Монголчууд хаширдаггүй зангаасаа болж луйварчдын "бай" болсоор...
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр жил хүрэхгүй хугацаанд манай Улсын 35 мянган иргэн олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байна. Манай Улсад "Оriflame”, "Herbalife”, "J time”, "Alivemax”, "Stamford" зэрэг компани олон улсын сүлжээний бизнесийн үйл ажиллагаагаа нэвтрүүлээд байгаа.
Тэгвэл тун саяхан буюу энэ сарын 15-нд сүлжээний бизнес нэрийдлээр монголчуудыг залилсан ОХУ-ын иргэнийг цагдаагийн байгууллагын алба хаагчид саатуулан шалгалтын ажиллагаа эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар уг этгээд монголчуудад 90-100 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус мэдээлэл байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Өнөөдөр Монголд санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл хуулиараа энэ бүхнийг бүгдийг нь хориглочихсон. Гэсэн ч энэ үйл ажиллагаа зах зээл дээр явагдаж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээг татвал https://stamford-market.com/ олон улсын хөрөнгө оруулалт буюу "Stamford Trading Technologies” компани. Энэ компани Монголд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж буй бөгөөд таван ч оффистой болоод амжжээ.
Гэтэл манай улсад Ирландын "Stamford trading technologies” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ. Тэгвэл холбогдох албаныхан Ирландын төв банкнаас "Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компаний санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ.
Монголчууд итгэмтгий дээр нь хаширдаггүй улс юм. Тиймдээ ч луйварчдын "бай” болж, олон хүн хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө олон улсын сүлжээний бизнест залилуулсаар байна.
Г.Сүрэн
Shuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна.