Ш.Раднаасэд: БХТН ямар аргаар хувь хүнд очсоныг шалгаж төрд буцаан авах хэрэгтэй /бичлэг/
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Батлан хамгаалах туслах нийгэмлэг буюу Техник спортын төвийн асуудлыг хөндөж тавилаа. Тэрээр "Батлан хамгаалах туслах нийгэмлэг буюу Техник спортын төв нь угаасаа төрийн өмч байсан. Үйл ажиллагаа явуулдаггүй шинээр байгуулагдсан гэж байна. Ямар аргаар хувьд очсоныг мэдэхгүй. Одоо төрд буцаан авах хэрэгтэй.
Өмч эзэнгүйлээд өмч завшдаг хэдэн аргачилал схем яваад байна. Үүнийг нь тогтоогоод тэмцэх хэрэгтэй" гэлээ. Ямар замаар, ямар технологиор, ямар хүний гарт орсныг нь "Эх сурвалж" нэвтрүүлэг сурвалжилж маш олон баримтуудыг цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байж гаргаж ирсэн. Хуучин ДОСААФ гэхээр Улаанбаатар хот, 21 аймагт салбар зөвлөлтэй тэр болгон дээрээ барилга байгууламж, өмч хөрөнгөтэй, дээрээс нь Морин тойруулга, Радио спортын барилга, Буудлагын төв клуб, Авто сургууль гээд ямар их хөрөнгөний тухай яригдаж байгааг тэр үеийн хүмүүс бүгд мэднэ. Буудлагын топ тамирчид подвалд бэлтгэл хийж байхад тэнд нэг ТББ бүх хөрөнгийг нь эзэмшээд явж байна. Монголд цорын ганц зориулалтын буудлагын клубээ хэсэг этгээдэд алдчихдаг төр гэж байж боломгүй.