Багануураас салхилах бодит АЮУЛ
Бидний санаанд оромгүй газраас ноцтой аюул заналхийлнэ гэж хэн санах билээ. Хамар доор орших Багануураас шинэ аюул гэтэж байна.
Учир юун
БНХАУ-ын төрийн өмчит компаниуд монгол улсын нийт эрчим хүч нийлүүлтийн болон суурьлагдсан хүчин чадлын 50 хувийг эзэмших, нийлүүлэх болж байгаа нь далд аюул, ноцтой хөнөөлийг даллаж байна. Засгийн газраас Багануурт Дулааны цахилгаан станц барих концессийн шалгаруулалт явуулахад БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” - "Пинггао групп”- ийн консорциум шалгарчээ. Ингээд барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээг 2015 оны 4 сарын 1–нд байгуулсан байна.
"Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” нь БНХАУ-ын Цөмийн Энергийн Инженер Барилга Угсралтын Корпорацийн охин компани бол "Пинггао групп”нь Төрийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ компанид харъяалагддаг аж. Аль аль нь БНХАУ-ын төрийн өмчлөлд (энд асуудал бий) байдаг.
Учрах хохирол
Юуны өмнө төсөл хэрэгжүүлэгчдийн байгуулсан "Багануур холдинг лимитед” компани нь оффшор бүст (Хонгконг) бүртгүүлсэн, хувьцаа эзэмшигчид нь тодорхойгүй байна. Энэ нь оффшор бүс рүү хөрөнгө гарах, орлогоо татвараас зугтаалгах эрсдлийг үүсгэж байгаа юм.
Үүнээс гадна Концессийн гэрээнд эрчим хүчний тогтвортой байдлыг алдагдуулах, иргэдийн санхүүд хохирол учруулах, үндэсний аюулгүй байдлыг доголдуулахаар ноцтой заалтууд оржээ.
Концессийг 25 жилийн хугацаатай байгуулсан. ТЭЗҮ-ийн дагуу 350 МВт-ын 2 блок бүхий 700 МВт-ын хүчин чадалтай Цахилгаан станцыг 1.2 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалтаар босгоно гэжээ. Эндээс асуудлууд ундрана.
1. Монгол улсын үндсэн эрчим хүч түгээх систем, шугамын хүчин чадал нь 120-150 МВт-аар хийгдсэн байдаг. Гэтэл хятадуудын барьж байгаа станцын дамжуулах чадал 350 МВт байгаа нь тогтворгүй байдал үүсэх, систем нурах эрсдлийг бий болгож байгааг цахилгааны мэргэжилтэй захын хүн хэлнэ. Түгээх сүлжээний чадлаас 2 дахин их чадлаар Багануурын ДЦС-аас эрчим хүч нийлүүлэх нөхцөлд хэлбэлзэл үүсч, систем бүхлээрээ нурах ч аюул бий. 2 эгнээ замаар 4 эгнээ машины цувааг нэвтрүүлэх гэвэл ямар хүндрэл үүсэх вэ гэдгээр үүнийг зүйрлэж, төсөөлж болно.
2. Дэлхийн жишгээр Дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1МВт нь нэг сая ам.доллар байдаг. Үүгээр бол Багануурын ДЦС-ын өртөг 700 МВт = 700 сая доллар байх ёстой. Гэтэл 1,2 тэрбум доллар буюу бараг 2 дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна. Зөрүү мөнгө хаачих гээд байна вэ?
