“Алхам ч ухарч болохгүй" буюу тушаал № 227
Та бүхэнд Сталины алдарт, бас аймшигт № 227 тушаалыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Энэ тушаалыг "Алхам ч ухарч болохгүй” гэж нэрлэдэг. Энэ тушаал хүнд ширүүн Сталинградын тулалдаан, Кавказын байлдааны өмнөхөн гарсан юм. Сталин энд ард түмнээсээ юу ч нуугаагүй зөвхөн нүцгэн үнэнийг хэлсэн юм. Ийм учраас энэ тушаалыг арми, ард түмэн сэтгэл зүрхээрээ хүлээж авсан гэдэг. Эндээс Улаан Арми ухралтаас давшилтад, улмаар ялалтад хүрсэн буухиа эхэлсэн гэж түүхчид нэгэн дуугаар дүгнэдэг. Дашрамд дурдахад энэ нь ялалтыг зөгнөсөн мэт уг тушаал дотор байгаа. Энэ тушаалын ёс суртахууны асуудал одоо ч гэсэн их маргаан дагуулдаг болохоор манайд социализмын үед ч орчуулж байгаагүй болов уу. Одоо манай залуус үүнийг заавал мэдэх ёстой гэж бодож байна. Энэ тушаалын үг үсэг бүрээс дайны дарь утаа, энэрэл байхгүй хатуу ширүүн одоо ч гэсэн илт үнэртэнэ. Ямар ч гэсэн ялалтыг ямар их үнэ цэнээр олдгийг мэдэрч болно. Магадгүй ингэж байж ялалт байгуулдаг байж ч магадгүй. Учир нь хүний толгой илж, өрөвдөж, гуйж байгаад ялдаг дайн гэж ганц ч байхгүй л дээ…
ЗХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ АРДЫН КОМИССАРЫН ТУШААЛ
Улаан Армид сахилга, дэг журам бэхжүүлэх хийгээд
байлдааны байрлалыг дур мэдэн орхих явдлыг хориглох тухай
1942 оны 7 дугаар сарын 28. № 227 Москва хот
Дайсан асар их хохирол хүлээж байгаагаа үл харгалзан фронтод улам бүр
шинэ шинэ хүч хаяж, Зөвлөлт Холбоот Улсын гүн рүү урагш нэвтэрч, шинэ
нутгийг эзлэн авч, манай хот тосгодыг үгүйрүүлэн хоосруулж, хүчирхийлж,
дээрэмдэж, зөвлөлтийн хүмүүсийг алж байна. Байлдаан Воронеж, Доны бүс
нутаг, Умарт Кавказын хаалган дээр болж байна. Немцийн булаан эзлэгчид
Сталинград, Волга руу зүтгэж, улмаар Кубань, Умард Кавказыг нефть, талх
тарианы баялагтай нь хамт ямар ч үнээр хамаагүй булаан эзлэхийг хүсч
байна.
Дайсан аль хэдийн Ворошиловград, Старобельск, Россошь, Купянск,
Валуйки, Новочеркасск, Ростов на Дон болон Воронежийн хагасыг эзлээд
байна. Гэтэл Өмнөд фронтын цэргийн зарим хэсэг сандран мэгдэгчдийг
дагалдан Ростов, Новочеркасскыг Москвагийн тушаалгүйгээр онцгой
эсэргүүцэл үзүүлэлгүй орхиж дайчин тугаа шившигт хутгав.
Улаан Армийг хайрлаж, хүндэтгэдэг манай орны хүн ам түүнд сэтгэл
алдарч, Улаан Армид итгэх итгэлээ алдаж байна, тэдний олонхи нь Улаан
Арми манай ард түмнийг немцийн дарангуйлагчдын дөнгөнд өгч байна гэж
хараан зүхэж, өөрсдөө дорно зүг рүү дүрвэж байна.
Фронтод буй зарим ухаан муутай хүмүүс бид уудам их газар нутагтай, хүн
ам олонтой учраас бидэнд талх тариа ямагт хангалттай учраас дорно зүг
цааш ухарч болно гэсэн яриагаар өөрийгөө тайтгаруулж байна. Үүгээрээ тэд
фронт дахь шившигт үйлдлээ цагаатгахыг хүсч байна. Гэхдээ ийм яриа нэвт
шувт худал хуурмаг бөгөөд зөвхөн манай дайснуудад л ашигтай юм.
