УИХ-ын дарга "Шибасаки" болон "Санкоо Сейки" компанийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.02/ Япон Улсын Сайтама муж дахь "Шибасаки” компанийн үйл ажиллагаатай танилцав. 1956 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Япондоо 3 үйлдвэртэй. Харин салбар болон охин компаниуд нь Монгол, Вьетнам, Тайланд, Филиппин, Малайз, Сингапур, Индонез, АНУ-д байрладаг байна. Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааны хувьд, 2004 онд "Мон Шибасаки” хамтарсан компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 30 ажиллагсадтай, 2000 м2 талбай бүхий үйлдвэрт 12 тоон мэдээллийн өндөр нарийвчлалт метал боловсруулах машин, энгийн токарийн 3 машин суурилуулан ажиллаж байгаа аж. Тус үйлдвэр жилдээ 2-5 сая ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон, Индонез зэрэг улсад нийлүүлдэг болохыг тус компанийн ТУЗ-ийн дарга Х.Шибасаки хэллээ.
Тус компани нь автомашины бензин насос, тормоз, хүч дамжуулагч зэрэг автомашины эд ангийн жижиг деталь, суудлын бэхэлгээний ган татуурга зэрэг өндөр нарийвчлалтай жижиг метал эд анги үйлдвэрлэдэг байна. Өндөр нарийвчлалтай токарийн машин, эд анги зорж угсрах робот машинтай юм байна. "Мон Шибасаки” компани ажилчдыг Японд бэлтгэх үүднээс дадлагажигч ажилчин хүлээн авах журмын дагуу өөрийн шугамаар хүлээн авч ажиллуулахаас гадна ЖИТКО байгууллагын эрх бүхий зуучлагч байгууллагын шугамаар дадлагажигч ажилчин хүлээн авч байна. Одоо Японд 8 монгол ажилчин метал боловсруулах машин болон чанар шалгах тасагт ажилладаг байна.
УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид тус үйлдвэртэй танилцах үеэрээ "Шибасаки” компанид ажиллаж байгаа монгол ажилтнуудтай уулзав. Эдгээр дадлагажигч монгол ажилтнууд чанар шалгагчийн хэсэгт ажилладаг. Тэд Японд 3 жилийн хугацаатай ажилахаар ирдэг бөгөөд уулзалтын үеэр ажлын нөхцөл болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, цаашид Япон Улсад ажиллаж буй Монгол ажилтнуудын нийгмийн даатгалын санд төлдөг болгох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас яаралтай ажил хэрэг болгох талаар ажиллах шаардлагатай гэлээ. Мөн ирэх намраас Японы парламент гадаадаас ирж буй дадлагажигч нарын ажлын нөхцлийг сайжруулан, цалин хөлсний хэмжээг тэгшитгэх асуудлыг шийдвэрлэх тухай хуулийг батлах гэж байгаа талаар ярилцав.
УИХ-ын дарга нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг "Санкоо Сейки” компани Сайтама мужийн Хонжё хотын Күрисаки тосгонд монголд үйлдвэрлэсэн нарны зайны 6400 дэлгэц ашигласан 10 мегаватт хүчин чадалтай нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулсан нь амжилттай ажиллаж байна. тус компанийн ерөнхийлөгч Т.Шимизү монгол японы харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Сайтама мужийн жижиг дунд үйлдвэрийн эздийг уриалан 2011 оноос жил бүр 15-20 хүн оролцсон бизнес аялалыг монголд зохион байгуулжээ. УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид нарны зайны 6400 дэлгэц болон үйл ажиллагааных нь талаар тус компанийн монгол ажилтнуудтай уулзаж ярилцав. Энэхүү үйлдвэр нь "TUV Rheinland" Япон Улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториас олон улсын чанарын стандарт, Монгол Улсын Стандарт хэмжилзүйн төвөөс ISO-9001-ийг авсан байна.
Бүтээгдэхүүнээ "Wolf” /Чоно/ нэрээр 2013 оны 01 дүгээр сараас эхлэн Япон Улс руу экспортолж байгаа бөгөөд цаашид АНУ, Европ, ОХУ руу экспортлох, Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж, хөдөөгийн айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах "100 мянган нарны гэр” хөтөлбөрийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, сумын эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний газруудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, худгаас ус татах болон газар тариаланг усжуулахад нарны эрчим хүчийг хангах зэрэг хөтөлбөрт оролцох төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд танилцуулав.
УИХ-ын дарга З.Энхболд "Шибасаки” болон "Санкоо Сейки” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, "Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна.