Антарктид хагарч цуурч байна Онцлох мэдээ 2016/08/25 4 Антарктидын 55 мянган кв.км талбайтай мөсөн гол удалгүй нурж магадгүй болж байна. Энэ үйл явц хэрхэн явагдаж, юунд хүргэх талаар Британийн эрдэмтэд тодорхой бичжээ. Антарктикийн халимны анг үүсгэн санаачлагч, Норвегийн ахмад Карл Антон Ларсен 1893 онд "Ясон” онгоцоор аялангаа Антарктикийн хойгийн эргийн дагуух судалгааг хийжээ. Хожим дэргэдүүр нь хөвөн өнгөрсөн асар том мөсөн ханыг эх газрын үргэлжлэлийн (шельф) Ларсены мөсөн гол гэж нэрлэжээ. Эхлээд шельфийн мөсөн гол нь Ларсен А, Ларсен Б, Ларсен С (Ларсен С нь тэднээс хамгийн том нь) гэсэн гурван хэсгээс бүрэлдэж байв. Харамсалтай нь 1.5 кв.км талбайг эзэлсэн Ларсен А хэсэг нь бүрэн хайлан алга болжээ. ХХ зууны сүүлчээр буюу 1995 онд тэр хэсэг үндсэн хэсгээсээ тасран далайд унаж, хэдхэн цагийн дотор хайлан алга болсон юм. Тэр үед эрдэмтэд үлдсэн хоёр нь тэр чигтээ үлдэнэ гэж үзэж байжээ. Гэтэл XXI зууны эхээр 2002 онд 12 мянган жилийн турш тогтвортой байсан Ларсен Б дөнгөж 35 хоногийн дотор жижиг мөсөн уулнууд болон бутарчээ. Ларсен Б хэсэг нь Антарктидын агаар мандал халсан, мөн далайн усны градус нэмэгдсэн зэрэг шалтгаанаар эвдрэн бутарсан гэж эрдэмтэд хэлж байгаа. Харин одоо "ганцаараа амь гарсан” Ларсен С мөсөн уул мөхлийн ирмэгт иржээ. Түүний нийт талбай нь 55 мянган кв.км бөгөөд мөхөөд байгаа Ларсен Б хэсгээс 10 дахин том хэмжээтэй. Энэхүү мөсөн голын талбай нь Исландын нутгийн хагастай тэнцэнэ. Өнөөдөр Ларсен С нь хэмжээгээрээ дэлхийн дөрөв дэх том мөсөн гол юм. MIDAS төсөлд оролцож байгаа Британийн эрдэмтэдийн хиймэл дагуулаас авсан зурагт хийсэн шинжилгээ ба компьютерийн загварчлалын дүнгээр сүүлийн таван сарын дотор (2016 оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл) мөсөн голын цууралт 22 км-ээр (13.67 миль) нэмэгдэн одоо 130 км (80 миль) болжээ. Харьцуулбал, уг цууралт 2011-2015 оны хооронд 30 км-ээр нэмэгдсэн байв. Одоо мөсний цууралт нь 350 метрийн өргөнтэй болжээ. MIDAS хэмээх Британийн шинжлэх ухаан, судалгааны төсөл нь дэлхийн дулаарал шельфийн Ларсен С мөсөн голд хэрхэн нөлөөлж буйг судалдаг. "Энэхүү цууралт нь эцсийн дүндээ мөсөн голын мэдэгдэхүйц хэсгийг мөсөн уул болгон эх биеэсээ тасрахад хүргэнэ” хэмээн судлаачид хэлж байна. Тэгэхээр их хэмжээний мөсний 12 хувь нь тасрах тооцоотой. Шельфийн мөсөн ханын үлдсэн хэсгийн байдал тогтворгүйд шилжин түүнээс мөсөн уулнууд тасарсаар байх гэнэ. Ойрын ирээдүйд Ларсен С нь Ларсен Б хэсгийн хувь заяаг давтах бололтой. Эрдэмтдийн тооцоолсноор тэндээс АНУ-ын Делавер мужтай тэнцэх хэмжээний 6000 кв.км (2316 миль) мөсөн уул тасраад хайлан үгүй болох ажээ. Энэхүү мөсөн гол бүрэн хайлсны дараа дэлхийн далай тэнгисийн түвшин 10 см-ээр нэмэгдэнэ. Үүний улмаас улс орнуудын далайн эргийн хэсэг, арлын улсуудад аюул учрах магадлалтай. Эрдэмтэд тодорхой хугацаа заагаагүй ч энэ үзэгдэл ойрын хэдхэн жилд явагдах магадлалтай бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй үйл явдал болно. Сонирхуулахад, Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харахад Ларсен С хэсгийн дэвсгэрт хайлсан цөөрмүүд үүссэн байна. Даремын Их сургуулийн эрдэмтдийн судалгаа бас л иймэрхүү дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэд Зүүн Антарктидын Лангховде гэх гэх мөсөн голын сансрын зургуудыг судлан үзээд 2000-2013 онд Антарктидад 8000 орчим шинэ нуур үүссэнийг тогтоожээ. Эх сурвалж: 4