Одоо дарга бүр, улаан армийн цэрэг бүр, улс төрийн ажилтан бүр манай
хэрэгсэл хязгааргүй биш гэдгийг олйгох хэрэгтэй. Зөвлөлт Холбоот Улсын
газар нутаг бол элсэн цөл биш, энэ бол хүмүүс, ажилчин, сэхээтэн хүмүүс,
манай эцэг , эх, эхнэр, ах дүү, хүүхдүүд юм.
Дайсан эзлэн авсан болон эзлэн авахыг санаархаж буй ЗСБНХУ-ын газар
нутаг бол арми болон ар талд зориулсан талх тариа, хүнсний бусад
бүтээгдэхүүн юм, энэ бол аж үйлдвэрийн металл, шатахуун юм, мөн манай
армийг зэвсэглэл, галт хэрэгсэл, төмөр замаар хангагч фабрик заводууд
юм.
Украин, Белорусс, Балти орчим, Донбасс болон бусад салбарыг алдсанаар
бид хамаагүй бага газар нутагтай болов, энэ нь хамаагүй цөөн хүн ам,
хамаагүй бага талх, металл, завод, фабриктай боллоо гэсэн хэрэг юм.
Бид 70 гаруй сая хүн ам, жилийн 800 пүү илүү үр тариа, жилийн 10 сая
тонн металлаа алдаад байна. Одоо бидэнд немцүүдийг хүн хүчний нөөцөөрөө
ч, талх тарианыхаа нөөцөөрөө ч даван гарах юу ч байхгүй.
Одоо цааш ухрана гэдэг бол өөрөө өөрийгөө хөнөөнө, үүний хамт Эх орноо
хөнөөнө гэсэн хэрэг юм. Одоо бол бидний орхисон сөөм газар болгон
дайсныг бүх талаар бэхжүүлж, манай хамгаалалт, манай Эх орныг бүх талаар
сулруулах болно.
Ийм учраас бид уудам их газар нутагтай, манай орон агуу том, баян, хүн
ам олон, талх тариа ямагт элбэг дэлбэг байна, иймээс бид эцэс төгсгөлгүй
ухарч болно яриаг язгуураар нь тас цохих хэрэгтэй. Ийм яриа цуурхал
хуурамч бөгөөд хортой, эдгээр нь биднийг сулруулж, манай дайсныг хүчтэй
болгоно, учир нь бид ухрахаа зогсоохгүй бол талх тариагүй, шатахуун
түлшгүй, металлгүй, түүхий эдгүй, фабрик, заводгүй, төсөр замгүй үлдэнэ.
Эндээс ухрахыг зогсоох ёстой гэсэн дүгнэлт гарна.
Алхам ч ухарч болохгүй ! Одоо энэ бол манай гол уриа болох ёстой.
Одоо байрлал бүрийг, Зөвлөлтийн метр газар бүрийг эцсийн дусал цусаа
дуустал шаргуу хамгаалж, Зөвлөлтийн сөөм газар бүрийн төлөө сүүлчийн
боломжоо дуустал зууралдан тулалдах ёстой.
Манай Эх орон хүнд өдрүүдийг туулж байна. Бид ямар ч үнээр хамаагүй
дайсныг эхлээд зогсоох ёстой, дараа нь таягдан хаяж, бут ниргэх ёстой.
Немцүүд сандран мэгдэгсдийн бодож байгаа шиг тийм хүчтэй биш юм. Тэд
сүүлчийн хүчээ дайчилж байна. Одоо, ойрын хэдэн сарын дотор тэдний
цохилтыг тэсэн гарч чадвал энэ нь бид ялалтаа хангалаа гэсэн хэрэг юм.
Бид цохилтыг тэсэн гарч, дараа нь дайсныг баруун зүгт таягдан хөөж
чадах уу ? Чадалгүй яахав, одоо бол манай фабрик, заводууд ар талд маш
сайн ажиллаж байна, манай фронт улам улам олон онгоц, танк, их буу,
миномёт хүлээн авсаар байна.
