Хан-Уулын удирдлагууд хариуцсан ажлаасаа илүү хаяг шошгондоо санаа зовдог

0

 

Хан-Уулын удирдлагууд хариуцсан ажлаасаа илүү  хаяг шошгондоо санаа зовдог

 Эрх баригч намын бэлгэдэл улаан өнгөтэй болсон Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байр”-ны дээр байрлах хаяг хичнээн төгрөгийн зардлаар "боссон” талаар хамгийн түрүүнд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны албатай холбогдлоо.Тухайн дүүргийн хийж хэрэгжүүлж буй ажлуудыг олон нийтэд хүргэх үүрэгтэй ажилладаг тус албаныхан харин энэ талаар тодорхой мэдээлэлгүй байв.Энэ асуудлын талаар холбогдох албан тушаалтнууд хуралдаж байгаа бөгөөд эргээд хариу мэдэгдье гэсээр утсаа тасалсан юм. Харин эргэж холбогдоход "Өнгө үзэмж нь муудсан байсан тул хаягийг сольсон. Ямар нэгэн зардал гараагүй. Нийтдээ 46 үсгийг сольсон” гэх мэдээллийг өгөв. Харин ямар компани энэ ажлыг хэдий хугацаанд гүйцэтгэсэн, хаягийн үсгийн өндөр, өргөний талаар мэдэхгүй гэсэн юм.

Ямар нэг зардал гараагүй гэхээр баталгаат хугацааны засвар байж болох талтай. Гэтэл тус барилга 2014 оны гуравдугаар сарын 26-ны ашиглалтад орсон. Тэгэхээр бүтэн хоёр жил хагасын дараа гүйцэтгэгч компани үнэ хөлсгүйгээр гэрэлтдэг үсгэн хаягаа сольж өгөх магадлал тун бага.

НОГООНООР ХИЙХ САНАЛ ГАРГАСАН Ч ҮЗЭМЖИЙГ НЬ БОДООД УЛААН БОЛГОСОН

Тиймээс тус барилгын ашиглалтыг хариуцдаг Хан-Уул дүүргийн "Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын дарга Ш.Батнасангаас энэ талаар тодрууллаа.

Хан-Уулын удирдлагууд хариуцсан ажлаасаа илүү  хаяг шошгондоо санаа зовдог

 

-Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байр”-ны дээр байрлах хаягийг сольсон байна лээ. Энэ ажлыг ямар компани, хичнээн төгрөгийн зардлаар хийсэн юм бол?
-Манай байгууллага энэ байрны ашиглалт, цахилгаан, дулаан, арчлалт зэрэг бүх асуудлыг хариуцдаг. Бид өөрсдийн нөхцөл бололцоог ашиглаж хаягаа өөрсдөө сольсон. Материал, ажилчдын илүү цагийн цалинтай нийлээд 7 сая төгрөг болсон.

-Хаяг солих шаардлага байсан юм уу. Энэ барилга хоёр жилийн өмнө л ашиглалтад орж, шинэ хаягтай болсон шүү дээ.
-Хуучин хаягийн гэрэл нь асахаа байчихсан. Мэргэжлийн үүднээс яривал хоёр гэрлийн дунд нэг трансформатор байх ёстой байтал зургаан гэрлийн дунд нэгийг тавьсан байсан. Энэ нь ачааллаа дийлэхгүй ойр ойрхон шатдаг. Ингээд шатсаныг янзлуулахын тулд заавал кран дуудах шаардлагатай. Манай байрны өндөр 37 метр. Нэг үсэг янзлахын тулд краны мөнгө нь 2-3 сая төгрөг. Тиймээс л хаягийг шинэчлэх шаардлагатай болсон.

Өмнө нь Алтан алим гээд компани хаягжуулалтыг хийсэн гэсэн. Тухайн компаниас засвар үйлчилгээний санал авахад 15 сая төгрөгөөр гүйцэтгэх боломжтойгоо хэлсэн. Тиймээс төсөв мөнгөний бололцоо багатай учраас бид өөрсдөө засварлахаар болсон.

