Г.Батмөнх: Өнөө Батмөнх, манай Батмөнх гэж дотночилдог байсан нь хамгийн том шагнал

0
cgu89-p;;po
4mn
Батлан хамгаалах салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан эрхэм нэгэн бууралтай ярилцлаа. Ахмадууд түүнийг "Хүний нөөц”-ийн Батмөнх гэж, харин бид "Ахмадын хорооны” Батмөнх гуай хэмээн тодотгодог. Харин чөлөөнд байгаа дэд хурандаа Батмөнх гэж уншигч танд албан ёсоор танилцуулах нь зүйтэй болов уу.
 
Нутаг ус, аав ээжийн тань тухай ярилцлагаа эхлэх үү?
 
-Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Аав ээж минь жирийн л малчин хүмүүс байсан. 1962 онд цэргийн албанд ирээд түүнээс хойш Улаанбаатар хотод амьдарч байна даа. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд 50 гаруй жил, үүнээс Батлан хамгаалах яаманд 43 жил ажилласан. Тэтгэвэртээ гараад БХЯ-ны Ахмадын хорооны нарийн бичгийн дарга, орлогч дарга, зохион байгуулагч хийж байгаад 2 жилийн өмнөөс албаа өгсөн. Одоо гэр зуур л байна. 
 
Цэргийн албанд татагдсан тэр үеэ эргээд дурсвал...
 
1962 оны 10 дугаар сарын 2-нд цэргийн албанд татагдсан. Цэрэгт ирэхээсээ өмнө сумынхаа эвлэлийн үүрийн дарга, бригадын тоо бүртгэгчийн албыг хашиж байлаа. Тэр үед барилгын цэргийн ангиуд олноор байгуулагдаж байсан үе. Манай аймгийн Цэргийн хэлтсийн дарга Дорж аймгийнхаа цэргүүдийг барилгын ангид өгөхгүй, шугамын ангид хуваарилуулна гэж зүтгээд биднийг маршал Чойбалсангийн нэрэмжит мотобуудлагын 1 дүгээр хороонд хуваарилуулсан юм. Албаа хааж эхлээд 3 сар гаруй болж байтал штабт дуудаж байна гэлээ.
 
Штаб хаана байдгийг ч мэдэхгүй, заалгаж аваад очлоо. Алдар нэр, нутаг ус асуусныхаа дараа "За хө чи хорооны штабын бичээч гэдэг ажлыг хийж чадах уу? Чамайг энд авна аа” гэж байна. Би ч мэдлээ гүйцэтгэе л гэв. Хожим мэдэх нь ээ цэргүүдийн захиаг уншаад бичиг хэргийн чадвар зэргийг нь харж намайг сонгосон байсан.
 
Штабын бичээч салбаруудынхаа илтгэлүүдийг аваад жагсаал ангийнхаа мэдээг гаргана, офицеруудынхаа хувийн хэрэгт баяжилт хийнэ. Сонирхуулахад 100 гаруй офицер, 1000 гаруй цэрэгтэй тэр том хороонд академи төгссөн офицер ганц л байлаа шүү дээ.1962 он буюу биднийг цэрэгт ирдэг жил арми өргөтгөн зохион байгуулагдаж эхэлж байлаа. Бэлтгэл офицеруудыг эргэж татаж байв. Бидэнтэй хамт л гэр орноо ачаад ирж байлаа.
 
Тэр үеэс л та хүний нөөцийн мэргэжилтэн болж эхэлжээ дээ...
 
-1963 оны 6 дугаар сарын 1-нд Их бууны тусгай батальон байгуулагдахад дарга маань намайг тийшээ яв гэсэн. Тэнд салбарын бичээч хийж байгаад техникийн хэрэг хөтлөгч, нууцын даргаар томилогдож хугацааны ахлагч болсон. Тэндээсээ албаа хааж дуусаад халагдсан.
 
Халагдаад энгийн газар ажиллаж байгаад зах дээр даргатайгаа таардаг юм байна. Хаана юу хийж байна гэж асуугаад чамайг улирааж авна гэв. Удалгүй зарлан дуудах ирж Жанжин штабт хэрэг хөтлөгч, улирсан ахлагчаар томилогдсон түүхтэй.
 
