ИНГЭХ ГЭЭД Л МАН “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХӨӨЦӨЛДӨӨД БАЙЖ
"Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд улс төрийн халуун сэдэв боллоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 49 хувийг худалдан авсан санхүүгийн эх үүсвэр эргэлзээтэй гэж мэдэгдсэний дараа нөхцөл байдал улам ширүүсэв. "Монголын зэс” корпарацийн захирал Ц.Пүрэвтүвшин УИХ, Засгийн газрын гишүүний "өндөр дээд” нэр хүнд, албан тушаалын давуу байдлаа ашиглан худал мэдээлэл тараасных нь төлөө Л.Оюун-Эрдэнэ сайдыг Иргэний хэргийн шүүхэд өгч, компанийн нэр хүндийг сэргээлгэхээр болсноо зарлав. Засгийн газрын төлөөлөгч, "Монголын зэс”-ийн хуульч нар дахин шүүхийн хаалга сахих нь.
ЗГХЭГ-ын даргын хувьд албан тушаалыг аваад хамгийн түрүүнд хийсэн давшилт нь "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь буюу "Монголын зэс”-ийн эсрэг байлаа.
Нэг зүйлийг сануулахад өнгөрөгч оны есдүгээр сард УДШ-ийн шийдвэрээр, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын шийдвэр хууль бус хэмээн үзэж, энэ талаар гаргасан Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Гэвч шүүхийн шийдвэр гарнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад одоо хэр нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д 49 хувийн төлөөллийг оруулаагүй л байгаа. Харин ч эсрэгээрээ үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг ашиглан 49 хувийг хүч түрэн авахаар улайрч байх шиг. Гэвч ингэж улайрахын учир юу билээ?
Нэг л жишээ харуулъя. Өнгөрөгч оны долдугаар сард буюу УДШ-ийн шийдвэр гарахаас өмнө Орхон аймгийн МАН-ын хорооноос "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд ийм нэг "хайрын захидал” илгээжээ. Намын хорооны дарга Д.Батлут гэгч тус намын хорооны гишүүн, Хүрэнбулаг-1 намын үүрийн даргын сонгуульт ажилтай Төмөр-Очирын Чинзориг гэгч хүнийг үйлдвэрийн Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн ерөнхий инженерээр томилуулах хүсэлтээ ирүүлжээ. Уг нь бол уг хүн нь энэ цехдээ инженерээр ажиллаж байсан хүн юм байна л даа. Гэвч түүнийг ерөнхий инженерээр томилуулах санал гаргахдаа Т.Чинзориг гэдэг хүний инженерийн ур чадвар, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг бус, намын сонгуулийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг хэт дөвийлгөн үнэлсэнд байгаа юм.
Орхон аймгийн МАН-аас ийм бичиг явуулсны яг араас нь аймгийн ИТХ-аас дахиад бас нэг ийм тулган шаардалтыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ирүүлсэн байна. Хэдийн төрийн өмчийн оролцоотой ч бай, аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нам, орон нутгийн удирдлага ийм бүдүүн зүрхтэйгээр оролцож, боловсон хүчний томилгоог нь мэддэг байж болох уу? Удаа дараагийн ийм шахалтыг Х.Бадамсүрэн захирал тэсч гарсан эсэх эргэлзээтэй. Нөгөө "үхээ биз” гэдэг шиг бодвол томилсон л байх л даа.
Нэг муу аймгийн намын хурган дарга нь ингэж оодорч байхад төв намын том дарга нар үйлдвэрийн удирдлагатай яаж харьцдаг нь тодорхой юм биш үү? Үйлдвэрийн 49 хувь сайн ч муу ч нэг хувийн компанийн эзэмшилд байхад ингэж дарамталж байгаа МАН 100 хувь төрийн өмчид авчихвал бүр намаараа очиж суугаад "баах” нь ээ.
FacebookTwitterEmailMore2