Оюутолгойн гэрээг хэрвээ цуцалбал ухсан нүхнийх нь дэргэд элгээ эвхээд амар сайхандаа "жаргана"

2

Сүүлийн үед Оюутолгойн ашиглалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд Дубайн гэрээ тойрсон хуулийн байгууллагын шалгалттай холбоотойгоор "луйвар, булхай"-н тухай нийтээрээ ярьж, бүр гэрээг цуцлах дээрээ тулж эхлээд байна.

Энэ нь А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр"-ийг өөрийн эрхгүй санагдуулах болоод байна. Хуучин муу тэвшээ цаашлаад байшингаа, эр нөхрөө голсон чавганц эргээд байдгийнхаа баруун хаяанд хэвтдэг үлгэрийг өнөөгийн монголчууд тэр дундаа улстөр дэх зарим попууд, тэднийг дагагч сошиалын зарим нөхдүүд, гудамжин дахь нам, хөдөлгөөнүүд санагдуулж байна. 

Хэдий Оюутолгойн гэрээнүүд "но"-той мэт ч үнэндээ бол юу ч нотлогдоогүй, шүүх буруу гэдгийг ч тогтоогоогүй байгаа. С.Баярын Засгийн газар,Сангийн сайд С.Баярцогт нь Оюутолгойн гэрээг батлахдаа "авлига авчихсан" гэх хардлага байгаа ч нотлогдсон юм алга.

Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч Дубайн гэрээнээс "юм" авсан эсэхийг тогтоогоогүй л байна. Энэ мэт хий хоосон хардлагаар асуудалд хандсаар ирсэн, хандсаар байгаа билээ.

2009 оны 10 дугаар сард Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш Монголын эдийн засаг асар их өссөн. Энэ хэрээр Засгийн газар мөнгөнд бялуурч, хайран мөнгийг яйртал тарааж, улстөрчид ашиг хонжоо олсон үеүд ч бий.

Оюутолгойн гэрээ байгуулагдсаны үрээр Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байв. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээр Н.Алтанхуягийн Засгийн газар "Рио"-той учраа олохгүй хоёр жил болоход Монголын эдийн засгийн өсөлт хасах руу уруудаж байв.

Энэ хоёрхон жишээнээс харахад л Оюутолгой өөдтэй ба өөдгүй явснаар юу хожиж, юу алдсаныг харж болохоор. Эдийн засгийн өсөлт, уналтыг зөвхөн Оюутолгойнхон, улстөрчид хүртэхгүй нийтээрээ хүртдэг билээ.

Дараа нь Ч.Сайханбилэг Дубайн хэмээх гэрээг байгуулж, далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засаг сэргэхэд ач тусаа өгсөн.

Энэ тухай Ч.Сайханбилэг АНУ-аас Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад бичсэн захидалдаа дурдсан байна билээ. Тэрбээр "Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгой төслийг хөдөлгөх боломжийг олгосон..." хэмээн бичжээ.

Тэгвэл Уул уурхайн сайд Д.Сумьяабазар "Оюутолгойн гэрээг цуцална гэж мунхаглаж болохгүй" гэсэн нь өнөөдөр салбар хариуцаж байгаа хүний хувьд хэлэх л үг.

Мэдээж Н.Энхбаяр болон түүнтэй хамтрагч хэдэн нөхдийн хүслээр Оюутолгойн гэрээг цуцална ч гэж юу байхав. Гэхдээ ийм шуугиан, авлигын үнэн, худал нь үл мэдэгдэх асуудлууд асар их хортой.

Юутай ч УИХ-аас Оюутолгойг шалгах ажлын хэсэг байгуулаад байна. Тэд хоёр сарын хугацаанд шалгалтаа хийж дүгнэлтээ гаргана.

ҮНЭХЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛБАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Шууд утгаараа:

1. Оюутолгойд ажиллаж буй 10 000 монгол ажилчин ажилгүй болно. 

2. 1400 ханган нийлүүлэгч компани үйл ажиллагаагаа зогсооно. 

3. Оюутолгойгоор амьдардаг хэдэн арван мянган гэр бүл орлогогүй болно. 

4. Улсад хоёр дахь том татвар төлөгч байхгүй болж, төсвийн орлого тасарна.

Шууд бус утгаар ирэх томоохон сөрөг нөлөөллүүд:

1. ОУВС-гийн хөтөлбөр зогсоно.

2. Гадаадын хөрөнгө оруулалт буюу гуравдагч орнуудын зээл,тусламж шууд зогсоно.

3. "Рио Тинто" болон "Туркойз Хилл" Монгол улсын Засгийн газрыг арбитрт өгнө. Харин арбитр нь манай улсыг шууд буруутган гэрээ цуцалтал оруулсан хөрөнгө оруулалтыг нь манайхаас гаргуулах шийдвэр гаргана. 

4. Монгол улсад хоёр хөрш тэр дундаа нүүрс бусад түүхий эдээ зардаг БНХАУ-аас өөр "сайн найз" үлдэхгүй.

5. Улмаар урд хөрш Хятадыг Оюутолгой, Тавантолгойд оруулахаас өөр аргагүй болж, дэд бүтцийн төслүүдийг зөвхөн хоёр хөршөөр гүйцэтгүүлэх нөхцөл байдалд хүрнэ.

Ингээд хэдүүлээ "эвдэрхий тэвшнийхээ дэргэд элгээ эвхээд амар сайхандаа жаргав" гэгчээр Оюутолгойд ухсан 1.5 км нүхнийхээ дэргэд элгээ тэврээд эвхэрч жаргана даа.

Ингэснээр Монгол дэлхийд хамгийн том ялагдагч болж үлдэнэ. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн тухай яриа цаашаа болж, "эх оронч" хэмээн цээжээ дэлдэгсэдийн идэх хоол ч хомсдож ирэх вий. Эцэст нь хэлэхэд Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал бий.

Харин цуцалж л болохгүйг дахин хэлье.

Г.Самбаа


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

buruu tailbarlaad bnda ta guia

:

Г. Самбаа guia buruu cambaa hiigeed baigaarai tiim yum gej haana ch bhgui aytaihan boloh geheer baliar bogs doloogch nar garch iteed bhiin maa piz

Г. Самбаа guia buruu cambaa hiigeed baigaarai tiim yum gej haana ch bhgui aytaihan boloh geheer baliar bogs doloogch nar garch iteed bhiin maa piz