Яамны явсан ирсэн бичиг, тамга тэмдэг хариуцна. Жанжин тугийг хүртэл хариуцдаг байв. Ажил үнэхээр их. Цалин багатай, 460 төгрөг. Би чинь Эсгий, эсгий  гутлын үйлдвэрт 1200 гаруй төгрөгийн  цалинтай байсан болохоор тийшээгээ эргээд очъё гэж шийдээд  Жанжин штабын 1 дүгээр орлогч дарга Жамган гуайд хэлтэл өргөдлөө бичээд ир гэж их л ширүүн хэлж байна. Гялс бичээд ортол цохоод л өглөө. Авч гараад унштал "Ахлагч Батмөнхийг офицероор дэвшүүл” гээд цохчихсон байсан. Тэгээд л офицер болж эргэж буцалтгүй, чиний хэлснээр хүний нөөцтэй холбогдсон доо. 1971 онд яамны Боловсон хүчний газарт томилогдсон. Тэр үед Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайдаар Ж.Лхагвасүрэн, Улирагсад хариуцсан орлогч сайд бөгөөд иргэний агаарын харилцааны газрын дарга Цог гуай байсан. Дандаа мундагчуудтай ажилласнаараа үргэлж бахархаж явдаг юм.
 
Та яг ямар ажил хариуцдаг байв?
 
-Шагнал урамшил, тэтгэвэр тэтгэмж, өргөдөл гомдол хариуцаж байсан. Яамны бүх офицерын картыг хариуцна. Тэр үед сайдын тушаалаар жилдээ 2 удаа цол олгодог байлаа. Хугацаа нь болсон хүмүүсийн жагсаалт гаргана. Анги байгууллагуудын цолны саналыг авна. Шаардагдах материалыг нь бүрдүүлээд хэлтсийн зөвлөгөөнөөр оруулна. Дараа нь намын комиссын хуралдаанаар оруулна. Тэнцсэнийг нь  Улс төрийн товчооны коллегийн хуралд оруулна шүү дээ. Яггүй шат дамжлага байгаа биз.
 
Тэр үед Он удаан жилийн  шагнал буюу одон медалиар шагнадаг байлаа. Шагнал авах хүмүүсийн материалыг бүрдүүлэх ажил Цэргийн баяр өнгөрөөгөөд эхэлнэ. Тодорхойлолт бичнэ гэж ёстой тамын ажил байлаа шүү дээ. Бичнэ, засна. Тэгж тэгж Сайд нарын зөвлөгөөнөөр оруулна. За тэгээд дараа нь Төв хороо руу явуулна. Тэнд  очоод хасагдана. Дараа нь Их хурал дээр ирж байж зарлиг гарна.
 
Тодорхойлолтоо хамгаална. Гэртээ харина гэдгийг мартана шүү дээ.  1982 онд БНМАУ-ын СнЗ-д 1000 гаруй хүний одон медалийн жагсаалт оруулж шийдвэрлүүлсний 900 гаруй хүн ямар нэгэн одон медалиар шагнагдаж билээ. Мөн 1977 онд "Говь-77”, Монгол Зөвлөлтийн армийн хамтарсан хээрийн сургуулиудад оролцсон 700 шахам хүнийг 10-аад төрлийн шагналаар шагнуулахаар тодорхойлолт, материалыг нь Бээжин дарга бид хоёр 7 хоногийн дотор бүрдүүлсэн. Дээр нь яамны шагналууд нэмэгдэнэ. Анги байгууллагын ой гээд завсраар нь шагнах зүйл мундахгүй. Долоодугаар сар гэхэд жилд хийх ажлаа цагаар нь тооцоход дуусгасан байдаг байлаа.  1976 онд орон тоог өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнтэй болж арай хөнгөрсөн. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал ч бас яггүй. Гэр нь шатсан, амралт сувилалд явмаар байна гээд л. Тэр бүрийг нэг бүрчлэн шалгана шүү дээ. 
 
Та түрүүн дайнд оролцогсдод үнэмлэх олгож эхэлсэн талаар цухасхан дурдаад өнгөрсөн... 
 
-1986 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч дайнд оролцсон хүмүүст үнэмлэх олгож баталгаажуулах, тэдний асуудлыг шийдэх том ажил зохион байгуулсан. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон хүмүүсийн материалыг бэлтгэн Сайд нарын зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулсан юм. 1978 он гэхэд 8000 гаруй хүнд үнэмлэх тэмдэг олгосон. Энэ ажлын голыг нугалсан гэж боддог. 
 
сонин mn
Ажил л хойно алдаа гарч зэмлэл хүртэх үе байсан л байх...
 
