Тендер будлиантуулсан “хэргийн эзэн” АТГ-т шалгагдах уу
Төрийн аль ч шатны байгууллагад тендер, төслийн сонгон шалгаруулалтын маргаан, авлига, ашиг сонирхлын асуудал яригдсаар ирсэн нь нууц биш. Авч байгаа нь ч тэр, өгч байгаа нь ч тэр. Ардаа асар их ашиг сонирхол дагуулсан сонгон шалгаруулалт бодит байдал дээр хэрхэн өрнөдөг талаар ихийг өгүүлэх баримтууд ч иргэдийн дунд олон. Үүний нэг жишээ нь, Монгол Улсын Сангийн яамнаас зарласан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалт юм.
Тус сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж, зохих шаардлагыг хангасан компаниуд оролцох ёстой атал Сангийн яамнаас илтэд давуу талыг баримтлан, багагүй зөрчилтэй нэгэн компанийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шууд шалгаруулсан нь ихээхэн маргаан үүсгээд байна. Тухайлбал, Сангийн яамны цахим систем дээр шалгарсан гэх "Цагаан хорол” нэртэй тус ХХК нь гэрээ дүгнэсэн акт байхгүйн дээр зөвхөн улсын комиссын актыг хавсаргасан, мөн тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн зэрэг зөрчлүүд нь АТГ-ын шалгалтаар илэрч, энэхүү сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэхэд хүрсэн аж. Угтаа бол, дээрх зөрчил нь ТШЗ-16.1-д тодорхой заасан, бүрдүүлэх ёстой бичиг баримтын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэх наад захын журмыг зөрчсөн үйлдэл боловч Сангийн яамнаас үүнийг хянан үзэлгүй, дур мэдэн шалгаруулсан нь будлиан үүсгэх гол шалтгаан болжээ.
Иймд тендерт оролцсон компаниудын зүгээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст өргөдөл гаргаж, уг асуудлыг хууль ёсны дагуу нарийвчлан шалгаж өгөх хүсэлтээ гаргасан байна. Тендерийн үнэлгээний хороо нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3-д заасны дагуу хууль ёсны үйлдэл хийхгүй байх, мөн 3.1.4-д зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг далдуур бий болгож байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэмээн тэд үзэж байгаа аж. АТГ-аас ч дээрх сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх болсон нь асуудлыг хянан шалгахад анхаарсны нэг илрэл биз ээ.
Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалын давуу талаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлоо төрийн ажлаас дээгүүрт тавьсан дарга нарын хууль бус шалгаруулалтын цаана хэчнээн иргэн, аж ахуйн нэгж, компаниуд цаг зав, мөнгө санхүүгээрээ хохирч үлддэгийг тоолоход бэрх. "Тендерийн будлиан, маргаанаас болоод улсын бүтээн байгуулалтын ажил таг зогсдог. Цаашлаад будлиан дагуулсан сонгон шалгаруулалт нь ажлын гүйцэтгэл, чанар муутай байдаг асуудлыг таслан зогсооно” хэмээн эрх баригчид индэр дээрээс амаа хаттал ярьдаг ч, энэ он жилүүдэд хөрсөн дээр хэрэгжилгүй хөөс болж замхарсан нь олонтаа. Тэгвэл одоо зөвхөн яам, агентлаг гэлтгүй төрийн аль ч шатны байгууллагад нүүрлэсэн энэ мэт бугшмал асуудлыг АТГ-аас хэрхэн хянаж, авлигын сүлжээг таслан зогсоохыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.