Тэгээд бидэнд юу дутагдаад байгаа юм ?
Рот, батальон, хороо, дивиз, танкын хэсэг, нисэх эскадрилүүдэд дэг
журам, сахилга бат дутагдаад байна. Одоо чухам үүнд манай гол дутагдал
оршиж байна. Хэрэв бид нөхцөл байдлыг аварч, Эх орныхоо төлөө үхэн хатан
зогсоё гэж бодож байвал бид манай Армид хатуу чанд дэг журам, төмөр мэт
сахилга бат тогтоох ёстой.
Цэргийн дарга, комиссар, улс төрийн ажилтан, анги, нэгтгэлүүд байлдааны
байрлалыг дур зоргоор орхих явдлыг цаашид тэвчиж болохгүй. Цэргийн
дарга, комиссар, улс төрийн ажилтан нарын зүгээс хэдхэн сандран
мэгдэгсэд тулалдааны талбарын байдлыг тодорхойлж, бусад дайчдыг ухрахад
уруу татаж, дайсанд фронт нээж өгдөг явдлыг цаашид тэвчиж болохгүй.
Сандран мэгдэгсэд хийгээд аймхай хулчгаруудыг газар дээр нь шууд устгах хэрэгтэй.
Одооноос эхлээд цэргийн дарга, улаан армийн байлдагч, улс төрийн
ажилтан бүрийн төмөр хууль бол дээд командлалын тушаалгүйгээр алхам ч
ухарч болохгүй гэсэн тушаал байх байх ёстой.
Байлдааны байрлалаас дээд газрын тушаалгүйгээр ухарсан рот, батальон,
хороо, дивиз, харгалзах комиссар, улс төрийн ажилтнууд бол Эх орноосоо
урвагчид мөн. Ийм цэргийн дарга, улс төрийн ажилтнуудыг Эх орноосоо
урвагч лугаа адил үзвэл зохино.
Манай Эх орны дуудлага ийм байна.
Энэ тушаалыг биелүүлэх нь манай газар нутгийг үхэн хатан хамгаална гэсэн хэрэг, заналт дайсныг бутниргэж, ялна гэсэн хэрэг.
Улаан Армийн шахалтын дор өвөл ухарсныхаа дараа немцийн цэргүүдэд
сахилга бат ганхаж эхэлсэн үед немцүүд сахилга батаа сэргээхийн тулд
муугүй үр дүнд хүргэсэн зарим хатуу ширүүн арга хэмжээ авсан юм. Тэд
аймхай хулчгар буюу тогтворгүй байдлаараа сахилга бат зөрчсөн гэж
буруудсан цэргүүдээрээ 100 илүү торгуулийн рот бүрдүүлж, тэднийг фронтын
аюултай хэсэгт тавиад нүгэл хилэнцээ цусаараа угаахыг тушаасан юм. Тэд
цааш нь аймхай хулчгар буюу тогтворгүй байдлаараа сахилга бат зөрчсөн
гэж буруудсан дарга нараараа хэдэн арван торгуулийн батальон бүрдүүлж,
тэдний одон медалийг хураан аваад фронтын бүр ч аюултай хэсэгт тавиад,
нүгэл хилэнцээ цусаараа угаахыг тушаасан юм.
Эцэст нь тэд тусгай хаших отряд байгуулж, түүнийг тогтворгүй
дивизүүдийн ар талд байрлуулж, сандран мэгдэгсдийг бууж өгөх оролдлого
хийсэн тохиолдолд газар дээр нь буудахыг тушаажээ. Энэ арга хэмжээ хүч
оруулсан бөгөөд одоо немцийн цэрэг өвөл байлдаж байснаасаа илүү тулалдаж
байна. Немцийн цэргүүд эх орноо хамгаалах эрхэм зорилго байхгүй, бусдын
эх орныг эзлэх гэсэн дээрмийн ганцхан зорилготой ч гэсэн сайн сахилга
баттай болж таарч байна, харин дарлагдан доромжлогдсон эх орноо
хамгаалах эрхэм зорилготой манай цэргүүдэд ийм сахилга бат алга, харсаар
байтал ялагдлыг тэвчин тэсвэрлэж байна.