3. Цахилгааны үнэ, нийлүүлэх нөхцөл маш их асуудалтай байна. Тэдний байгуулсан Цахилгаан Худалдах, Худалдан авах гэрээг харвал Монголын эрчим хүч дамжуулах систем жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тохирсон тарифаар бодон худалдах авах үүрэгтэй ба хэрэв энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүрэг хүлэээсэн байна. Гэтэл монгол улсад ийм хэмжээний хэрэглээ байхгүй. Хоосон мөнгө төлж, алдагдал хүлээн тэрийгээ хэрэглэгчдийн цахилгааны төлбөр дээр нэмэх байдал шууд үүссэн. Багануурын ДЦС -аас нийлүүлэх эрчим хүч нь Монгол улсын хэрэглээний 60-70 хувийг эзлэж, үүнийг зах зээл нь шингээж чадахгүйд хүрэх учир ДЦС4, ДЦС3, ДЦС2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. Энэ нь маш олон хүн (3000) шууд ажилгүй болно гэсэн үг.
4. Олон улсын жишгээр Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тооцоолохдоо дараах 4 бүрэлдэхүүн хэсгүүдийг тооцсон байх ёстой.
-Тогтмол зардал
-Хувьсах зардал
-Санхүүгийн буюу хөрөнгө оруулалтын зардал
-Нүүрсний зардал
Гэтэл Багануурын ЦС-ын гэрээнд тусгасан үнэд нүүрсний зардал шингээгүй, харин бусад зардлууд нь Монгол улсын хэрэглэгчийн үнийн индекс (CPI), Хятад улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)–ийн өөрчлөлтөөс хамааран жил бүр тохируулга хийн нэмэгдэж байх томьёололоор бодогдно гэж заажээ. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын ЦС-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа 9 центээр(225 төгрөг) үг дуугүй худалдаж авах заалт байна.
Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 оноос хойш 81.8 төгрөг байжээ. Дотооддоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг импортын цахилгаанаас бараг гурав дахин өндөр үнээр худалдаж авахын утга учир юунд байх вэ?
Олон улсын жишгээр нүүрсний зардлыг оруулж тооцвол Багануурын ДЦС-ын гаргах цахилгааны хэрэглэгчдэд очих үнэ 250 төгрөгөөс дээш болохоор байгаа юм. Одоо бол нүүрсний үнийг оруулалгүй, үнийг маш их дарж мэдээлж байна.
"Дөргөний УЦС” баруун бүсийн хэрэглэгчдэд 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалддаг. Үүнийг Багануурын ДЦС-ын 250 төгрөгтэй харьцуулбал урьд хожид дуулдаагүй өндөр үнэтэй цахилгаан болчихоод байгаа юм.
Бусад эрсдлүүд
Монголын эрчим хүчний системд байгаа хамгийн том блок Дөрөвдүгээр ДЦС-д байгаа нь 120 МВт. Мөн ОХУ-аас цахилгаан импортлох боломжит дээд чадал 210 МВт байдаг. Гэтэл Багануурын цахилгаан станцын нэгж блокын чадал нь 350МВт байхаар төлөвлөгдсөн нь эрсдлүүд дагуулж байна.
Хэрэв монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг(700Mвт) хангах болсон хойноо Багануур ЦС-ын нэг блокод түр зогсолт эсвэл аваарын байдал үүсэхэд тэдний гаргаж байсан чадлыг богино хугацаанд орлуулан, хэвийн нөхцлийг ханган ажиллах боломж Монголын эрчим хүчний системд алга. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой байдалд том эрсдэл учруулна.
Үндэсний аюулгүй байдалд учруулж буй гол эрсдэл нь Хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлох гэж байгаа явдал юм. БНХАУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг - зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалт буй. Тэгэхээр Монгол улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзлэсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байх нь эрсдэл мөн. Цахилгааны төлбөр жаахан саатах үед л аян шалтаг гаргаж болно.
Нөгөө талаар энэ төсөл нь мега төсөл гэх ангилалд багтаж байгаа учир аюул эрсдлээр дүүрэн, бүтэхгүй байх магадлал ихтэй ажээ. Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан: "Хөрөнгө оруулалт нь 1 тэрбумаас их бол Мега төсөл гэж хэлдэг. 1 тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалттай мега төслүүдийн гуравны хоёр нь унадаг, гуравны нэг нь л бүтдэг. Бид том төсөл мөрөөдөж болно. Гэхдээ ихэнх нь унадаг, нурдаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг устгагч болж байна хэмээн удаа дараа анхааруулсаар байгааг анзаарахгүй орхиж болохгүй” хэмээн ярьжээ.
