АН-ын малнууд аа! Одоо “гадаад” нөхдөд АН-ын “пентаамерик”-чууд хэрэггүй
Хэрэв АН ингэж чадахгүй бол 1990 оны ололтын алдрыг АН-аас булаан аваад нийгмийн тогтолцоогоо өөрчлөх их салхи нижигнэн хөдлөх болно. Энэ бол гарцаагүй…
Дээрх үгийг судлаач Д.Ганхуяг хэлсэн юм. Тэрбээр МАНАН бүлэглэлийн багийг хуулах, эл олигарх бүлэглэлийн хийж буй ажил, явуулж буй ажиллагаа Төрийн тулгуур баганыг хэрхэн гуйвуулж, дайвуулж байгааг илчилсэн юм. Мөн өнөөгийн улстөрийн нөхцөл байдал болон ирээдүйд ямар өнгө төрх давамгайлахыг *Хоёр дахь дууны үг* нийтлэлдээ ийнхүү бичжээ. Түүний нийтлэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Сонгуулийн системийг тогтоох АН-ын бүлгийн 25 гишүүн, дээр нь Э.Бат-Үүлийн оролцсон хаалттай хурлын бичлэг саяхан гарав аа. Сонгуулийг жижигсгэсэн мажоритар системээр явуулах санал хураалтад 14 гишүүн эсрэг, 20 гишүүн дэмжсэн санал өгсөн юм. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёр уурлаад санал хураалтад оролцолгүй хаяж гарсан. Нэг зөрөөд байна гэж үү? Тэр нь МҮАН-аас орж ирсэн Д.Батцогт.
2. Н.Алтанхуяг "нэг хүн” МАН-тай хамтарч манай намыг "алах” тоглоом явуулж байхад тэр урхинд нь орж болохгүй гэж хашгирсаар аргаа барсан. Хар машинд багтдаг "Жижиг хүний, жижиг тойргийг” дэмжихэд хамгийн гол үгийг Э.Бат-Үүл хэлсэн.
3. "Манай намын гишүүд, дэмжигчид сахилга батгүй учраас хуваагдаж өгнө, МАН-ынхан багцлагдаж өгнө. Тиймээс жижигсгээд тулгах хэрэгтэй.” Тэр ингэж хэлсний учир нь Ц.Элбэгдоржийн захиас байсан юм. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд: "Парламентад гудамжныхныг бүү оруул, халз тулаад МАН, АН хоёр л үлдэх хэрэгтэй, тэгвэл ахиад МАНАН, ялсан ч ялагдсан ч асуудалгүй”. АН-ын саналыг гудамжныхан л хуваана…” гэжээ.
4. Үнэндээ Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёрынхоор явсан бол АН ялах байсан. АН-ынхан тэр "нэг хүн”-д тахиа базуулсны гай. АН жагсаалтыг устгаад, өөрт ашигтай хотын тойргуудын мандатыг нэмээд зогсохгүй тойргийг өөрийнхөөрөө зурсан байсан. Ингээд л зогсох ёстой атал өвчин нь хөдлөж шуналтаад хуугаараа годройтжээ. З.Энхболд тэгэхэд хамгийн увайгүй загнаж, МАН-ынхныг нулимж дэвсэлж байсан.
5. Гэхдээ инженер хүн алддаг, алдахдаа "таслал алддаг”. 3,14-ийг 2,92-р үржихдээ нэг л таслал алдвал тэр чигээр нь алдаж байгаа юм. Харин Н.Алтанхуяг нарийвчлалгүй ойролцоогоор (3X3=9) гэж тооцдогт чадвар нь бий. Ер нь бол АН-д Н.Алтанхуяг шиг менежер одоохондоо байхгүй.
6. Нөгөө талаас З.Энхболд бэртэгчин үзэлдээ баригдаж ганцхан өөрийгөө бодсон юм. Зарим хүн сэжиглэдэг нь З.Энхболд "Америкийн тавал” буюу "Пента-Америкаас” огт салаагүй, зүгээр л дүр үзүүлж байгаад тэднийхээ захиалгыг биелүүлсэн гэж. Учир нь тэр "Сонгуулийн хууль” хийхдээ нэг цоорхой орхисон нь ухуулагч нарын тоог заалгүй орхисон байв. "Пента Америк” нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Оюунгэрэл, З.Энхболд тав. Гэхдээ З.Энхболд Элбэгээ нь өөрийг нь годройтуулна чинээ санаагүй байх. Ер нь бүгдийнх нь хугацаа дуусаж байгааг сонгуулийн дараа л мэдсэн. Энэ нь МАН-д олз болжээ. Олз болох юу байх вэ? Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар АН-ыг ойрхон ялагдуулбал З.Энхболдыг зайлуулаад Э.Бат-Үүлийг дэвшүүлэх байв. Тиймээс жижиг мажоритар систем рүү түлхээд "Зи жоомыг” холдуулчихна гэж болтол гэрээ шатаагаад хаячихдаг байгаа?
