Сийлбэрч М.Жаргалмаа
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
"Зууны мэдээ” сонин "Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Энэ удаа Монгол түмний дахин давтагдашгүй өв соёлын нэг сийлбэрийн урлагтай амьдралаа холбож, өдгөө 12 жил тасралтгүй ажиллаж буй сийлбэрч, зураач М.Жаргалмааг онцолж байна.
"Хутга барьж, сийлбэр хийж чадах бил үү гэж бодсон”
Багшийг Б.Батцоож гэдэг. Тэр үед багш маань "Сийлбэрийн ангид яагаад эмэгтэй хүүхэд сурч болохгүй гэж. Манай зэргэлдээ ангид нэг охин байдаг” гэж хэлж байсан. Хутга барьж, сийлбэр хийж чадах бил үү гэж тэр үед дотроо бодсон ч багшийг чадна гэж хэлэхэд урам орж сийлбэрийн ангид орсон” гэлээ.
Энэ үеэс л нийтлэлийн баатар маань мэргэжилдээ дурлаж, ирээдүйн мэргэжлээ болгохоор зорьжээ. Түүнийг Дүрслэх урлагийн дээд сургуулийн сийлбэрийн ангид орно гэхэд гэр бүл нь их дэмжсэн байна. Ээж нь "Миний охины л амьдрал. Тиймээс амьдралын замаа өөрөө сонго” гэж хэлж байжээ. Ийнхүү шалтгалтаа амжилттай өгч сийлбэрийн ангид элсэхэд ээж нь баярлаж, зургийн хэрэгсэл авч өгч байсан тухай дурсамжаа хуваалцлаа.
М.Жаргалмаа сургуулиа төгсөтлөө дөрвөн курстээ ганцаараа эмэгтэй оюутан байж. Нэгдүгээр курсэд ороход н.Цогбаяр багш нь "Нэгэнт л мэргэжлээ болгохоор зорьсон юм чинь шантралгүй сургуулиа төгсөөрэй” гэж захиж байжээ. Оюутан байхаасаа сийлбэр хийж эхэлсэн байна. Сийлбэрч мэргэжлийн давуу тал нь өөрөө хичээж чадвал ажиллах боломж дүүрэн байдаг гэдгийг онцолж байв. Ийнхүү тэрбээр СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2011 онд, сийлбэрч, зураач мэргэжлээр төгссөн байна.
Дүрслэх урлагийн дээд сургуулийн түүхт 78 жилийн ой энэ жил тохиож буй. Тус сургуульд өнгөрсөн хугацаанд мэргэжлийн сийлбэрийн ангид таван эмэгтэй оюутан сурч, төгсжээ.
М.Жаргалмаа сургуулиа төгсөөд бие дааж анхны том бүтээлээ хийжээ. Энэ тухайгаа "Цочин болдогт "Хайрын бэлэг II” амралтын газар бүтэн сийлбэртэй таван ханатай, гэр тавилгатай нь хийж байсан. Тус амралтын газрын захирал дөнгөж төгссөн эмэгтэй хүнд итгэл хүлээлгэж, том ажлыг хариуцуулж хийлгэсэнд баярладаг. Би бүтээлдээ эх үрийн харилцааг тусгахыг зорьдог. Ээж болсны дараа энэ мэдрэмж илүү нэмэгдсэн” гэсэн юм.
Сийлбэрчний хамгийн чухал багаж хэрэгсэл бол гар багаж хутганууд байдаг. Анх сийлбэр хийж сурахад хамгийн хүндрэлтэй нь хутга ирлэх байжээ. Хутаг, багаж бол бидний мэргэжлийн хамгийн үнэ цэнтэй зүйл. Тиймээс хутгаа газар тавьдаггүй. Мөн бие биедээ дамжуулдаггүй гээд их дээдэлдэг гэдгийг М.Жаргалмаа онцолж байлаа. Тэрбээр "Анх сийлбэр хийж сурахдаа хутга ирлэж чаддаггүй байлаа. Налууг нь зөв тааруулж билүүдэж, точилд барьж чадахгүйгээс болж сэтрэх, хугарах тохиолдол гарна. Арав гаруй жил хутга ирлэх ухаанд суралцаж, одоо бол сайн ирлэдэг болсон. Миний багаж 15 жил болж байгаа гэхэд одоо л бага зэрэг илэгдэж байгаа. Сийлбэр бол тэвчээрийн урлаг. Энэ нь багажаа ирлэхээс эхэлдэг” хэмээн мэргэжлийнхээ онцлогийг дурдлаа. Харин хат сайтай төмөр олж, хатаагаад сийлбэрчид өөрсдөө багажаа хийдэг аж.