Дэлхий даяар мега төслүүд эрсдэл дагуулж буй. Том төслүүдийн эрсдэл нь нийт эдийн засгаа чирч эрсдэлд оруулах аюултай байдаг. Том төслүүдийн 85% нь анх төлөвлөсөн хугацаа болон төсвөөсөө хэтэрдэг, мөн 1/3 нь л амжилтад хүрдэг гэсэн судалгаа(McKinsey, 2016) бий. Монгол банкны шинжээчид ч мега төслийг амжилттай хэрэгжүүлэх магадлал манайд маш бага гэж дүгнэсэн байдаг.
Багануурын ДЦС төсөлд учирч буй дараагийн нэг эрсдэл нь нүүрсний хангамж ! Том ордын дэргэд байгаа юм чинь гэж тайвшрах хүн байгаа бол дараах асуудалд анхаарахыг хүсье.
Стратегийн ангилалд орсон Багануурын ордын нөөцтөй талбайн 60 гаруй хувийг (530 сая тонн) нэгэн хувийн компани эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Та бидний сайн танил Эрдэнэтийн 49 хувийг худалдан авагч өнөөх Цоожийн Пүрэвтүвшин энэ компанийн захирал юм. Тэрээр "Алтайн гянт” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч. Энэ хүн Эрдэнэтийн 49 хувийг гартаа оруулсан шигээ тодорхойгүй байдлаар Багануурын уурхайн нөөцийн 60 хувийг эзэмших болсноор Багануур ДЦС-ын нүүрсний хангалт найдваргүй байдалд орчихоод байгааг огт ярихгүй байна. "Багануур” ХК-ийн зүгээс гаргасан гомдлын дагуу 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ. "Алтайн гянт” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрснөөс 3 жилийн дараа 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх "хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Гэсэн ч "Алтайн гянт” ХХК хөөцөлдсөөр байгаад нэхэмжлэл гаргах эрхээ 2016 онд сэргээлгэж чаджээ. Одоо тэд Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа нь ДЦС-ын нүүрсний хангамж, үнэд хүндрэл үүсэх урьдач нөхцөл болж байна.
Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Эд нараас сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд гадуур тархсан мэдээллээр бол хятадын компаниас их хэмжээний авлига авч, 16 давхар зочид буудлын барилга бариулсан, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан нь тогтоогдсон гэж байгаа.
Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан хятадын компани 60 сая орчим долларыг "тендерт ялахын тулд зарцуулсан” гэх яриа байгааг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Станц барих үнэ өндөр байгаа, хожим цахилгаан нийлүүлэх нөхцөл, үнэ тариф ч монголын эрх ашигт нийцэхгүй байгаа, дээр нь нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй ийм төсөл бидэнд огт хэрэггүй.
Эрчим хүчний яамны одоогийн удирдлага, эрчим хүчний системийн удирдах ажилтнууд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төслийг эртхэн зогсоох, монгол улсын техникийн боломж шаардлагад нийцсэн төслүүдийг илүүтэй дэмжих ёстой болоод байна. Та бүхэн үүргээ эс биелүүлбэл хожмын өдөр буух хариуцлага чанга байх болно гэдгийг сана.
Багануурын ДЦС төсөл нь үндэсний эрх ашигт нийцэхгүй, дутуу боловсруулсан, эсвэл санаатайгаар эрсдэл учруулахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд, АТГ, тагнуулын байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай байна.
Ч.Мөнхбаяр
Нэгдсэн Монгол хөдөлгөөн
ЭХ СУРВАЛЖ: Зууны мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.