Салбарын сайдын тушаалаар санхүүжилтийн 15 хувийг авдаг байжээ
Хөгжлийн банкны дуулиан он дамжин үргэлжилж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутган, эрүүгийн хэргийг нь нэгтгэн шалгаж эхэлсэн. Тус банкийг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлт олон хүнийг цочиролд оруулсан бол эх сурвалжууд Хөгжлийн банк олгосон зээлийнхээ 60 гаруй хувийг эргүүлэн олж авч чадахгүйд хүрсэн гэж мэдэгдээд байгаа юм. УИХ дээр зээлийг манай намын компани, танай намын компани авсан гэсэн хэрүүл дэгдээд удаж буй. Банкнаас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалт баримтаас харвал зээлдэгчдийн дийлэнх нь автозамын компаниуд байгаа. Хөгжлийн банк орон нутгийн авто замын 88 төсөлд 1.236.680.1. Үүнийг 88 компани хувааж авсан байна. Харин нийслэлийн авто замд 107.918.5-ыг хуваарилж 55 компани, улсын төсвөөс шилжин ирсэн төслийн ажлыг 17 компани хийж гүйцэтгэжээ. Энэ бол 2015, 2016 оны Төсвийн тухай хуулийн дагуу 79.278.8-ыг гарган санхүүжилт хийгдсэн юм байна. Мөн Гудамж төсөлд 134.348.5. Нийтдээ 1 236 680 100 000 буюу 1 их наяд 236 тэрбум 680 сая төгрөг зарцуулагдсан байна.
Маргааныг орхиод бондын мөнгийг бялуу болгон түгээж байсан цаг хугацаа руу эргэн очъё. Тухайн үед яг юу болж байсан бэ?
Шинэчлэлийн Засгийн газар авто замын салбарт том бүтээн байгуулалт өрнүүлсэн хэмээн байн байн мэдэгдэж байсан 2014 он. Монгол Улсын хэмжээнд 1700 км авто зам тавьж, бүх аймгийг нийслэлтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд нар нь ажлаа тайлагнаж байсан юм. Гэвч үүнтэй халуунд халж, хүйтэнд хөрсөн автозамчид, салбартаа нэр хүндтэй зөвлөх инженерүүд нь санал нийлж байгаагүй юм. Тэд энэ тухайгаа өгүүлсэн мэдээллийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлж байсан удаатай. Энэхүү бичигтээ тэд УИХ, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан авто замын салбар дахь бүтээн байгуулалтад ахиц гарахгүй байгаа шалтгаануудыг тоочсон байдаг.
Тэрхүү бичигт, Зам, тээврийн яам 2013 онд 1700 км авто зам тавьж, ашиглалтад орууллаа гэж мэдэгдсэн ч ердөө 243.2 км зам шинээр барьж, хэрэг дээрээ 2007 оноос хойш тавьсан 1556.8 км замыг нэмж тооцоод байгааг УИХ-ын даргад дуулгасан байв. Зам, тээврийн яам 2013 онд Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийн төвийг нийслэл хоттой холбох ажлыг оновчгүй зохион байгуулснаас болж олон боломжоо алдсан төдийгүй зураг, төсөлгүй хоёр ч замын ажлыг эхлүүлж зүрхэлсэн байжээ.
Уг нь 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар автозамчидтай уулзахдаа "Өмнөговь-Мөрөн чиглэлийн замын ажлын гэрээг тендер зарлалгүй шууд байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Та нар хийж чадах юм уу, үгүй юм уу” хэмээн ам асууж байгаад явсан боловч 2013 оны хоёрдугаар хагас эхэлж байхад эдгээр чиглэлийн авто замын гэрээг дөнгөж байгуулж, замчдыг ажлаа энэ ондоо багтаа” хэмээн шахсан байв. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуульд заасны дагуу аливаа ажлын гэрээг 1-1.5 сарын дотор байгуулах ёстой атал 2013 оны гэрээ наймдугаар сар хүртэл сунжирсан байв. Учир нь тэд авто замын тендерт өөрсдийн компанийг ялуулахаар хоорондоо маргаж, цаг хугацаа алдсан гэж замчид хэлж байжээ. Өдгөө авто замын бүтээн байгуулалтад Эдийн засгийн хөгжлийн болон Зам, тээврийн яам анхаарлаа хандуулж байгаа ч тендер зарлах сургаар Авто замын эрдэм шинжилгээ, судалгааны төв, Хөгжлийн банк, Нийслэлийн авто замын газар, "Гудамж” төслийнхөн хошуу нэмэрлэж, замчдыг чирэгдүүлж, наанаа бичиг цаасаар, цаанаа бол тендерийн хувь авах сонирхлоор дарамтлах нь энгийн үзэгдэл болсон байжээ.
Жишээ дурдахад, авто замын асуудлыг энэ үеэр Зам, тээврийн яамны таван газар хариуцдаг болсон байжээ. Угтаа бол зөвхөн салбарын яамны нэг газрын мэдэлд төвлөрч байх учиртай асуудал таван тийш бутарсан нь авто замын бүтээн байгуулалт албан тушаалтнуудад "мөнгө” болж харагддаг болсон байв. Салбарын яам авто замын асуудлаа талын нэг тарааж, таван газартаа өгсөн боловч өнөө таван толгой нь захиалагчаар яаралтай шийдүүлэх асуудлыг нь гацааж, компаниудын ажлыг чагталж орхидог байсан гэнэ. Тухайлбал, Өмнөговийн чиглэлийн замын трассыг зургаан км орчим өөрчлөх зайлшгүй шаардлага гарсаар байхад салбарын сайд нь энэ шийдвэрийг арван сарын дараа шийдэж өгсөн байх юм. Энэ хооронд Батлан хамгаалахын сайд болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн болон газрын дарга нар нь зочилж, бүтээн байгуулалт сайн явж байгаа талаар сурталчилгаа хийхээ мартаагүй. Авто замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд ажлаа дуусаж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд тууз хайчлаад байхад захиалагч Зам, тээврийн яам тухайн авто замыг ашиглалтад хүлээж авахгүй байх, өвлийн замын арчлалтыг хий гэж нэмэлт зардал гаргуулж, сайдын тушаалаар хүч хэрэглэн санхүүжилтийн 15 хувийг авч үлддэг болсоор удаж байсныг аргаа барсан автозамчид дээрх бичгээр УИХ-ын даргад мэдэгдэж байсан юм. Энэ үед салбарын сайдаар А.Гансүх ажиллаж байсан бөгөөд хожим тэр сайдын суудлаас буугаад УИХ-ын даргын зөвлөх болж байлаа.
Авто замын салбарын ажил ийн цалгардахын зэрэгцээ тендерийн наймаа ил цагаан өрнөж, хорих ял эдэлж байсан хүн хүртэл "Авто замын гэрээ шууд байгуулж өгнө. Арван хувийг нь баталгаатай дансанд шилжүүл” гэсэн зар түгээж, төрийн ажил үйлчилгээ хар захын наймаа шиг өрнөж байна аа гэж автозамчид учирлаж байжээ. Нөгөө талаар авто замын ажлын шууд гэрээний сөрөг талд ажлын туршлагагүй, олон жижиг гүйцэтгэгч болон зөвлөх компани төрөн гарч, энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хамт олон ажил болж үлдэж байв. Дайран дээр давс гэдэг шиг энэ үед банкныхан бас замчдын халаасыг сэгсрэх болсон байдаг. Учир нь банкууд гүйцэтгэгч компаниудаас тендерийн хоёр, гүйцэтгэлийн баталгааны арав, баталгаат засварын таван хувийн барьцаа авч, энэ нь бизнес болтлоо хөгжсөн гэдгийг тэд өгүүлсэн байсан юм.
Тиймээс тус салбарынхан УИХ-ын даргад хандан салбарын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, Эдийн засгийн хөгжил болон Зам, тээврийн яамыг нэгтгэх, авто замын барилгын болон зөвлөх үйлчилгээний бүх ажлыг тендерээр хэрэгжүүлж, шударга өрсөлдөөн бий болгох, Авто замын тухай хуулийг шинэчлэн батлах, 2013 онд авто замын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ, төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцүүлэх, улмаар төлөвлөгөөг тасалдуулж, саатуулсан улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдад зохих журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Мөн авто замын салбартай холбоотой шийдвэр гаргаж байгаа төрийн байгууллага буюу яам, газрын ажил, үүргийн давхардлыг арилгаж, авто замын сүлжээг хөгжүүлэх ажлыг ажлаа мэддэг, чаддаг хүмүүст нь өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байжээ.
Гэвч авто замын салбарынхнаас ийм "гомдол” авсан УИХ-ын дарга тэдний хүсэлтийг УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд тараасан ч хэлэлцүүлэлгүй хав дарсан байдаг. Хэрвээ З.Энхболд асуудлыг цаг алдалгүй хэлэлцэн шийдэж чадсан бол өнөөдөр Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжсэн автозамын төслүүд цэгцтэй хэрэгжиж, улс орон эдийн засгийн хямралд сөхрөхгүй, эзэнтэй эзэнгүй, эргэн төлөгдөх боломжтой боломжгүй зээлийн тухай хэрүүл орон даяар өрнөхгүй байсан биз ээ.
Автозамын салбарын зөвлөх инженерүүдээс УИХ-ын дарга З.Энхболдод 2014 оны нэгдүгээр сард өгсөн мэдээллийг дор нийтлэв.
эх сурвалж: шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.