Зөвхөн дээд талын хаяг бус өөр зөндөө ажил хийсэн. Дотор гэрэлтүүлэг, гадна пассадны гэрэлтүүлэг, гадна хаяг зэргийг засварласэн. Өмнө нь хуулгаар хийсэн хаягжуулалтыг 40 саяар гүйцэтгэсэн юм билээ. Байгууллага үүднээсээ байдаг. Өмнө нь үсэг нь унасан, хугарсан гээд муудсан байсан юм. Тиймээс л солих шаардлагатай болсон.

Хан-Уулын удирдлагууд хариуцсан ажлаасаа илүү  хаяг шошгондоо санаа зовдог

 

Зөвхөн барилгын дээд хаяг бус, гадна пассадны гэрэлтүүлэг, хаягууд ч 7 сая төгрөгт багтсан аж

-Танайд гэрэлтдэг үсэг хийх боломж байдаг юм уу. Тусгай төхөөрөмжөөр хийх ёстой биш үү?

-Өмнөх хаягийг нь хуулж аваад шинээр хийсэн юм биш. Хуучин хэвэн дээр нь хуулга хийж, хагарсан хэсгийг нь тор тавьж, эвлүүлж бүтэн үсэгтэй болгосон. Мөн гэрэл чимэглэлийг стандартын дагуу хүчин чадалд нь тааруулсан.

-Яагаад заавал улаан өнгөөр шинэчилчихэв ээ. Муудсан хаягийг сольж болох ч өнгө солигдсон хүмүүсийн анхаарлыг татаад байна шүү дээ.
-Байгууллагын гэрэлтүүлгийг солих албан бичгийг би өгсөн. Үүний дараа үнийн санал судлах талаар даалгавар ирсэн тул би үнийн санал судалсан. Дүүргийн тамгын газарт танай намын хөтөлбөрт Хан-Уул дүүргийг эко, ногоон бүс болгоно гэсэн байна. Тиймээс муудсан хаягыг сэргээн засварлахдаа ногоон өнгөтэй болгоё гэж санал тавьсан. Үүнийг хэлэлцээд үзэмж талыг нь хараад цагаан хүрээтэй улаан өнгөөр тохирсон. Хөх байсан гэрэлтүүлэг улаан болсныг л хүмүүс яриад байна. Төр засаг солигдсонтой холбоотойгоор цаг үе нь ингээд таарчих шиг боллоо хэмээн тэрбээр ярьсан юм.

Хаяг шинэчлэх ажлыг энэ сарын 9-нөөс гурав хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байр”-ны ард болон урд байрлах хаягт нийт 33 том, 33 жижиг үсэг, монгол бичгийн хамт нийт 80 гаруй үсгийн өнгө үзэмжийг сайжруулж, гэрэлтүүлгийг шийдсэн байна.


Хан-Уулын удирдлагууд хариуцсан ажлаасаа илүү  хаяг шошгондоо санаа зовдог

 

 

Гэрэлтдэг үсгийг реклам, чимэглэлийн газрууд ямар үнэтэй хийдэг талаар тодрууллаа. Ингэхэд:

  • Нэг метртэй том үсэг нэг ширхэг дунджаар 300 мянга,
  • 50-тай жижиг үсэг нэг ширхэг нь 120 мянга байдаг юм байна. Харин Монгол бичгээр хийхэд хийц, хэлбэр, хэмжээнээсээ шалтгаалаад үнэ нь өөр байдаг аж. Тиймээс зөвхөн крилл үсгүүд нийлээд 14.5 сая төгрөг болох юм байна.

Өндөр үнэтэй гэрэлтдэг үсэгний асуудлыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хямдаар шийдсэн нь сайн хэрэг. Гэвч хийх ажлын төсөв мөнгийг баталсан дүүргийн ЗДТГ "Ямар ч зардал гаргаагүй” хэмээн мэлзэх нь юуны учир вэ?

gogo.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.