-Айхтар том алдаа дутагдал гаргаж байсангүй ээ. Надаас шууд шалтгаалаагүй ч нэг удаа том алдаа гарсан нь одоо бодоход хөгжилтэй ч гэмээр. Нэг орой ажил тарахын алдад дарга дуудаад Сайд одоо яаралтай ЗХУ-ын ЗХЖШ-ын академийг Сүхбаатарын одонгоор шагнуулах тухай тодорхойлолтыг орос монгол хэлээр бичээд ир гэж байна гэв. Монголоор биччихээд Сайдын нарийн бичгийн дарга Мянганаар орчуулга хийлгээд сайдаар гарын үсэг зуруулаад л яаралтай шуудангаар явуулчихлаа. Тэгсэн өглөө дарга их ууртай байна. Яасан бэ дарга аа гэсэн нөгөө бичиг чинь буцаад ирсэн гэж байна гээд өглөө. Хартал "Ийм академи байдаггүй” гээд  Цэдэнбал дарга улаан харандаагаар цохчихсон байсан. Мань эр орчуулахдаа генералный гэдэг үгийг нь орхичихгүй юу. За тэгээд бөөн хэрэг мандлаа даа. Яаралтай засаад Цэдэнбал даргад аваачиж өг гэж байна. Яваад л очлоо. Би тэрүүгээр чинь сайд дарга нарын өрөөгөөр нэг бус удаа очиж бичиг сачиг хүргэж өгдөг байсан.
 
Ганцхан Бал даргын өрөөнд л орж үзээгүй. Далимд нь ороод үзье гэж бодоод амжсан. Яваад ортол үүднийх нь өрөөнд туслах Батцэнгэл гуай тосоод чи байж бай би ороодохъё гээд аваад орж билээ.
 
Бас Бал даргын өрөөнд орчих санаатай. Үдээс хойш нь Дорж сайд манай газрын дарга хурандаа Загдсүрэн гуай бид 2-ыг дуудууллаа. Сайд ширүүн байна аа, хэн орчуулгыг нь хийсэн юм бэ гэхээр нь би танай орчуулагч хийсэн гээд л хэлээд тавьчихлаа. Мань эр дуугүй байж байснаа муусайн цуснууд өөрсдөдөө арга хэмжээ авсан тушаал төлөвлөөд одоо аваад ир гэсэн. Дарга бид хоёр мэдлээ гээд л гарсан, гараад л дахиж ороогүй, мартуулсан. И йм нэг түүх байдаг юм. Сайд дарга нар бүгд л надад сайн хандана.
 
Өнөө Батмөнх, манай Батмөнх гээд дотночилдог байсан нь хамгийн сайхан магтаал, хамгийн том шагнал юм даа. Ажлаас болж муудалцах, санал зөрөлдөх үе ч байсан. Хүн чанартай, ажлын төлөө сэтгэл зүтгэлээ бүрэн зориулдаг сайхан дарга нартай ажиллаж байлаа. Цог гуай "Би явлаа шүү гарын үсэг зуруулах юм байна уу” гэж асууна, коридорт хүртэл таарахаараа  гарын үсэг зураад л өгдөг байсан.
 
Дорж сайд гарын үсгээ их сонин зурна, заримдаа чи дуурайлгаад зурчхаарай гэдэг сэн. Манай боловсон хүчний хэлтсийн дарга газрын орлогчоор ажиллаж байсан хурандаа Н.Бээжин гуай шиг сайн хүн, дарга ховор гэж би боддог юм. Энэ хүн бидний дарга төдийгүй аав, ах, багш шиг хүн байсан даа.
 
Таныг цэрэгт байх үед нөгөө дэг энэ тэр байсан уу?
 
-"Ямар ч тийм юм байгаагүй. Сахилга дэг журамтай. Офицерууд ховор үзэгдэнэ. Бага дарга нар л удирдана. Хоол унд хачин сайхан. Махны норм гэхэд л одоогийнхоос хамаагүй илүү. Сахилга, дэг гэснээс өвгөн ах нь нэг юм хэлчих үү.
 
Бололгүй яах вэ...
 
-"Маш нууц” гээд кино байна аа. Тэр кино түүхийг дэндүү гуйвуулсан. Хүүхэд залууст цэргийн албаны талаар буруу ойлголт өгч байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Би бүр зориуд хэлье гэж бодсон юм. Мэддэг бид хэд нь үхээд өгнө хэн үнэнийг хэлэх юм. Бас энэ цолны тухайд эмзэглэж л явдаг юм. Яасан ч олон хурандаа төрдөг юм. Энэ хэрээрээ цолны нэр хүнд буураад байна уу даа гэж бодогддог.
 
Уншигчдад маань хандаж үг сургаалаа хэлэхгүй юу?
 
-Алдаа дутагдал гаргахгүйг хичээж чин сэтгэлээ зориулж ажиллавал  бүх зүйл аяндаа бүтдэг юм шүү.
 
 
Ярилцсан дэд хурандаа Х.ГАНЗУЛ
ЭХ сурвалж: "Соёмбо" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.