Авлигачдыг өршөөхгүй
УИХ-аар Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авлаа. Ингэснээр хуулийн 4.4.1 болон 7.1 дэх хэсгүүд хүчингүй болж байна. Тэгвэл хуулийн эдгээр хэсгүүдэд хэрхэн заасныг хүргэе.
4.4.1: Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ
7.7.1: Энэ хуулийн 5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
Ерөнхийлөгчийн дээрх хоёр зүйл заалтад тавьсан хоригийг УИХ- хүлээж авсан. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд дээрх хоёр зүйл заалт дээр хоригийг хүлээж авбал, хуулийн дагуу өршөөлд хамрагдах 2000 гаруй хүн тэр чигтээ өршөөгдөхөөргүй нөхцөл байдал бий болох нь гэх асуудлыг хөндөж байсан. Харин Ерөнхийлөгч дээрх зүйл заалтуудад хориг тавьснаар авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхөөс сэргийлж байгаа юм. Тэгвэл хуульд ямар нэгэн байдлаар авлига, албан тушаалын хэргийг өршөөнө гэж зааж өгөөгүй байна. Гэхдээ 5.1 болон 9.1-д зааснаас бусад хэргийг өршөөнө гэж тусгаж өгчээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 болон 9.1.3 дахь зүйл заалтууд
Өөрөөр хэлбэл, "гуя дагаж хүзүү” гэдгээр анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэнсэн харгалзах ял авсан зэрэг ялтай хүмүүсийг өршөөхдөө давхар авлига, албан тушаалын хэргийг багтаачихсан байгаа юм. Хуулийн 5.1 болон 9.1-д өршөөлд үл хамрагдах хэргүүдийг тусгаж өгсөн байна. Тухайлбал, хүнийг санаатайгаар алах, эх орноосоо урвах, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, хүний бие мах бодит санаатайгаар хүнд гэмтэл учруулсан, гадаад улсын тагнуулын байгууллагад элссэн зэрэг гэмт хэргүүдийг өршөөхгүй гэж заасан байгаа юм.
Эдгээрийн дотор улсад онц их хэмжээний хохирол учруулсан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг гэмт хэргийн зүйл, заалт тусгагдаагүй байсан. Өршөөлд хамрагдахгүй хэрэгт багтаагүй учраас дээрх төрлийн гэмт хэргүүд өршөөгдөхөөр нөхцөл байдал үүсээд байсан юм. Ямартай ч УИХ хоригийг хүлээж авснаар ямар ч байсан авлига, албан тушаалын гэмт хэргүүд өршөөлд хамрагдахааргүй боллоо.
Гэхдээ үүний цаана жинхэнэ өршөөгдөх ёстой хүмүүс хохирч болохгүй. Хууль хэрэгжиж эхэлснээр 2200 гаруй хүн өршөөгдөх ёстой. Тэднийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж, төр өршөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээсээ ухарч болохгүй гэдэг нь зарчмын асуудал юм. Харин авлига, албан тушаал буюу татварын мөнгө идэж, уусан нөхдүүдээс болж, 2200 гаруй хүн хохирч үлдэх ёсгүй.
Л.Энхдэлгэр
Сэтгэгдэл байхгүй байна.