Өнгөрсөн үед манай өвөг дээдэс дайснуудаасаа суралцаж, дараа нь тэднийг
ялдаг байсан шиг одоо бид дайснуудаасаа үүнийг сурч авах ёстой юу ?
Би сурч авах ёстой гэж бодож байна.
Улаан Армийн Дээд Ерөнхий Командлагч Тушааж байна:
1. Фронтын цэргийн цэргийн зөвлөл, юуны өмнө бүх фронт командлагч нарт:
а) Дайчдын дунд байгаа ухрах сэтгэл зүйг үг дуугүй устгаж, ухрах нь
бидэнд хор хохирол үзүүлэхгүй, бид дорно зүг рүү цаашид ухарч болох мэт,
ёстой гэсэн суртал нэвтрүүлгийг төмөр гараар таслан зогсоох;
б) Фронт командлагчийн тушаалгүйгээр эзэлж буй байрлалаа дур зоргоороо
орхисон армийн командлагч нарыг албан тушаалаас нь хусч, цэргийн шүүхэд
шилжүүлэхээр Дээд Ерөнхий Командлалын Газарт илгээх;
в) Фронтын хүрээнд нэгээс гурван (байдлыг харгалзан) торгуулийн
батальон байгуулж, тийш нь айн хулчийсан буюу тогтворгүй байдлын улмаас
сахилга бат зөрчин буруутгагдсан дунд, ахлах дарга нарыг илгээж, фронтын
хамгийн хүнд хэсэгт тавьж, тэдэнд Эх орныхоо өмнө үйлдсэн нүглээ
цусаараа цайруулах боломж олгох;
2. Армийн цэргийн зөвлөл, юуны өмнө арми командлагч нарт:
а) Армийн командлалын тушаалгүйгээр эзэлж буй байрлалаа дур зоргоороо
орхисон корпус, дивизийн дарга, комиссар нарыг албан тушаалаас нь шууд
хусаж, цэргийн шүүхэд шилжүүлэхээр фронтын цэргийн зөвлөл рүү илгээх;
б) Армийн хүрээнд сайтар зэвсэглэсэн 3-5 хаших отряд (тус бүр нь 200
хүнтэй) байгуулж, тэдгээрийг тогтворгүй дивизүүдийн шууд ар талд
байрлуулж, үймэн сандарсан, дивизийн хэсэг эмх замбараагүй ухарсан
тохиолдолд сандран мэгдэгсэд хийгээд аймхай хулчгаруудыг газар дээр нь
буудаж, ингэснээрээ дивизийн шударга дайчдад Эх орныхоо өмнө хүлээсэн
үүргээ биелүүлэхэд нь туслах;
в) Армийн хүрээнд таваас арван (байдлыг харгалзан) торгуулийн рот
байгуулан (тус бүр нь 150-200 хүнтэй), тийш нь айн хулчийсан буюу
тогтворгүй байдлын улмаас сахилга бат зөрчин буруутгагдсан жагсаалын
цэрэг, бага дарга нарыг илгээж, армийн хүнд хэсэгт тавьж, тэдэнд Эх
орныоо өмнө үйлдсэн нүглээ цусаараа цайруулах боломж олгох;
3. Корпус, дивизийн дарга нарт:
а) Корпус буюу дивизийн даргын тушаалгүйгээр дур зоргоороо ухарсан
батальон, хорооны дарга, комиссар нарыг албан тушаалаас нь хусаж, тэдний
одон медалийг хураан авч, цэргийн шүүхэд шилжүүлэхээр фронтын цэргийн
зөвлөлд илгээх;
б) Армийн хаших отрядуудын дэг журам, сахилга бат бэхжүүлэх ажилд анги хэсгүүд бүх талын тэмжлэг үзүүлэх.
Энэ тушаалыг бүх рот, эскадрон, батарей, эскадриль, командын байр, штабуудад уншиж сонго.
Батлан Хамгаалах Ардын Комиссар И.СТАЛИН
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл байхгүй байна.