7. "Э.Бат-Үүл: Нам ялагдвал хариуцлагаа хүлээх хүн нь би” гэж агсарч байсан. Нээрээ одоо хариуцлагаа хүлээх нь байна. Хөөрхий хэдэн партизануудаас өөр түүнийг өмөөрч байгаа хүн алга. Э.Бат-Үүл нар ядаж хотын сонгуулийг салгаж одоо явуулсан бол өдийд "С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт дуудагдах нь байтугай хотын дарга хэвээрээ, бас АН цөөнгүй аймагт эрх мэдлээ хадгалж үлдэх байсныг ч бодохоос гол харлам. Магадгүй тэр ногоон гэрлээр АН-ын дарга болоод Ерөнхийлөгчид дэвшээд явчих байв. Э.Бат-Үүл АН-д ямагт ингэж гай болж ирсэн. Энэ удаад гурав дахь нь. Өмнөх хоёрыг нь олон хүн санаж л байгаа. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг. Одоо ч өнгөрөө бололтой…
8. АН-ын малнууд аа! Одоо "гадаад” нөхдөд АН-ын "пентаамерик”-чууд хэрэггүй. Эргүү малнууд бүгд чөтгөр шулам руугаа тонилбол таарч. Удахгүй Ц.Элбэгдорж нь ч суудлаасаа арчигдаад өгнө. АН 60 тэрбумыг гаргаж тавьсан нь олны шуналыг хөдөлгөснөөс биш зэвүүцлийг төрүүлээгүй. Ингээд "65:9”-өөр арчуулж байгаа чинь тэр. Хохь нь. Яах гэж жижиг мажоритарийг сонго гэсэн юм. Өөрсдөө л сонгосон, бэлэн дүүжлүүрт толгойгоо угладаг малнууд гэж байх уу ?!
9. АН-ын даргын төлөөх зодоон эхэллээ. Ц.Элбэгдорж өөрийн үнэнч хамтрагч П.Цагааныг илгээв. Түүнийг явуулснаар оронд нь ЕТГ-ын даргаар МҮДН-ээс тавьжээ. АН-ын "шинэчлэл” нэртэй дотоод зодоон эхлэв. Энэ удаад Ц.Элбэгдорж намынхаа эрх мэдлийг авахын тулд яахаас ч сийхгүйгээ харууллаа.
10. Одоо тэдний амь тэмцэж байна. Наад зах нь "Эрдэнэт”-ийн асуудал сөхөгдвөл сүйрнэ. Тиймээс АН-ын эрхийг авч байж намын нэрээр хамгаалалт авах ёстой, эс бөгөөс ахиж зугтаж чадахгүй, буцаад хөөгдөхөөс цааш.
11. 2000 онд Н.Энхбаяр өршөөсөн, өршөөлийнхөө хариуг хангалттай идэж байна. Харин М.Энхболд өршөөх үү ? Эсвэл тэднээр туг тахиад Дашэнхүүгийн данжаад шиг Монголыг гартаа атгах уу? АН-ын "пента”-ын МАН-ын хувилбар У.Хүрэлсүхийн "пента” Засгийн эрхийг авч чадалгүй дэвхэцсээр байна. Тэднээс илүү хүчирхэг гадаад дэмжлэгтэй бүлэглэл энэ улсад бас байдаг юм л даа.
12. Одоо улсаа зарсан, Америкчуудад юу байгаагаа өгсөн, тэгээд буцах нүүргүй болсон этгээдүүдийн хоргодох сүүлийн орон зай нь АН-ын даргын суудал. Ялагдсан боловч бас ч үгүй шинэ нийгмийг авчралцсан 160 гаруй мянган гишүүнтэй намын хамгаалалтыг яаж ийгээд авах хэрэгтэй. Түүнд гай болох ганцхан хүн бий.
