Ерөнхий сайдыг огцрохыг шаардав
Тэрээр МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "Залуу хос” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор 2001 оны гуравдугаар сараас 2002 оны хоёрдугаар сарын хооронд захиалгч нараас байрны 40 хувийн урьдчилгаа төлбөрт өгсөн 282 508 240 төгрөгийг Голомт банкин дахь өөрийн 2114058 тоот дансанд төвлөрүүлэн авсан байна. Энэ талаар МЗЭХТ-ийн тэргүүн Ш.Батсайхан мэдээлэл хийхдээ "Энэ үйлдлийг нь анхнаасаа залилан хийхээр төлөвлөсөн гэж хардах үндэслэл байгаа юм. Учир нь барилгын гүйцэтгэгч компани болох "Унивирсаль Маркитинг” ХХК-тай 2000 оны хоёрдугаар сарын 23-нд гэрээ хийсэн ч тус компани нь тэр оныхоо долдугаар сард байгуулагдсан байдаг” гэсэн юм. Ийнхүү 300 орчим сая төгрөгөөрөө хохирсон 98 иргэн түр хороо байгуулан 5-6 жил шүүхээр явсны эцэст шүүхээс МЗХ-г тус хохирлыг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Гэтэл Ч.Сайханбилэг ерөнхийлөгчийн учруулсан энэхүү хохиролыг МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны "Полиси” төвийн байрыг зарж байж барагдуулжээ.
Тиймээс зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ёс суртахууны болон, хууль эрх зүйн хувьд энэ албыг хаших ямар ч чадамжгүй гэж үзээд Монголын залуучуудын эрхийг хамгаалах төвөөс түүнийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Энэхүү шаардлагаа УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь нам, эвслийн бүлэг болон УИХ-ын гишүүн Г.Уянга нарт гардуулах юм байна.
Б.Болд