Байгууллагуудын гаднах “Үнэгүй каток” иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байх уу
Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орж нийслэл хот тэр аяараа "үнэгүй каток” болчхоод байна. Товчхондоо нийслэлийн иргэд жил бүр хотынхоо гудамж талбайдаа цаг харгалзахгүй үнэгүй гулгадаг.
Тодруулбал, цас их орсоноос гудамж талбайд халтиргаа гулгаа үүсч, иргэд тайван алхаж чадахгүй, замын хажуу хашлагаас барьж арай ядан явна. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Олон жил үргэлжилсэн энэ үзэгдэл олон хүнийг хохироосоор ирсэн. Үүний улмаас иргэд явганаас бэртэж гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэдэн арваараа хандаж байна. Иргэд ихэвчлэн дээд, доод мөчийн хугарал, тархи толгойн гэмтлийн оноштой байна. Харин насны хувьд бага насны хүүхдүүд болон 45-аас дээш насны хүмүүс зонхилжээ. Бэртэж, гэмтсэн иргэдийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
Уг нь машин тэрэг бус хүний хоёр "зээрд" хамгийн найдвартай "унаа” гэгддэг. Гэтэл өвлийн улиралд Гэмтэл согог судлалын үндэсний төвд явганаас бэртэж гэмтсэн гэж хандах хүний тоо эрс нэмэгддэг байна. Тиймээс ч нийслэлчүүд цас орох тоолонд хэзээ халтирч унан бэртэж гэмтэх бол хэмээн болгоомжлол, айдаст автдаг. Арга ч үгүй биз. Цас орсон даруйд нийслэлийн явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбай явахад бэрх аюултай зам болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, цасыг нь цэвэрлэх эзэнтэй атлаа эзгүйдчихээд буй хэрэг. Тэгээд ч иргэдийн зүгээс хотын орчны бохирдол, хог хаягдал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд болон дүүргүүд цас, мөс цэвэрлэхдээ нэр төдий ажил хийдэг гэх гомдол тасардаггүй. Ямартаа ч Монголд тэр дундаа Улаанбаатар хотод л ганцхан цас орж хүндрэл учруулдаг мэт зовлон тоочсоор олон жилийг үдлээ.
Орон сууцны хороолол болон гэр хорооллын замын цэвэрлэгээг тухайн дүүрэг болон СӨХ-үүд нь хариуцдаг. Харин аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрын халтиргааг цэвэрлэх ёстой байдаг. Хэрэв эдгээр газрууд хариуцсан талбайгаа дор бүрнээ цэвэрлээд байвал халтиргаа гулгаа үүсэхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл ойролцоох талбайгаа цэвэрлэсэн газар цөөхөн байна.
Гэмтлийн эмнэлгийн мэдээллээс харвал жилийн жилд зуу зуугаараа халтиргаа гулгаанаас болж гар хөлөө гэмтээдэг. Мэдээж эмчлэх зардал олон саяар тоологдоно.
Хохирогсдын 95 хувь нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайд халтирч гэмтэл авдаг гэнэ. Энэ тохиолдолд тухайн байгууллага иргэнд учруулсан хохирлыг нөхөн олгох журам байдаг аж. Гэхдээ энэ журам хэрэгжиж хохирлоо төлүүлсэн иргэн одоогоор байхгүй гэнэ.
Мөн байгууллагууд явган хүний замаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг гөлгөр хавтангаар хийдэг. Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Цөөнгүй хүмүүс ийм замтай байгууллагын буруугаас болж гэмтэж байна. Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон.
Нийслэл хотод цас орсноос хойш хоёр, гурван хоног өнгөрч байхад нийслэлчүүд нь өнөөдрийг хүртэл хотын гудамжинд үнэгүй катокдож байна. Өөрөөр хэлбэл, хотын гудамжаар явган алхах арга алга. Тиймээс албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн мэдлийн эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбайгаа нийтээрээ цэвэрлэе. Цас орсон даруйд цасаа цэвэрлэчихвэл, эрүүл мэндээрээ хохирч гэмтлийн эмнэлэгт хандах иргэдийн тоо буурах нь лавтай.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.