13. Тэр нь Н.Алтанхуяг. Үнэндээ "пентаамерик”-чуудын тоглоом бололгүй, АН-ыг хэзээ ч байгаагүй өндөрлөгт хүргэж гурван сонгуульд дараалан ялуулаад МАН-ын түрэлтийг зогсоож, "Шударга ёс” эвслээр түрээ барьж АН-ын хязгааргүй засаглалыг тогтоож чадсан ганц хүн нь тэр. Н.Алтанхуягт гурван "дутагдал” бий. Нэг нь "Увс хүн”, нөгөө нь дотоодын дээд сургууль төгссөн. Гуравдахь нь Алтангадасынх.
14. Саяын сонгуулиар Н. Алтанхуяг "Увсхүнбиш” гэдэг нь тодорхой болов. Увсынхан Ю.Цэдэнбалаас хойш "төрсөн” Ерөнхий сайдаа 50 мянгаар худалдчихав. "Увсхүн” болохын тулд эхлээд МА(Х)Н-ын гишүүн байх ёстой юмсанж. Харин дотоодын сургууль төгссөн тухайд бол яг өнөөдөр АН-ын америкчлагдаж, Пэйнтэрлүүлсэн сэндвичүүдээс өөрийн нь хэлдгээр "монгол боорцог” хавьгүй дээр байгаа юм.
15. Н.Алтанхуягийн алдаа нь пентаамерикчуудын үгэнд орж, "Оюу толгойн” гэрээг явуулахын оронд хянах гэж шалгалт оруулж, 130 сая ам.долларын зөрчил илрүүлсэнд байгаа юм. "Саус гоби сэндс”-ийг шалгаж ял өгсөн, бас Р.Пэйнтэрт 7,6 тэрбумыг өгөлгүй унжсан, дээрээс нь ХХБ-ны тэрбумын бондод ЗГ-аас баталгаа гаргаж өгөлгүй их зан гаргасанд бий. Чухам үүнээс болж Ц.Элбэгдоржтой тэрсэлдсэн бөгөөд тэр өсөрхөл одоо ч тасраагүй байна. Н.Энхбаярын хаанчлалын эхэн үед Ц.Элбэгдоржийн явуулгаар М.Энхсайханыг унагахын тулд зовж байгуулсан "Алтан гадас” ТББ-ыг МАН-аас салгаж, АН-ын дагнасан фракц болгосноороо Ц.Элбэгдорж, С.Баяр нарын 7 сарын 1-ны цуст суурин дээр байгуулагдсан МАНАН фракцын хорхойтой араанд зуугдсан байна.
16. Хэрэв Н.Алтанхуяг намын даргаар үлдвэл АН-ын эрх баригчид ялангуяа өнгөрсөн сонгуульд далаар нь тавиулсан "нэгхүн” ба түүний нөхөд ямар ч хамгаалалтгүй үлдэж, АН гурав дахь хөршөөсөө салах юм.
17. Ц.Элбэгдорж нам дахь нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд өөрөөсөө хойшхи бүх намын дарга нарыг их хурлаар батлуулаагүй, өөрөөр хэлбэл ҮЗХ-ээр ёсчлуулж явж ирсэн бөгөөд ийм даргыг ч, Ерөнхий сайдыг, УИХ-ын даргыг ч ҮЗХ-ээр амархан унагачихаж болдог. Ялангуяа сонгуульд ялагдсаны дараа. Харин энэ удаад дүрмээ өөрчилж "Их хурлаар” намын даргыг томилуулах ёстой гэж зүтгэж байна. Саявтархан П.Цагааны санал болгосон "…жил бүр их хуралдай зарлаж намын даргаа сольдог байх” санал нь ирэх жилийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг АН-ын даргаар тавина гэснээс огт ялгаагүй сонсогдож байна л даа.
18. Өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь унагахдаа цаадах нь хэдий ҮЗХ-д хүчтэй боловчЧ.Сайханбилэг, С.Баярцогт нараар "хөдөөгийн түр фракц” зохиолгоод хөнтөрчихсөн билээ.Өнөөдөр Н.Алтанхуяг үндсэндээ ганцаардсан байдалд байна.
