Толгой эргүүлсэн Г.Алтан
"Алтжингийн” гэх тодотголтой Г.Алтан хатагтай өнгөрч буй долоо хоногийн гол дүрээр нэрлэгдэх нэгэн болж амжлаа. Гэхдээ тэр өөрөө ганц удаа олны өмнө гарч, ганхийж дуугарсангүй. Ердөө л түүнийг "Эрдэнэт” үйлдвэрийн захирал болох нь гэдэг яриа, шуугиан л олны анхаарлыг татсан хэрэг.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт”-ийг хэт "малтсан”-ы эцэст нутгийн бүсгүйгээ захирал болгохоор тохирсон гэх мэдээлэл хэд хоног хөвөрсөн. Энэ талаар Г.Алтан ам нээгээгүй ч Засгийн газрын "тогоо”-г баригч Ж.Мөнхбат сайдын хувьд аль хэдийн "NO” гэдгээ хэлчихсэн. Харин өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Г.Алтан "Эрдэнэт”-д очно гээд байгаа. Тийм хүн тэнд очихгүй ээ. Тэр тухай би хэнтэй ч яриагүй. Хоёрдугаарт, улс төрийн томилгоог хийхдээ дандаа шат дарааллаар нь төрийн ажлыг хийж явсан хүнээр удирдуулбал сайн байна” хэмээн ам нээсэн юм. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ бүрдэж, ажилдаа орсон гэдгийг дуулган, ТУЗ-ийн дарга болон захирлуудыг ямар зарчмаар хэрхэн томилох талаар мэдээлэл өгсөн. Энэ нь Г.Алтанг "Эрдэнэт”-ээс холуур явахыг нь баталж өгөв.
Гэхдээ л МАН-д нэлээд хөрөнгө хаядаг гэх Г.Алтан энэ удаа намын гишүүдийнхээ дэмжлэгээр хаанахын сэнтийд залрах бол гэсэн хардлага хөвөрсөөр байгаа. Энэ хатагтай хэр менежер вэ гэдгээ өөрийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж болоод бусад үйлдлүүдээрээ харуулсан. Харамсалтай нь бизнесийн хүрээнээс улс төр лүү шилжсэн нь түүнийг хараар будах хангалттай мессежийг олон нийтэд түгээсэн хэрэг.
Бизнесмэн бүсгүй эгээ л суусан газраасаа шороо бус алт атгахын тулд Ардын намдаа хандив нэрээр санхүүгийн туслалцаа өгсөн л бол түүнийгээ хэд дахин өсгөх нь тодорхой. Тиймээс л олны хардлага ч түүнээс салахгүй байх нь гарцаагүй. Мань хүнд одоо бол Төрийн банкийг хувьчилж авах байх гэсэн таамаглал үлдсэн. Тэрхүү таамаглалыг бататгах гэсэн мэт ирэх жил Төрийн банкийг хувьчлах тухай асуудал байнгын хороогоор ч яригдаад өнгөрсөн.
"Зоос” банкны дампуурлаас үүдэлтэйгээр босч ирсэн "Төрийн банк”-ны хувьчлалыг зүгээр хараад суух хүн Г.Алтан лав биш. Учир нь тэр банкны салбартай хутгалдаж сурсан нэгэн. "Зоос”-ын банкийг дампуурах үед хувьцааны 20 хувь нь Г.Алтангийн хүү Ж.Сүрэнгийн нэр дээр байсан. "Зоос” банкийг төр хүчээр дампууруулж, өөрийн өмчид авсан гэдэг гомдлыг бусад жижиг хувьцаа эзэмшигчид тухайн үед үүсгэж, дээр дооргүй хөлөө хүрэх газраа хүртэл гүйж явахад 20 хувийг эзэмшдэг Г.Алтан хөдлөөгүй. Тухайн үед "Зоос” банк 635 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд нийт хувьцааных нь 51 хувь нь Д.Батбаяр болон түүний хоёр хүүхэд, "Ойн мод", "Нэгдэлчин" компанийн мэдэлд, 25 хувь нь "Европын сэргээн босголт хөгжлийн банк", 20 орчим хувь нь Г.Алтангийн том хүү Ж.Сүрэнгийн нэр дээр, харин үлдсэн хувь нь 600 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байв. Тэдгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл банкны дампуурлыг хууль бус гэж үзэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн Цэц хүртэл гомдол гаргаж, хэвлэлийнхэнд ч уудалж байв. Тэдний төлөөлөл тэр үед мэдэгдэхдээ "Том хувьцаа эзэмшигчид төрд хөрөнгөө алдчихаад чив чимээгүй суугаад байна. "Зоос" банк татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэд ам ангайсангүй. Юунаас болж тэд амаа үдүүлээд байна вэ. Тэд МАН, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамтай хамтран "Зоос" банкийг хуйвалдан дампууруулсан учраас тэр” хэмээн онцолж байсан удаатай.
Ингээд өнгөрснийг одоогийнхтой харьцуулаад харахад том хувьцаа эзэмшигчид тэр дундаа Г.Алтан дуугүй суусны ашиг нь тун удахгүй харагдаж мэдэхээр байгаа. Тэр хуруугаа хөдөлгөх байтугай дуугүй суусныхаа төлөөсөнд "Төрийн банк”-ийг хувьчилж авах чадалтай хүн гэдгээ энэ удаа харуулах нь гарцаагүй байна. Хувьчлал байтугай хаана ч дарга, захирал болж очиж чадна гэдгээ ч олон нийтэд сая мэдрүүллээ. Түүнийг "Эрдэнэт”-ийн захиралаар очно гэх мэдээлэл өвсөнд ассан түймэр мэт дэгдэж байгаа мань хүнийг МАН-д ямар нөлөө бүхий байж чаддаг болохыг ч давхар харуулав. Гэхдээ төр "саалийн ганц үнээ”-нийхээ захирлаар намын санхүүжүүлэгчээ тавибал хэчнээн эсэргүүцэлтэй тулгарах бол гэдгээ тооцож үзсэндээ энэ удаа тун зөв алхам хийв бололтой. Сүүлийн арваад хоног олны толгойг эргүүлж, Г.Алтан захирал болох нь гэх мэдээлэл үнэндээ "Төрийн банк”-ны хувьчлалд оролцох түүний тактиктийн халхавч байсан ч юм билүү, хэн мэдэх вэ.
Эх сурвалж: