Г.Бат-Эрдэнэ: Өргөн нэвтрүүлгийн хуульд иргэд мөнгө нэмж төлнө гэсэн нэг ч үг, үсэг байхгүй
Монголд дэлгэцээр үзүүлэх буюу телевизийн урлаг үүсч хөгжөөд 52 жил болж байна. Энэ хугацаанд Олон нийтийн радио телевизийн хуулиар телевизтэй холбоотой зарим харилцааг зохицуулж иржээ. Товчхондоо, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульгүй өдийг хүрсэн. Бид өнөөдөр чанартай уран бүтээл, сайн мэдээ мэдээлэл бэлтгэж төр түмэнд хүргэх үүрэгтэй. Энэ үүрэг зарим талаараа алдагдсныг өнөөдөр хэн хүнгүй мэддэг болжээ. Иймд Монголын телевизүүдийн холбоо Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болохоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллаж буй юм. Энэ талаар Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, ТУЗ-ийн гишүүн Г.Бат-Эрдэнэ нараас тодрууллаа.
-Ямар ч салбарын харилцааг зохицуулсан хууль маш чухал. Гэтэл бидний салбар ийм хуульгүй явсаар өнөөг хүрчихлээ. УИХ энэ өдрүүдэд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр хэлэлцэж байна. Ер нь хуультай болсноор телевизийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?
-Манай телевизүүд түүхэндээ анх удаа хуультай болох гэж байна. Энэ хуулийн гол амин сүнс телевизийн контентын /бүтээл/ чанарыг сайжруулахад оршиж байгаа. Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүд ийм хуультай болъё, гол концепц нь ямар байх вэ гэдэгт бүгд байр сууриа нэгтгэсэн. Энэ бол дэвшил. Өмнө нь бид зарим тохиолдолд нэгдэж чаддаггүй байсан. Одоо нэгдэж чадаж байна гэдэг гол зарчмаа ойлгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуультай болж байж телевиз чанартай, сайн уран бүтээл хийх юм байна, тэдгээрт ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин хөлс нэмэгдэнэ гэдгийг бид аль аль талдаа ойлгосон.
-Чанартай уран бүтээл хийлээ ч түүнийг дамжуулагч сувгуудад "худалдаж” чадахгүй байна. Сэтгүүлч, уран бүтээлчдийн оюуны талхыг дамжуулагч байгууллагууд үнэ хөлс өгөхгүйгээр аваад олон нийтэд цацаад байна шүү дээ. Үүнийг энэ хуулиар зохицуулах уу?
-Өнөөг хүртэл манай телевизийн салбар контентоо /уран бүтээлээ/ дамжуулагч байгууллагуудад үнэгүй нийлүүлдэг. Нэг ч төгрөгийн төлбөр авдаггүй. Энэ нь эргээд оюуны өмчийн асуудал ярихад хүргэсэн. Оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж байна гээд холбогдох байгууллага нь хэдийнэ тогтоочихсон. Бидний уран бүтээлийг дамжуулагч байгууллага ухрааж үзэх үйлчилгээгээр дамжуулан ашиг олж байна. Ухрааж үзэхэд иргэдийн төлсөн мөнгө контентыг нь нийлүүлж байгаа телевизүүдэд ирдэггүй. Энд согог байгаа биз. Дамжуулагч байгууллагууд байгуулагдсанаасаа хойш маш их мөнгө иргэдийн халааснаас авсан, тиймдээ ч анхны хөрөнгө оруулалтаа хэдийнэ нөхчихсөн. Одоо тэд ашигтай ажиллаж байна. Тийм учраас одоо Монголынхоо уран бүтээлчдийг бодох цаг болжээ.
-Тэгэхийн тулд ямар алхам хийх ёстой юм бэ?
-Телевизийн уран бүтээлчдийн хийсэн контентыг худалдаж мөнгө олж байгаа учраас тодорхой хэсгийг нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд өгөх ёстой. Энэ бол шударга зарчим. Тэд Монголынхоо контентоор дамжуулж мөнгө олдог хэр нь гаднын HBO гэдэг сувагт /компанид/ жилд 1.5 сая ам.доллар төлдөг. Монголчуудын мөнгийг цуглуулаад гадаад руу цацаад байдаг хэр нь яг Монголын амьдралын төлөө мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж байгаа уран бүтээлчдийг үнэлээч ээ гэхээр үнэлдэггүй. Энэ мэт харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулах юм.
-Энэ хуулийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн төлөх мөнгийг нэмсэн зохицуулалттай хууль Монголын телевизүүдийн холбоо батлуулах гэж байна гэх мэдээлэл гарч байна. Тайлбар өгнө үү?
-Энэ бол дамжуулагч компаниудын зохион байгуулалттайгаар явуулж байгаа худал мэдээлэл. Иргэдэд одоо төлж байгаа мөнгөн дээр нэг ч төгрөг нэмэгдэхгүй. Энэ хуульд иргэд мөнгө нэмж төлнө гэсэн нэг ч үг, үсэг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Бид "Та нар одоо олж байгаа мөнгөнөөсөө тодорхой хэсгийг нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд өг. Дээр нь гадаад руу шилжүүлдэг мөнгөө багасга. Энэ мөнгөөрөө Монголынхоо контентыг худалдаж ав” гэж байгаа юм. Үндэсний контентоо үнэлж, хүндэлмээр байна шүү дээ. Энэ ганц телевизийн салбарын асуудал юм шиг сонсогдож байгаа хэр нь түүгээр дамжиж уран бүтээл нэмэгдэнэ, сэтгүүлзүй хараат бус болно, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэнэ, цэвэр өрсөлдөөн явагдаж эхэлнэ. Телевизүүд сайн контент хийхийн төлөө өрсөлдөнө. Ингээд ирэхээр үзэгчдэд үзүүлэх харуулах уран бүтээл чанаржина, цаашлаад соён гэгээрүүлэх үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлнэ. Сэтгэл ханамжтай уран бүтээлчид, сэтгэл ханамжтай уран бүтээл, сэтгэл ханамжтай үзэгчид байна. Ёсзүйтэй, гоозүйтэй сайн контентүүд телевизүүд бэлтгээд үзүүлээд эхэлбэл нийгмийг соён гэгээрүүлнэ. Хуульгүйгээр бид энэ мэт асуудлыг ярих боломжгүй байна. Өмнө нь зөндөө явж үзсэн. Гарт баригдах бодлогын баримт бичиг, хуулиа үзүүл ээ гэдэг. Ийм учраас бид байнга дээрэмдүүлсээр ирсэн. Одоо болсон.
-Хуульгүй учраас оюуны бүтээлээ дээрэмдүүлж байгаа тухай та сая хэллээ. Ер нь дамжуулагч компаниуд иргэдэд бидний уран бүтээлийг худалдаад хэдий хэмжээний мөнгө олдог юм бэ?
-Өдөрт нэг тэрбум орчим төгрөг. 24 цагт иргэдээс тэрбум төгрөг авдаг гээд чи бод доо. Жилд 350 тэрбум төгрөг олдог. Нэгхэн компани шүү дээ. Би чамд нэг судалгаа хэлье. Монголчууд Монгол контентоо үзэж байна, тэр бүр HBO гэх мэт гаднын суваг үзээд суудаггүй юм байна. Тиймээс хулгай дээрмээр авч ирсэн энэ байдлаа зогсоох цаг болжээ. Энэ шаардлагыг бид сүүлийн таван жил тавиад хүч хүрээгүй. Бүр Харилцаа холбооны зохицуулах газрынхантай хүртэл уулзсан. Хуульгүй учраас ямар ч үр дүнд хүрдэггүй. Гэтэл Монголын телевизийн салбарыг чанартай уран бүтээл хийхгүй байна гэж хүн бүр шүүмжилдэг болчихлоо.
Монголын телевизүүдийн холбооны гүцэтгэх захирал Т.Ганзул: Монголчууд өргөн нэвтрүүлгийн контентыг хамгийн их үзэж байна. Тэд өргөн нэвтрүүлгийн уламжлалт мэдээ мэдээлэлд хамгийн их итгэдэг судалгаа гарсан. Тэгэхээр монголчуудын үнэлэмжийг дамжуулагч байгууллагууд одоо хүртэл үнэлэхгүй явж иржээ. Иргэдийн халааснаас 20 мянган төгрөг авах гээд байна гэсэн мэдээлэл явуулж байгаа. Энэ ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлэх ёстой.Монголын телевизүүдийн холбоо, Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлөөлөл энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш хариуцлагатайгаар мэдэгдэхэд иргэдийн төлбөр дээр мөнгө нэмэх зүйл, заалт энэ хуульд огт байхгүй шүү гэдгийг дахин хэлье.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.