19. Учир нь АН-ын бусад фракцууд Н.Алтанхуягийн эсрэг нэгдсэн, гэхдээ намыг хэн унагасныг бүгдээрээ мэдэж байгаа боловч бэртэгчин үзэл нь давамгайлчихаад байгаа юм. Жишээ нь”Шонхор” фракцын удирдлага УИХ-д тэсч үлдсэн С.Эрдэнийн удирдлагад шилжсэн ба С.Эрдэнэ МАН ба Ерөнхийлөгчөөс ирэх заналхийлэл дор тэвдэж яваа. "Эрдэнэт”-ийн 49 хувийг авна гэдэг зөвхөн үйлдвэр авч байгаа хэрэг биш, түүнийг дагасан үй олон баримт бичгүүд, луйвар булхайн баримтуудыг гартаа оруулж авсан гэсэн үг. Яг "Хадгаламж” банкыг Оросууд авмагцаа 14,5 тэрбумын баримтыг гаргаж хаясан шиг.
20. Гэтэл итгэж найдсан МАН нь АН-аас ялгаагүй ялзран завхарснаа нотлон нурж байна. Гэтэл улсаа нурааж, намаа завхруулсан этгээдүүдийг улстөрийн тавцангаас арчиж хаях олон нийтийн "шинэчлэлийн” захиалгыг АН хэрэгжүүлэхгүй, эсрэгээр даргын суудлын төлөө ужиг тулаанд удлаа. Харин ч буцаад намаараа тэднийхээ буулганд орж байгааг харж ой нь гутаж, бөөлжис нь цутгаж байна. Эцэстээ намаа задлаж тоглох схем санаачилж эхэлсэн байна.
21. Н.Алтанхуяг нам дотроо хүчирхэг авч АН задарвал "Алтан гадас” хамгийн сул фракц болж таарна. Тэд МСДН-ын сууринд очно. МҮДН бас л жижиг нам болно. Гуйвж дайвдаг залуусынх нь клубүүд аль нэгийг нь дагаад сарнина. Эцэстээ АН-ын үзэл санааны цөм төвлөрдөг "МоАХ” л АН-ыг залгамжлах эрхтэй үлдэнэ. Ц.Элбэгдорж энэ фракцыг Х.Баттулгын мэдлээс салгаж өөрийн болгосноор АН-ын манлайлагч болон тодорно. Эргээд МоАХ-ын суурин дээр АН-ыг дахин нэгтгэхэд бусад нь дагаар орогч болно уу гэхээс одоогийнх шиг эрх нөлөөгүй үлдэнэ. Ямар хувилбар байна?
22. Сонгуулийн систем, худалдагдсан сонгогчдийг шүүмжилмээр байвч Монголын олон нийт АН-ыг үзэн ядаагүй, гагцхүү намын нэрээр улсаа сүйдэлсэн хулгайч луйварчдаас нь л салахын тулд сонгуульд эсрэг санал өгсөн. Намыг нь унагахгүй бол тэд салахгүй нь гэж бодсон. Хэрэв тэд буцаад АН-ын толгойд зайдагнаад гоё сайхан үгээ донгодоод эхэлбэл 2020 онд ч АН-ыг ахиж сонгохгүй. Зөвхөн намаа бодсондоо муу хүн сонгодог хатуу электораль суурь ч задарна. Аргаа барахдаа либерал үзэлтэй учраас дэмждэг гэж худлаа цэцэрхэж байсан хүмүүст нь ч хэлэх үг үлдээгүй.Өнөөдөр адгийн шааруудын хоргодох эцсийн орон зай либерализм болчихлоо.
23. Үнэндээ сонгогчид АН-ыг унагаснаараа намд нь боломж олгосон. Өөрийгөө шинэчил, луйварчдаасаа сал, нам чинь сайн, хүн чинь муу байна, тэднээсээ салаад эргээд ирвэл тосоод авъя гэсэн. Гэвч тэднээсээ салахгүй буцаад ирвэл АН-ыг ахин шийтгээд, тэр адгийн шааруудтай нь хамтад нь түүхийн тавцангаас арчин хаях сонголтыг хийж чадна. Үнэндээ АН-ын шинэчлэл маш энгийн. Энэ адгийн шааруудаас л салчих. Тэгээд л болоо. 2020 онд тэд л дэвшихгүй бол МАН-тай тооцоо хийх цагийг эхлүүлэх болно.
24. Хэрэв АН ингэж чадахгүй бол 1990 оны ололтын алдрыг АН-аас булаан аваад нийгмийн тогтолцоогоо өөрчлөх их салхи нижигнэн хөдлөх болно. Энэ бол гарцаагүй…
24tsag.mn
Сэтгэгдэл байхгүй байна.