Засаг даргаа, Төрийн нэр барьсан хулигаануудынхаа нэрийг хэлээч
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан.
Энэ нь одоогоос дөрвөн жилийн өмнөх явдал юм. Тухайн үед буюу 2014 онд нийслэлийн хэмжээнд 408 түргэн үйлчилгээний цэг ажилладаг гэсэн судалгаа байжээ. Гэтэл одоогийн байдлаар нийслэл хотод зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нийт 1000 орчим ТҮЦ бий болоод байна. Дээрх журамд дүүргүүдийн засаг дарга нарын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ний тоог хотын Ерөнхий менежер батална хэмээн заажээ. Гэвч одоогийн байгаа тоо нь нөгөө анх журамлана, цэгцэлнэ, цөөлнө гэж гаргасан дүрэм журмаас хол зөрсөн байна . Учир юунд байна гэвэл шинэ ТҮЦ-ний бизнес хүчээ авсан юм. Хуучнаа бодвол өнгө зүс сайтай орчин үеийн ТҮЦ-үүд нь дунджаар зургаан сая төгрөгийн үнэтэй байсан ч өөрийн хүсэлтээр ТҮЦ ажиллуулж буй иргэд түүнээс нэлээдгүй авсан. Тухайн үедээ ТҮЦ эрхлэгчдэд дүүргийнх нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс тусгай зөвшөөрлийг нь өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр дүүргийн Газрын харилцааны алба нь бид зөвшөөрөл өгөөгүй хэмээн албадан хурааж байгаа нь зүйд нийцэх үү? Хөндлөнгийн хүний нүдэнд төрийн алба хоорондоо ийм уялдаа холбоогүй ажиллаж иргэдийг хохироож байгаа нь мөнгө угаах бизнес болж харагдаж байна.
Өчигдөр өглөө Баянгол дүүргийн Газрын харилцааны хэлтэс болон цагдаагийн хэлтэс хамтран "Өргөө” кинотеатрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-үүдийг албадан журамлах явцад ТҮЦ эрхлэгчидтэй багахан маргаан дэгдэв. Тав зургаахан эмэгтэйн эсрэг төр бүхэл бүтэн хор гучин цагдаа явуулсан нь хажууд нь байсан иргэдэд айдас төрүүлж байлаа. Тэд маш сүртэй автобусны буудал дээр алхам алхамын зайтай зогсон иргэдийг нэврүүлэхгүй байх нь ёстой л төрийн эд хавыг гайхуулж буй мэт. Үнэн хэрэгтээ бид ТҮЦ-ээр үнэгүй үйлчлүүлж тамхи бохьтойгоо залгаж байгаа цагдаа нарыг бишгүй л харж байсан. Ёр нь ч цагдаа гэхээрээ л тийм дээрэнгүй байх ёстой юм уу? Яагаад хэл амаараа тайлбарлаад учир зүйгээ олчихож болдоггүй юм. Дайны хажуугаар дажин гэгчээр Газрын харилцааны хэлтсийнх гэх энгийн хувцастай залуус бол ёстой дунд нь Хонгилдон шиг эргэж байна. Ямар сайндаа л ТҮЦ-ээ ачуулахгүй гэсэн нэгэн эмэгтэй араас нь тэврэн холдуулж байлаа. Нөгөө эмэгтэй нь жирэмсэн гэдэгээ хэлж гэдсээр битгий шахаад байгаач хэмээн уйлан гуйхад тоож байгаа шинж алга. Нөгөө хүн чанар нинжин сэтгэл гэдэг зүйл чинь төрийн албанд орохлоор алга болчихдог эд үү? Тэр залуу эхнэргүй юм аа гэхэд ээжтэй л байлтай. Нэр ус албан тушаалыг нь асуухаар "Даргаас асуу” хэмээн хээв нэг хэлэх нэрээ мэдэхгүй залуус төрд хэрэг байна уу? Ямартай ч Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаас дээрх ажилчдынхаа нэр, албан тушаалыг хэлж хайрла хэмээн хүсье. Анхнаасаа нэр ус албан тушаалаа хэлээд тушаал захирамжаа үзүүлэн ярилцвал эсэргүүцээд байх хүн байхгүй л байх шиг.
Уг нь орой үдшийн цагаар автобусны буудал дээр автобус хүлээн зогсоход ТҮЦ шиг хань байдаггүй л юм. Харанхуй шөнө хүнгүй газар автобус хүлээн зогсож байснаас ТҮЦ-ний гэрэлд зогсож даарвал ороод дулаацах нь хэн хэнд минь хэрэгтэй л юмсан. Даанч автобус хүлээж даарч үзээгүй дарга нар үүнийг мэдэхгүй байгаа бололтой. Үнэхээр л цэгцлэх гээд байгаа юм бол мөнгө төгрөг ашиг харалгүй шудрагаар эрүүл ахуйн өндөр шаардлага шалгуур тавиад тэнцсэн ТҮЦ-үүдээ автобусны буудлуудаар байрлуулвал ядаж л гэмт хэрэгтэн гэрэлд гардаггүй гэгчээр хэрэг зөрчил багасах л байх даа.
niigmiintoli.mn
Сэтгэгдэл байхгүй байна.