Хотын намын хорооны даргын "жолоо цулбуур" хэнд очих вэ
Өнгөрсөн хавраас эхлэн сураг нь дуулдсан Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал өнөөдөр болно. Энэ удаагийн Бага
Хотын МАН-ын хорооны Бага хурал 6 жилийн турш буюу 2012 оноос хойш хуралдаагүй. Энэ утгаараа хэлэлцэж ярилцах, хийж шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсан байж болох ч даргын сонгуультай жиших юм бол зүгээр л "хүүхдийн тоглоом”.
Нийслэлийн намын хороо сүүлийн нэг жилийн турш үүрэг гүйцэтгэгч даргатай явж ирсэн. Ц.Сандуй ажлаа өгөхдөө тэргүүлэгчдээ хуралдуулаад Хотын дарга С.Батболдыг үүрэг гүйцэтгэгчээр үлдээгээд явсан байдаг. Дүрэм журмаараа бол хотын намын даргыг Бага хурлаасаа сонгох учиртай.
Тэр хурал өнөөдөр эхэлж байна. Уг нь энэ хурал өнгөрсөн хавар болохоор товлогдож байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон.
Нийслэлийн намын хороо гэдэг аль ч утгаараа МАН-ын маш том масс, сонгуулийн үр дүнг тодорхойлогч гол цөм болдог. Учир нь УИХ-ын сонгуулийн 28 тойрог Улаанбаатар хотод байдаг. Ингэж харвал ирэх сонгуулийн ялалт ялагдлын жингийн тухайг барьж байгаа хүн нь яалт ч үгүй Нийслэлийн намын хорооны дарга байх гээд байгаа юм. Энэ утгаараа хариуцлагын хатуу нэхэлтэй сонгуульт ажил болж таарах байх.
Хотын намын Бага хурлыг тойрсон "хар цагаан хэл ам” аль хавраас чих дэлсэж эхэлсэн. Түүнчлэн энэ хурлыг МАН-ын фракци хоорондын тэмцэл, хэн нь явж, хэн үлдэх вэ гэдгийг тодорхойлно гэхчлэн бичиж байгаа. Тийм ч болохоор энэ хурлыг "халуухан” уур амьсгал дунд өрнөнө гэсэн таамагал цахим орчинд хөвөрч байна.
Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх хоёр хүний нэр аль хавраас тодорхой болоод байсан. Тэдгээр нь хотын дарга С.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар. Харин саяхнаас гурав дахь нэр дэвшигчийн нэр дуулдаж эхлэв. Тэр нь Хотын дарга асан Ц.Батбаяр. Намын удирдлагуудад хандаж бичсэн захидалдаа тэрбээр нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөө мэдэгдэж, дэмжиж өгөхийг хүссэн гэх мэдээлэл явж байгаа нь талаар бус бололтой.
Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн жишиг улс төрд бий. Дээрээ тогтсон энэ жишиг дунд доод шатандаа хадгалагдана гэж үзвэл Нийслэлийн Засаг дарга нь хотынхоо намын хороог тэргүүлэх нь зөв хувилбар байж мэдэх юм.
Харин өчигдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд 29 гишүүний 15 нь хүрэлцэн ирсэн байна. Нууц санал хураалтаар хотын дарга С.Батболд 9, Д.Сумъяабазар сайд 6 авчээ. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдын нэрийг Бага хурал руу оруулахаар болсон аж. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж.
МАН-ын энэ удаагийн Бага хуралд 369 төлөөлөгч оролцоно гэсэн мэдээлэл бий. Энэ нь өмнөх хурлаас даруй 100 хүнээр илүү байгаа аж. Дээрх 369-ийн төлөөлөгчийн 69 нь квотоор оролцоно гэж яригдаж байсан. Үүнийг дүрэм зөрчсөн явдал гэж шүүмжилж байгаа ч ингэж шийдвэрлэсэн нь МАН-ын Их хурал болон нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг сонгож ирсэн түүхэн уламжлал, намын дүрэмд нийцэж байна хэмээн тайлбарлаж байгаа билээ.
Өнөөдрийн Бага хурал хотын Намын хороог тойрсон улс төрд цэг тавина гэсэн хүлээлттэй байна.
М.Нэргүй
Сэтгэгдэл байхгүй байна.