СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН Ш.БАТХҮҮГИЙН ЯРИАГ ГУЙВУУЛСАН УУ?
"Бурхны номоор ч, сэтгүүлчийн ёс зүйн хувьд ч туйлын тоогүй үйлдэл бөгөөд өнөө маргаашдаа болж байгаа мэт санагдаж байвч алс хэтдээ буцахдаа шороо тээх зам гэдгийг анхааралдаа авах биз ээ…” гэх утга агуулгатай үгийг "Жаст”-ын Ш.Батхүү сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд захидалаар дамжуулан илгээжээ. Тэрбээр
"2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн талаар болон түүнд цөөн хэдэн үг хэлье гэж бодож байна. Уг нь миний ярьсан зүйлийг бүтнээр нь гуравдугаар сарын 19-ний өдөр гаргахаар тохиролцож өөрийнх нь хүсэлтээр хоёр цаг орчим ярилцлага өгсөн. Харамсалтай нь, миний яриаг таслан эсрэг утгатай эвлүүлэг хийж гаргасанд туйлын их гайхаж байна.
Өөрийнх нь хэлснээр, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж бодит үнэнийг олон түмэнд хүргэхээр ажиллаж байгаа гэсэн учир уулзаж, бичлэг хийлгэсэн билээ. Би бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа олон хүнд эргэх нэхэлгүйгээр бизнесийн хувьд хөл дээрээ босоход нь тусалж байсан. Тэдний нэг нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан билээ. Дөнгөж бизнесээ эхлээд сандруу явахад нь хүний хувьд сэтгэлээсээ дэмжиж байсныг сэтгүүлч маань мартаагүй байх гэж найдаад түүний хүсэлтийг зөвшөөрсөн. Ийм учраас өгсөн ярилцлагыг эсрэг утгатай болгон, эвлүүлэг хийнэ гэж санаанд орсонгүй.
Уг ярилцлагыг 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 20-22 цагийн хооронд Баянгол ресторанд өгсөн ба хэрэв хоригдвол олон нийтэд хэт тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн тул өөрчлөлтгүйгээр гаргана гэж найдсан. Энэ хэрэг 2013 оноос таван жилийн турш шалгагдаж байгаа тул хууль хяналтын байгууллага нь байр сууриа үнэн бодитоор илэрхийлнэ гэж үзэж байсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад огт хандаж байгаагүй.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ахмад хүний хувьд хэлэхэд, амьдралын амаргүй үеийг туулж байгаа үед итгэж болох хүн гэж найдаж, болсон үйл явдлын талаар бүх мэдээллийг өгч, үгийг минь тэр чигээр нь хүргэнэ гэж бодсон. Ярилцлагыг хэсэгчлэн авч эсрэг утгатай болгон олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь бурхны номоор ч, сэтгүүлчийн ёс зүйн хувьд ч туйлын тоогүй үйлдэл бөгөөд өнөө маргаашдаа болж байгаа мэт санагдаж байвч алс хэтдээ буцахдаа шороо тээх зам гэдгийг анхааралдаа авах биз ээ” гэжээ.
"Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан асуудалд олон хүний нэр яригдаж байгаа ч явсаар ганц буруутнаар "Жаст”-ын Ш.Батхүү тунаж үлдсэн. Засгийн газрын их хэмжээний өрөнд оруулсан гэх үндэслэлээр хоригдож буй түүнээс хамт нэр нь дурдагдаж байсан эрхмүүд нүүрээ буруулж өдгөө түүнийг таних хүн "олдохгүй” болсон бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна.