Сонгуулийн хуулийг намд, сонгон шалгаруулалтыг хүнд зориулдаг болжээ
Монголд хууль гууль болж байгаа жишээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Харамсалтай нь энэ таагүй статистикийг хууль тогтоогчид өөрсдөө нэмж баяжуулсаар байгаад хэргийн учир оршино. Хоёрхон жишээн дээр үүнийг тогтож ярья.
Эхний жишээ. Төрийн албаны тухай хууль гэж хэрэгждэггүй шахам хууль бий. Уг хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл. Гэтэл энэ байгууллага зодуурын хүүхэд шиг болчихсон. Аль нам эрх барина тэр намын хүн даргаар нь томилогдон ирнэ. Ингээд төрийн албаны сонгон шалгаруулалтыг намынхаа гишүүдэд тааруулан зохион байгуулдаг жишиг тогтчихсон. Өмнөх дөрвөн жил АН, МАХН хамтарч засаг барьж байхдаа Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулж томилуулдаг яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг хоорондоо зөвшилцөж, наймаалцаж байгаад л эхлээд шууд томилчихдог. Дараа нь Төрийн албаны зөвлөл нөгөө хүнд нь таарсан шалгуур тавьж, сонгон шалгаруулалт зарласан болоод л захиалгат хүнийг нэгээр гаргаж ирээд жинхэлчихдэг байв. МАН Засгийн эрх аваад ч мөн л энэ технологиор төрийн албаны шалгаруулалтуудыг хийсэн. Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлахдаа сэтгүүлч мэргэжилтэй хүн байх ёстой гэх мэт шалгуур тавиад л захиалгатай хүнээ нэгээр гарган томилсон гэх мэт жишээ олон. Хуулиараа бол улс төр, улстөрчдөөс ангид, хараат бус байх ёстой төрийн албаны томилгоог улстөрчдийн захиалгат "хоол” болгосон нь хууль гууль болсоор байгаагийн тод илрэл.
Дараагийн жишээ сонгуулийн тухай хууль. Ээлжит сонгууль дөхөөд ирэхээр л сонгуулийн тухай хуульдаа гар хүрдэг жишиг сүүлийн хоёр парламент дамжин үргэлжлэв. 2011 онд буюу УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жил сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан 100 хувь мажоритар тогтолцоог 28:48 гэсэн харьцаатай пропорциональ, мажоритар холимог тогтолцоогоор сонгууль явуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Олон жил ярьсан сонгуулийн хуулийн өөрчлөлтөд тухайн үеийн УИХ-ын гишүүд яавал сайжруулах вэ гэдэг өнцгаас биш ямар хууль баталбал 2012 оны сонгуульд нам маань ялах вэ гэсэн байдлаар хандаж байсан нь нууц биш.
Жилийн өмнөх явдал одоо ч давтагдаж, энэ жил, бүр нарийн ярих юм бол тавхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Дахиад л захиалгат хууль батлах нь гэсэн хардлага олон нийтэд төрөөд байна. Үнэхээр 65-ын бүлэгтэй, үнэмлэхүй олонхи болсон МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрсдийн эрх ашгаа тусгах гэж зүтгэх нь мэдээж. Тэд тэнэг биш л бол өнөө маргаашгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялах замаа засна шүү дээ.
Энэ түүх жилийн өмнө мөн л давтагдсан. Эрх баригчид ээлжит сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн хуулийн хязгаарлалтыг санаатайгаар мартан байж сонгуулийн жил гарчихсан хойно хуулиа өөрчилж, өөрсдөдөө ашигтай гэсэн хувилбараар баталсан. Ингээд дөрвөн жилийн өмнө магтан сайшааж байсан холимог тогтолцооноосоо татгалзан, сонгуулийн шинэчлэлээсээ ухран байж баталсан хуулиараа өнгөрөгч 2016 онд сонгууль явуулсан. Бүх шатны сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэсэн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх явцад хэдхэн сарын дараа болох сонгуулиа бодсон гишүүд өөрсдөө дахин сонгогдох гэсэн амбийцаа нууж чаддаггүй байсан.
Жилийн өмнөх явдал одоо ч давтагдаж, энэ жил, бүр нарийн ярих юм бол тавхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Дахиад л захиалгат хууль батлах нь гэсэн хардлага олон нийтэд төрөөд байна. Үнэхээр 65-ын бүлэгтэй, үнэмлэхүй олонхи болсон МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрсдийн эрх ашгаа тусгах гэж зүтгэх нь мэдээж. Тэд тэнэг биш л бол өнөө маргаашгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялах замаа засна шүү дээ. Үүнийг УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд ч хэлж байгаа юм.
Тухайлбал Л.Болд гишүүн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай маш том хуулийн төсөл оруулж ирсэн. Уг хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан. Уншиж, танилцаж амжаагүй байхад л уг хуулийн төслийг батлах тухай ярьж байна. Энэ парламентын онцлог бол үнэмлэхүй олонхи байна. 9 гишүүнтэй цөөнх байна. Нэг гишүүнтэй нам байна. Нэг бие даагчтай. МАН, АН, МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг уг хуулийн төсөл үгүйсгээгүй. Гэхдээ хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Ямар тохироо хийснийг үнэхээр мэдэхгүй” хэмээн өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрээр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Энхболд нараас "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэггүй батлууллаа гэхэд та хоёр Ерөнхийлөгчид нэр дэвших үү? Хэрэв та хоёр нэр дэвших юм бол энэ бол эрх, ашгийн зөрчил болно. Ийм эрх, ашгийн зөрчил байж болохгүй” хэмээн анхааруулж байв.
Түүнчлэн парламентад МАХН-ыг төлөөлж суугаа О.Баасанхүү гишүүн "МАН-аас өөр нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй гэдэг ганц үг л энэ хуульд дутуу байна” хэмээн шүүмжилсэн. Эндээс харахад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд эрх баригч намын эрх ашиг түлхүү туссан байх магадлалтай. Хуулийн төсөлд тусаагүй ч гэлээ Л.Болд гишүүний хэлсэнчлэн хэлэлцүүлгийн явцад ийм өөрчлөлт оруулаад ирэхийг ч үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед хуулиа шинээр батлах гээд сууж байгаа эрх баригчдыг эрх ашгийн зөрчилтэй гэж хардах нь зүй ёсных юм. Сонгон шалгаруулалтыг хүнд, сонгуулийн хуулийг намд зориулж гаргадаг жишгээс татгалзах эр зориг өнөөгийн парламентад лав алга.
эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.