“Бордюр ажиллагаа”-г хэнтийнхэн голлон гүйцэтгэж байгаагийн учир юу вэ, хотын дарга аа

0

“Бордюр ажиллагаа”-г хэнтийнхэн голлон гүйцэтгэж байгаагийн учир юу вэ, хотын дарга аа

 Хотын дарга Х.Нямбаатар хагас сар гаруй бордюрт хайр зарлахаас өөрийг хийсэнгүй. Бордюрыг муулсан болгонтой Х.Нямбаатар муудалцаж байна. Жишээ нь, Х.Баттулга бордюр муулж байгаад Х.Нямбаатарт "гардуулсан”. Хариуд нь Х.Нямбаатар Х.Баттулгын булайг нь дэлгэж, өдөрт нэг баримтыг нь илчилнэ гэдгээ амласан. Тэр байтугай, сүүлийн үед Х.Нямбаатар сольсон бордюруудаа эртний хөөрөг шиг нандигнаж, шөнө бүр эргэж тойрдог, эмтэрсэн эсэхийг нь нэг бүрчлэн шалгадаг боллоо. Хоёр хоногийн өмнө нэг бордюр хагарч эмтэрсэн байхыг олж, "хэргийн эзэн”-ийг эрэн сурвалжилсны эцэст З.Энхболд алх бариад явж байсныг тогтоож, олон нийтэд зарласан. З.Энхболд дөрвөн жил модон алх барьж, УИХ-ын даргын сэнтийд суусан хүн. Тэгэхээр Х.Нямбаатарт З.Энхболдыг л алх ашиглахдаа мэргэжлийнх гэж тооцсон байх талтай. Ямартай ч, Х.Нямбаатарын хувьд бордюр бол бүх юм нь болчихсон аятай л байна. 
 
Гэтэл Хотын дарга Х.Нямбаатараас гадна бордюрт хачин их хайртай, хамгаалагч нэг байгууллага гарч ирсэн нь Монголын авто замчдын холбоо. Жишээ нь, өнгөрөгч мягмар гарагт Монголын авто замчдын холбооноос хэвлэлийн бага хурал хийж "Монгол хүн дээлээ солихдоо эмжээрээ сольдог шиг бордюроо заавал солих ёстой” гэх мэтээр уянгалж, улаанбаатарчуудыг "найрах” гэж оролдсон. Эгээ л "Ийм сайхан бордюрыг ингэж битгий харлуулаач” гэж уйлцгаасангүй. 
 
       Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар болон Монголын авто замчдын холбоо хүч хавсран, бордюрыг ийн цээжээрээ хамгаалж буйн цаана их учир бий бололтой юм. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарыг Хэнтий, бүр Бэрхийн угшилтайг хүн бүр мэднэ. Тэгвэл өдгөө Улаанбаатарын "бордюр ажиллагаа”-г Хэнтийнхэн голлон гүйцэтгэж байгаа бөгөөд гол нь тэд Монголын авто замчдын холбоог хамтран удирддаг болж таарч байна. 

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХЭНТИЙН УУГУУЛ М.ГАН-ЭРДЭНЭ "ЗААМБАР" ХХК-ААРАА "БОРДЮР АЖИЛЛАГАА"-НААС 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН

      Монголын авто замчдын холбооны тэргүүнээр Занабазарын Батбаяр, гүйцэтгэх захирлаар нь Манлайн Ган-Эрдэнэ гэгч ажилладаг. З.Батбаяр, М.Ган-Эрдэнэ хоёр 1997 онд Техникийн их сургуулийн авто замын инженерийн ангийг хамт төгссөн, 30 гаруй жил нөхөрлөж буй найзууд. Гол нь, З.Батбаяр, М.Ган-Эрдэнэ хоёр "Заабар” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэдний "Заабар” ХХК нь "бордюр ажиллагаа”-ны цөм хэсэг буюу Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх, бордюрыг нь солих 5.7 тэрбум төгрөгийн тендерийг авсан. Одоог хүртэл З.Батбаяр, М.Ган-Эрдэнэ хоёр бордюраа сольж дуусаагүй, Нисэх, Яармагийнхнийг түгжрүүлж, бухимдуулсаар буй. 
 
Тэгвэл Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал, "Заабар” ХХК-ийг эзэмшигч М.Ган-Эрдэнэ нь Хэнтий аймгийн уугуул. Хэнтий аймгийн 1-р сургуулийг 1993 онд төгссөн. Сонирхуулахад, 2020 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаас ЦЕГ-ын даргаар томилогдож асан Ж.Болдын нөгөө анги, нэг төгсөлтийнх. 
Тайлбар: Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал, "Заабар" ХХК-ийг эзэмшигч М.Ган-Эрдэнэ болон тендерийн баримт

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ХЭНТИЙН ХҮРГЭН Д.БАТБАЯР "БАТКУБИК" ХХК-ААРАА "БОРДЮР АЖИЛЛАГАА"-НААС 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН

 
     Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Доржпаламын Батбаяр гэх эр ажилладаг. Д.Батбаяр нь "Баткубик” ХХК-ийн Ерөнхий захирал. Харин Д.Батбаярын "Баткубик” ХХК нь энэ онд нийслэлийн дөрвөн байршилд зам засах, бордюр солих 18 тэрбум төгрөгийн тендер дангаараа авсан. Өөрөөр хэлбэл, "бордюр ажиллагаа”-г голлон гүйцэтгэж буй компани. Тухайлбал, "Баткубик” ХХК нь: 
 
- Богд уулын арын авто замыг шинэчлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
 
- Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх 2.7 тэрбум төгрөгийн тендер
 
- Амгалангийн авто замыг шинэчлэх 4.7 тэрбум төгрөгийн тендер
 
- Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендер тус тус авсан. 
 
      Гэтэл Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Баткубик” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Батбаярын эхнэр Батмөнхийн Энхтуяа нь мөн л Хэнтий аймгийн уугуул. Хэнтий аймгийн Хэн хэнтий цогцолбор сургуулийг 1997 онд төгссөн. Илүү ноцтой нь, Б.Энхтуяа нь өдгөө "бордюр ажиллагаа”-г зохион байгуулж буй Нийслэлийн Замын хөгжлийн газарт лавтай 2017 оноос хойш Авто зам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Санхүү хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Гэхдээ нөхрийнхөө "Баткубик” ХХК-ийг АТГ-т мэдүүлээгүй байна. Ашиг сонирхлын асар ноцтой асуудал мөн биз дээ. Адаглаад л маргааш зарлагдах тендерийн мэдээллийг өмнөх шөнө нь эхнэр нь нөхөртөө шивнэчихсэн байвал яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 
Тайлбар: Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Баткубик" ХХК-ийн захирал Д.Батбаяр, эхнэр Б.Энхтуяа болон тендерийн баримт
Нэгтгэж харвал, "бордюр ажиллагаа”-наас Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ "Заабар” ХХК-аараа 5.7 тэрбум төгрөг, Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр "Баткубик” ХХК-аараа 18 тэрбум төгрөг буюу буюу нийт 23.7 тэрбум төгрөг авсан байна. Гэтэл М.Ган-Эрдэнэ нь Хэнтийн унаган, Д.Батбаяр нь Хэнтийн хүргэн. Тэгээд болоогүй, тэд Х.Нямбаатарт хүч хавсарч, Монголын авто замчдын холбоогоороо бордюр өмөөрсөн хэвлэлийн хурал хүртэл хийж байна. Энэ санаандгүй давхцал гэж үү.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.