Дөрвөн цагийн хөрөөний тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ
Уран бүтээлч бүрт бүтээл төрөх агшин, арга барил гэж бий. М.Жаргалмаагийн хувьд сийлбэрээ хийхдээ хөнгөн хэмнэлтэй дуу, аяыг чихэвчний хөгжмөөр сонсож, бүтээл хийх орчноо бүрдүүлдэг аж. Ийнхүү тэрбээр нарийн мэдрэмж шаардсан сийлбэрийн урлагт 12 жил тасралтгүй ажиллаж байна. Мөс цас, мод, гээд олон материал дээр сийлбэр урлаж, эх орныхоо нэгэн өв соёлыг түүчээлэн яваа нэгэн. Жишээлбэл, Японд дөрвөн цагийн хөрөөний тэмцээнд оролцож, гуравдугаар байранд оржээ. Тэмцээнд оролцож буй сийлбэрчид нэгэн зэрэг хөрөөгөө асааж, дөрвөн цагийн хугацаанд бүтээлээ хийж дуусах ёстой байна. Энэ тухай тэрбээр "Тэмцээний үед жаахан цаг гарвал цаг руу харж, хийх ажлаа төлөвлөнө. Хөрөө тавих боломж олдохгүй дөрвөн цаг өнгөрсөн. Энэ тэмцээнээс их туршлага хуримтлуулсан. Олон улсын тэмцээнд оролцох замыг сийлбэрт зүрх сэтгэлээ зориулж яваа уран бүтээлчид маань нээж өгсөн. Бид энэ зам мөрөөр тэмцээнд амжилттай оролцож, олон улсын тэмцээний шүүгчээр хүртэл уригдаж ажиллаж байна” гэлээ.
"Үргэлж шинийг сурч, мэдэх бүртээ мэргэжилдээ улам дурладаг”
Нийтлэлийн баатар маань мэргэжлийнхээ сайхныг ийн хуваалцсан юм. Тэрбээр "Өөрийнхөө үзэл бодол сэтгэлд байгаа зүйлээ биетээр урлана гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Хүний сэтгэлд баяр, гуниг аль ч оршиж болно. Түүнийгээ хэн нэгэнд илэрхийлэх боломжгүй байсан бүтээлээрээ илэрхийлж чаддаг гайхалтай мөн чанар сийлбэрч мэргэжилд оршдог. Мөн цагт баригдахгүй ажлаа хийж чаддаг. Гэр бүл, хүүхэд өөртөө хүссэн үедээ цаг гаргах боломжтой. Тэвчээрийн ухаанд суралцахаас гадна, сууж сурах, шантрахгүй өөрийгөө дайчлах зан чанарыг суулгадаг. Нэг зүйлийг өдөр бүр хийдэггүй учраас үргэлж шинийг сурч, мэдэх бүртээ мэргэжилдээ улам дурладаг. Нэг бүтээлийг хийх тулд удаан сууж төвлөрөх шаардлагатай. Үүнийхээ үр дүнд хэдэн зуунд үнэ цэнээ алдахгүй хадгалагдах бүтээл урлаж чаддаг. Мөн сийлбэрийн урлаг мөс цас, мод, элс, чулуу, интерьер олон салбарт хөрвөж ажиллах боломжтой” гэсэн юм. Үнэхээр сийлбэрийн урлагаас түүний амьдралыг ялгаж салгахын аргагүй орон зай аж. Түүний гэр бүлийн хүн мөн сийлбэрч мэргэжилтэй гэнэ. Хамтдаа чулуун баримал, чулуун хийцлэлтэй суварга хөшөө хийдэг "Боржин суварга” компанид ажиллаж байгаа аж. М.Мөнхжаргал тус компанид ажиллаж эхэлснээр чулуун дээр сийлбэр хийхийг суралцаж байна.
Нарийн мэдрэмж, тэвчээр, цаг хугацаа, сэтгэмж шаарддаг сийлбэр хэмээх урлагийн том орон зайд нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж яваа М.Жаргалмааг энэ удаагийн дугаартаа онцоллоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 83 (7068)
Сэтгэгдэл байхгүй байна.