Фракцид “идэгдсэн” намын зовлон

0

 

Тос дотроосоо өтдөгтэй адил зүйл АН-д өрнөж байна. Ялзрал доройтолд орж намынхаа дотоод хүчийг сонгуулийн өмнө улам сулруулж, сульдуулж буйгаа АН-ын удирдлагууд ойлгох сөхөө алга. Сүүлийн "угаадас” долоох гэж 7-8-хан сарын настай сайдын суудал руу үхэн хатан зүтгэж байна, тэд. Шатрын ухаан, нүүдлээр бол хоёр гуравхан нүүдэл харахгүй бусад нам эвсэлд мадлуулах богино зайны улс төр хийж, сайдын сэнтийг мөнгө гэж харж, ирэх сонгуулиар булшлуулах нүхээ өөрсдийн гараар ухаж сууна. Үүн дээр нь Н.Энхбаяр гэдэг хүн тоглолт хийн ард түмний сэтгэлийг "базах” сонирхол тээж байх.  

 

АН фракцгүй нам болно гэдгээ удирдлагууд нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан. Үүнийг намын олон мянган гишүүд дэмжигчид нь таатайгаар хүлээн авч, түүнээс ихийг хүлээж байсан ч "бухын доодохыг харсан үнэг турж үхнэ” гэгч болов. Наймдугаар сарын 3-нд зарласан ээлжит бус чуулганаар Засгийн газарт ажиллаж байсан МАН-аас томилогдсон сайдуудыг чөлөөлж орных нь хүмүүсийг томилох гэж сар гаруйн хугацаанд дутуу нойртой зүдэрч явна, АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийнхэн. 

 

Ээлжит бус чуулганы хугацаанд сайдуудынхаа нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхийг хууль тогтоох байгууллагын дарга "үүрэгдсэн” ч хэнийг сайд болгох вэ гэдэг дээрээ тохирч чадалгүй, бичиг цаас шидэлцсээр шийдэлд хүрч чадаагүй. УИХ дарга орон гарсан сайдуудын нэрийг дахин ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ гэсэн ч Ерөнхий сайд "Намуудтай ойлголцолд хүрч чадахгүй байгаа учир ирэх намрын чуулганаар нэрсээ өргөн мэдүүлнэ” гэдгээ зарлачихаад байна.

 

Тэгвэл Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар Ерөнхий сайд  сайдуудынхаа нэрийг УИХ-д есдүгээр сарын 7-ны дотор өргөн мэдүүлэх ёстой гэж УИХ-ын дарга үзэж байгаа юм.

 

Гэхдээ Ч.Сайханбилэгийн кабинетад АН-аас ажиллах гуравхан сайдын суудалд фракц бүр өөрийн хүнээ оруулах гээд "алалцаж” байна. АН-д "Шонхор”, "Алтан гадас”, МҮДН, МоАХ, ҮШН гээд фракц, жигүүр олон. Үүнээс ҮЗХ-д хамгийн олон хүн байдаг нь "Шонхор”. Товчхондоо, АН-ын даргын тэргүүлдэг фракц гээд хэлчихэж болно. "Алтан гадас” фракцад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав гээд намдаа нөлөөтэй гишүүд багтах. МҮДН фракцад Р.Амаржаргал, Н.Батбаяр гээд АН-ын хуучцуул байдаг бол МоАХ фракц мэдээж УИХ-ын гишүүн Х.Баттулгын тойрон хүрээлэгч нарынх. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Д.Ганбат сүүлд Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг гэх гишүүд багтах болсон. Уг нь Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нар З.Энхболдын хүн гэгддэг байсан юм. Тэд МоАХ фракцад багтсаныг Хүнс хөдөө аж ахуйн сайд болсноор, мөн Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн сайдад зүтгүүлээд байгаагаас төвөггүй мэдэж болно.

 

"Алтангадас” фракцаас Сангийн сайдад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг нэр дэвшүүлнэ гэх яриа гарсан ч намын нь нөлөө бүхийн гишүүд "Үе үеийн Засгийн газарт "Алтан гадас” фракц өндөр албан тушаал хашиж байсан. Тиймээс энэ удаа тус фракцад сайдын суудал өгөхгүй” гэж ярилцсан гэх яриа ч гарсан.

 

АН фракц хоорондынхоо зөрчлийг арилгаж, бэхжиж чадахгүй байгаагийн жишээг гуравхан сайдын суудалд хэнийг томилохоо шийдэж чадалгүй сар болж байгаагаас харж болох. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Фракциуд тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэсэн бол одоо үеэ өнгөрөөгөөд явах л хэрэгтэй.Өнөөдрийн фракциуд шийдэл биш. Дандаа асуудал үүсгэж байна. Үүнээс татгалзана гэдэг зөв санаа. Яг цагаа тулахаар татгалзаж чадахгүй байна. Хэдийгээр албан ёсоор зарлаад байгаа ч татгалзаж чадахгүй л байна. Өнөөдөр хэдэн сайд, дэд сайд нарын асуудал дээр наймаа хийгээд З.Энхболд өөрөө дунд нь орчихсон, наймааны гол эзэн болоод явж байна” хэмээн ярьсан.

 

Намынх нь нөхөд фракциас татгалзсан нь дээр гэж үзэж буй ч удирдлагууд нь албан тушаалын төлөө нэр хүндээ шал руу шидээд, бие биенийгээ хэмэлж, өөрийн хүнийг сайдад томилох гэж зүтгэсээр. Энэ хэнд ашигтай вэ. Ард иргэдийн амьдрал доройтойж, эдийн засаг улам сульдаж, төсвийн алдагдал хагас их наяд гаруй төгрөгөөр тасалдаад явж байхад тэд хэн нь "мөнгө идэх” сайдын суудалд сууж, хөрөнгө завших вэ гэдгээ л ярилцаж, маргалдаж, мэтгэлцсээр байх.

 

АН төр барьж, МАН жагсаж чаддаггүй гэх үг бий. АН-ыг арчаагүй, сул дорой, хүчгүй харагдуулж байгаа зүйл нь фракцынх нь зовлон юм. Улс орны бус намын эрх ашиг Монголын улс төрийн намуудад ноёлоод байгаагийн бодит жишээ АН болсоор байна.Намууд фракц, жигүүрээсээ салж чадахгүй цагт Монголын эдийн засаг солонгорч, ногоон гэрэл асна гэдэг бүтэшгүй зүйл гэдгийг өнөөгийн эрх барьж буй намууд харуулсаар л байна.

 

С.Батзаяа 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.