Зулаа: Сургуульд сурмаар л байна…
Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр. Хүүхэд багачууд энэ өдөр хичээл сургуульдаа суралцахаар явдаг. Гэтэл амьдралын эрхээр, сурагчийн ширээн дээр үе тэнгийн багачуудтайгаа тохой залган сууж, ардын багшаар үсэг, тоо заалгах ёстой бяцхан охин сургуульд суралцаж чадалгүй энэхэн балчир насандаа ахадсан хөдөлмөр эрхэлж эцэг, эхдээ тус нэмэр болохоор өдөржингөө самар заран сууж байна.
Бөхийн өргөөнөөс 13-р хороолол явах зам дагуу Наран ундраа төвийн хойно автомашины замын дэргэд энэ бяцхан охин хоёр дахь өдрөө самар зарж байна. Өнөө өглөө намайг 09:30 цагт гэрээсээ гарч ажилдаа явахад зам дагуу самар зараад сууж байсан охин орой 19:00 цагт ажлаасаа буун гэртээ ирэхэд самраа заран суусаар байлаа. Хүүхэд бүр сургуульдаа баяр хөөртэйгээр явж байхад энэ охин бүтэн өдөр самар заран суугааг хараад нэг талаас сэтгүүлч хүний хувиар, нөгөө талаас өрөвдөхийн эрхээр бяцхан охинд жаахан ч гэсэн туслахыг зорьж түүнтэй яриа өрнүүллээ.
– Чиний нэрийг хэн гэдэг вэ?
– Намайг Зулаа гэдэг
-Хэдэн настай вэ?
-8 настай
-Гэр чинь хаана байдаг вэ?
-Гэр үү, тэр бор байранд байдаг /Зүүн талд орой нь харагдах 5 давхар бор байр руу заав/
-Танайх хөдөөнөөс хотод нүүж ирсэн үү
-Тэгсэн, хөдөөнөөс ирсэн
-Чи тоо бодож чадах уу, мөнгөө тооцоолж мэдэх үү
-Мэднэ
-Сургуульд сурсан уу, хэддүгээр анги вэ?
-Сургуульд сурсан, би хоёрдугаар анги болж байгаа
-Хэддүгээр сургуульд сурдаг вэ?
-Автобусанд суугаад холоо сурсан
-Чи уншиж чадах уу
-Би гэртээ уншиж сурсан, энийгээ /самраа хэлж байна/ зарчихаад уншиж сурах гэж байгаа
-Тэр дэлгүүрийн үүдэнд байгаа бичгийг уншиж өгөөч /Супермаркет гэсэн бичиг/
-Тэр үү…, …. мхм мхм /тэрээр хараахан уншиж сураагүй бололтой/
-Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?
-Мэднэ
-Яадаг өдөр билээ
-Сургуульд ордог өдөр
-Тэгээд миний дүү яагаад сургуульдаа яваагүй юм?
-Одоо сургуульдаа орноо
-Сургуульд сурахыг хүсдэг үү?
-Хүсдэг
-Яагаад сургуульд орж чадаагүй вэ? Аав, ээж чинь чамд хэлсэн үү?
-Сургуульд сурмаар л байна…, мхм мхм
-Аав, ээж хоёр чинь байгаа юу, ямар ажил хийдэг вэ?
-Байдаг, аав маань самарт явсан, ээж банкинд ажилладаг /доошоо харж ярив/
-Орой болохоор хэн чамайг ирж авах вэ?
-Манай дүү ирнэ, би дүүтэйгээ самраа ингээд /өргөж үзүүлэв/ өргөөд явна
-Дүү чинь хэдэн настай вэ
-Таван настай
-Одоо дүүг чинь хэн харж байгаа вэ?
-Ээж
-Миний дүү маргааш бас л самраа зарах уу?
-Зарна ш дээ
-Өнөөдөр орлого нь хир байна вэ? Хүмүүс самар худалдаж авч байна уу?
-Нэг түмпэнгээ дуусгачихсан, хоёрдохоо зарж байгаа
-Самраа сайн зарвал аав, ээж нь шагнадаг уу?
-Шагнадаг
-Яаж шагнадаг вэ
-Печень , тэгээд ундаа, зайрмаг авч өгдөг
-Миний дүү ээж дээ хэлээрэй, нэг ах намайг сургуульд сураарай гэсэн гэж…
-За
-Чи цангаж байна уу, ундаа уух уу
-Заримдаа л цангадаг, харин би өлсөөд л байна
-Тэгвэл би чамд идэх юм авч өгье, юу идэх вэ
-…мхм, та өөрөө мэд ээ
гэснээр самар зарж байгаа Зулаа охин бид хоёрын яриа өндөрлөлөө. Энэ ярианаас би ойлгохдоо Зулаа охины аав ээж нь хөдөөнөөс хотод нүүж ирсэн айл болохоор шилжилт хөдөлгөөний зөрчил, хотын харьяалалгүйн улмаас сургуульд сурч чадаагүй юм болов уу гэж бодлоо. Магадгүй та Зулаа охинтой тааралдвал зарж байгаа самраас нь худалдан авч түүнд багахан ч гэсэн тус болоорой.
Магадгүй үүнийг уншсан сургуулийн захиралуудаас хэн нэг нь Зулаа охинд сургуульд сурах боломжийг олговол энэ бяцхан охин ямар их баярлах бол…
Зулаа охин шиг бяцхан багачууд хэнээс болж, юунаас шалтгаалж сургууль завсардана вэ, үүнд хэн буруутай вэ, үр хүүхдээ үл тоосон эцэг эхчүүд нь үү, хүнээ мартсан нийгэм үү, иргэнээ умартсан төр засаг уу…, буруутныг хэнээс хайх ёстой вэ?
9 сарын 1-ний өдөр хүүхэд бүр сургуульд суралцан баяр баясгалантайгаар эрдмийн өргөөнөө зочлохын ерөөл өргөе
Ц.Мөнх
Сэтгэгдэл байхгүй байна.