Эрүүгийн шинэ хууль иргэдэд энэрэнгүй "хандана"

2

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Намрын чуулганаар олон нийтийн дунд тодорхой хэмжээний хүлээлт үүсгээд буй хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Эдгээрийн нэг нь Эрүүгийн хуулийн төсөл юм. Тус хуулийн төслийг өнгөрсөн долдугаар сард Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх байсан ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нарын санаачлагаар жагсаалтаас хасагдсан. Түүнээс хойш хуралдсан ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Шинэ хууль хуучин хуулиас юугаараа ялгаатай вэ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэ хуулийн нэршлээр Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хууль болгон өөрчилжээ.

Хуучин хууль нь

1. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах ажиллагаа

2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт

3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг дуусгаж прокурорт шилжүүлэх

4. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

5. Анхан шатны шүүх хуралдаан

6. Давж заалдах шатны шүүх хуралдаан

7. Хяналтын шатны шүүх хуралдаан гэсэн дарааллаар явагддаг байв.

Харин шинэ хуулиар

1. Хэрэг бүртгэлт

2. Мөрдөн байцаалт

3. Мөрдөн байцаалтыг дуусгаж, хэргийг танилцуулах

4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг

5. Гэм бурууг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан

6. Ял оногдуулах шүүх хуралдаан

7. Давж заалдах шатны шүүх хуралдаан

8. Хяналтын шатны шүүх хуралдаан гэсэн тэс өөр процессоор явагдаж юм байна.

Хэргийг 6 цагийн дотор прокурорт шилжүүлнэ

Хуучин хуулиар зөвхөн хуульд заасан гэмт хэрэгт хялбаржуулсан журам үйлчилдэг байна. Тэгвэл шинэ хуулийн төсөлд бүх гэмт хэрэгт хялбаржуулсан журам үйлчилнэ хэмээн тусгажээ.

Мөн хэргийг 14 хоногийн дотор шүүхэд шилжүүлдэг байсан бол шинэ хуулиар 6 цагийн дотор прокурорт шилжүүлдэг болох нь. Хэрэгт нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахад хугацаа шаарддаг байсан бол шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 24 цагийн дотор хэргийг шийдвэрлэх боломжтой болох аж.

Шүүх хуралдааны явцад гэмт этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудлыг зохицуулаагүй байсан бол шинэ хуулиар энэхүү асуудалд зохицуулалт хийжээ.

Сэжигтнээр тооцож цагдан хорихгүй

Одоогийн үйлчилж байгаа хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг сэжигтнээр тооцож 14 хоног, яллагдагчаар 2 сар шаардлагатай бол цагдан хорих хугацааг сунгаж хэргийг шалгадаг.Энэ нь хүний эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл хэмээн байнга шүүмжлүүлдэг. Тэгвэл шинэ хуульд сэжигтэн гэх ойлголтыг үгүй хийжээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай баримтаар нотлогдсон тохиолдолд л яллагдагчаар татан шалгах юм байна. Яллагдагчаар татсан тохиолдолд 24 цагийн дотор яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй бол хүчингүйд тооцох аж.

Мөн одоогийн хуулиар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьдог. Харин шинэ хуульд үндэслэл бүхий баримтад тулгуурлан цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Яллагдагчийг 1 сар, ердийн гэмт хэрэгт 12 сар, хүнд гэмт хэрэгт 18 сар цагдан хорихоор тусгажээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах журамд зохицуулалт хийжээ

Одоогийн үйлчилж байгаа хуульд гэрч, хохирогчийг хамгаалах журамд ямарч зохицуулалт байдаггүй. Харин шинэ хуулиар энэхүү журамд зохицуулалт хийжээ. Тухайлбал, гэрч өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах, эрх нь зөрчигдөж байна гэж үзвэл өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг хуульчилсан байна.

Мөрдөн байцаагч нарын хүнд суртлыг арилгана

Мөрдөн байцаагч нар тухайн гэмт хэрэгт холбогдсон иргэнээс байцаалт авах нэрийдлээр өдөржингөө байгууллагынхаа гадна суулгах, байцаалт авахгүйгээр олон өдөр дуудаж, хүндрэл чирэгдэл учруулах, хоригдож буй этгээдээс байцаалт авахгүй олон сар жил болж тухайн иргэний эрхэд ноцтой халдаж, хүнд суртал гаргадаг. Иймээс шинэ хуулиар мөрдөн байцаагч нь зөвхөн прокурорын зөвшөөрлөөр л тухайн иргэнийг дуудаж мэдүүлэг авдаг байхаар хуульчилж байгаа аж. Ингэснээр мөрдөн байцаагч нарын хүнд суртал арилна гэж тооцоолжээ.

Хэрэг сунжирч, хохирогчийн эрхийг зөрчдөг асуудлыг арилгана

Олон үйлдэлтэй хэргийг бүгдийг нь шалгаж тогтоосны дараа хэргийг бүхлээр нь шүүхэд шилжүүлдэг. Шүүхэд хэргийг хэлэлцэж байхад өөр гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлбэл хэргийг бүхэлд нь мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ бол хохирогчдын эрхийг зөрчиж буй хамгийн ноцтой асуудал. Шинэ хуульд тэгвэл үүнийг маш амраар зохицуулж өгсөн байна. Тодруулбал, олон үйлдэлтэй хэргүүдээс нотлогдсоныг нь прокурор шүүхэд шилжүүлнэ. Шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байхад өөр гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлбэл хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй гэнэ.

Б.Чимэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

http://www.ontariofooseballleague.com/if/converse-legacy-barrel-duffel-bagconver
se legacy barrel duffel bag
le coq sportif baskets blazon cuir white baskets basses chaussures homme site soulier http://www.xmusiclisten.com/say/le-coq-sportif-baskets-blazon-cuir-white-baskets
-basses-chaussures-homme-site-soulier