй М.Сарнай "Хүүг маань Т гэдэг. Анх ирэхдээ үнэхээр хүнд байсан. Одоо бол хүн хараад таниад байна. Соосгоо хөхчихөөд хөөрхөн унгаж байна. Анх унгах нь байтугай хоол тэжээлийн дутагдалд орчихсон байсан. Би чинь унгахаар нь л баярлаад байгаа шүү дээ. Өмнө нь хэд хэдэн удаа эмнэлэгт сэхээнд ороод гарсан байсан. Одоо тархины бага зэрэг даралттай. Тиймээс хүйтэн алчуураар жин тавиад тэргэнцэр дээр нь тоглуулаад, сүүгээр угжаад л байж байна” гэж ярилаа.
Хүүг авга эгч нь М.Сарнайд "Хүн болгоод өгөөч. Тэгэхгүй бол хүү үхэх нь байна” хэмээсээр авчирч өгсөн байна. Тэгвэл хүүгийн эцэг эх ямар хүн байв. Яагаад төрүүлсэн үрээ ийнхүү хүний хүнээр өсгүүлэх болов. Үүнийг тодруулахаар бид тэднийг сайн мэдэх хэд хэдэн эх сурвалжтай холбогдлоо. Эх сурвалжуудын мэдээллээр, хүүгийн эцэг эх нь хоёулаа архины хамааралтай хүмүүс ажээ. Тэд Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүж амьдардаг байна.
Үүнээс гадна сурвалжлагын явцад бидэн; итгэмээргүй мэдээлэл олдсон юм. Тодруулж хэлбэл, амьжиргаа залгуулах чадваргүй уг гэр бүлд төрсөн хоёр хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхисон байна. Т хүүгийн хувьд уг нь айлын гурав дахь хүүхэд юм байна. Ээж нь өмнө нь хоёр хүүхэд төрүүлсэн ч тэднийг хөхүүлэх нь битгий хэл хоол өгдөггүй байсан гэдгийг эх сурвалж хэллээ. Улмаар хоёр хүүхэд нь хоол, ундгүй удаан байсны эцэст өлсгөлөнгөөр нас барсан гэдгийг бидэнд ярьсан юм.
Амьжиргаа залгуулах чадваргүй уг гэр бүлд төрсөн хоёр хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхижээ
Энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж Д "Уг нь энэ асуудлыг хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд мэдэж байх ёстой. Гэвч тэд хоёрын хоёр хүүхэд нь өлсч үхчихээд байхад эцэг эхэд нь арга хэмжээ аваагүй. Гурав дахиа хөнөөх гэж байлаа. Азаар "Сарнай” төвд ирээд аврагдаад байна. Энэ нь л амьдрах хувьтай хүү байж. Ээж нь "Хаяхгүй юу. Надад хамаагүй” гэсэн. Тийм хүний эх байх эрхийг нь хязгаарлаад эсвэл спираль тавьж болдоггүй юм уу. Хогийн цэгийн архины хамааралтай ядуусын дунд хүүхэд төрвөл ингээд л хоол тэжээлийн дутагдлаар хорвоог орхиж байна. Үүнийг мэдэж байгаа хүн ер нь байна уу” хэмээн бухимдангүй өгүүлж байв.
Энэ ярианы дараа бид Улаанчулуутын хогийн цэг дээрээс нярайн эцэг, эхийг нь хайсан боловч хөдөө явсан гээд олдоогүй юм. Бүр нарийн хайх боломж ч хомс байлаа. Зарим нь урдаас нулиман "Ойртож ирвэл ална шүү” хэмээн заналхийлж, зарим нь "Нохойны толгой зарна шүү. Нохойны мах авах уу” гэх зэргээр орилж байв. Энд өнөөдөр 200 гаруй хүн амьжиргаагаа залгуулан амьдарч байна. Тэдний ихэнх нь Монгол төрийн бодлого, халамж үйлчилгээ хүрээгүйн улмаас ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдэж, архинд живсэн хүмүүс. Бүр нэг хэсэг нь олсон мөнгөө архинд зарж, үр хүүхдээ түүсэн хогноосоо ч дор үзэж, голыг нь харлуулан нөгөө ертөнц рүү илгээж байна. Гэхдээ "Ажил олдохгүй болохоор эндээс л мөнгө олж, хүүхдүүдээ тэжээж байна даа” гэж ярих эцэг, эх ч цөөнгүй таарсан юм.
Харин арван сар тээж, арьс махаа тасдан байж төрүүлсэн үрээ шил архи байтугай архины шилнээс ч дор үзсэн эцэг эхийг яах вэ. Монгол Улс хуультай учраас мэдээж хүүхдээ хаясан дээрх хүмүүс хуулийн дагуу шийтгэлээ хүлээнэ. Хүүхдээ хаясан эхийг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг.
Цаашлаад Эрүүгийн хуулийн 91.2-т заасанчлан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүүхдээ санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Ийнхүү хуулийн дагуу шийтгэх нь зүй ёсны асуудал боловч асуудлын үндэс, үүрлэсэн шалтгаан руу нь өнгийхгүйгээр юуг ч өөрчилж үл чадна. Эрх баригчид нь өөрсдийгөө хэдэн арван тэрбумаар сурталчилж, үнэтэй харшид амьдравч хүүхдүүдийн төлөө тэд юу ч үл зориулна. Тэгсэн атлаа бүгд л хүүхэдтэй. Гэхдээ тэд нарынх нь гэдэс цатгалан болохоор бусдын зовлонг мэдрэхгүй.
Энэ бүхнээс харахад ядууст тээж төрүүлсэн үр нь, төрд монгол хүний амь үнэгүйдсэн бололтой. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн амин чухал заалт Төрийн ордноос хэдхэн алхмын зайд ч, хотын захын хогийн цэг дээр ч адилхан хэрэгжихгүй болжээ.
eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.