Рэппэр NMN гэж хэн бэ?
Рэппэр N.M.N буюу Номин-Эрдэнэ 2014 онд "М Галакси студи”-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих "Alfa music” төслийн ялагчаар тодорсон. Энэ мөчөөс тэрээр шинэ шинэ уран бүтээлүүдээ туурвиж фэнүүдийнхээ тоог нэмсээр байгаа.
Номин-Эрдэнэ 10 жилээ МУИС-ийн лицей Байгаль эх сургуулийн хими, биологийн ангийг төгссөн бөгөөд их сургуулиа ч мөн МУИС-ийг биотехнологич мэргэжлээр төгсчээ. Одоогоор уран бүтээлдээ шамдаад мэргэжлээрээ ажиллах бодолгүй байгаа бүсгүй Belucci рекордсын артистаар ажиллаж байна. Энд Энэрэл, Мөнхжин, Эрдэнээ нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.
Урлагийн үзлэгт ч орж үзээгүй бүрэг хүүхэд байсан түүний анхны тайз нь 2012 онд циркэд болсон Цэцээгийн тоглолт дээр дуулсан явдал байв. Анхны тайзан дээрх айдас нь одоо ч түүнийг түгшээдэг гэнэ.
Зожигдуу зан ааштай Номин бага байхдаа хэлд орсон насан дээрээ ирсэн ч дуугардаггүй хүүхэд байв. Түүний амнаас үг унагах гэж гэр бүлийнхэн нь хамаг л гоё чихэр жимсээр "хахуульдаж” арай гэж ам нээлгэдэг байлаа.
Спортод авьяаслаг бүсгүй өөрийнхөө зөрүүд зан авиртаа дургүй гэнэ. Харин залуусын таалагддаг зан чанарын тухай асуултад "Тухайн цаг мөчид тэр хүний юу ч надад таалагдаж болно. Тэрнээс би хүмүүсийг дуртай дургүй гэж ангилах дургүй” хэмээн хариулсан юм.
NMN багаасаа л Оппозитын Энэрэлийг сонсож өсчээ. Харин өдгөө тэд хамтран ажиллаж байгаа. "1000 хүнд таалагдсан ч тэр уран бүтээл Энэрэлд таалагдаагүй бол муу болж” гэж тэрээр дүгнэдэг.
Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сард Номин-Эрдэнэ рэппэр Энэрэл, Мөнхжин нартай хамтарсан альбом гаргаж байна. Цомгийн дуунууд бүгд шинэ бөгөөд тус тусдаа болон хамтран туурвисан дуунуудаа багтаажээ.
Харин ирэх 9-р сард өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн дууч бүсгүй найз залуутай болж амжаагүйгээ ч нуусангүй.
Дүр төрхийн тухайд NMN үснийхээ өнгийг ийнхүү өөрчилсөнд зарим фэнүүд нь дургүйцсэн сурагтай.
Эх сурвалж: Breakingnews.mn