Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА

"Галбингаа” кинонд тэр эх хүн болохыг юу юунаас илүү хүсэж, үр хүүхэд гэдэг хүнд хамгийн чухал байдгийг Энх-Үүлэн бүсгүйн уярал зөөлөн дүрээр харуулахыг зорьсон. Харин тун саяхан үзэгчдэд хүрч дууссан "Надад ирээгүй хайр” кинонд түүний бүтээсэн Халиунаа бол хэдий буруу замаар хүнд амьдралыг туулсан ч хүн чанар, нинжин сэтгэлээ алдаагүй эмэгтэй. Мөн өөрийнх нь хэлдгээр эрт амьдрал үзсэн болохоор гэнэн, эмзэг Бүжинд нөмөр нөөлөг болж, зоригтой, өөртөө итгэлтэй байхыг зааж зөвлөсөн дүр.
Үнэхээр ч Халиунаа байгаагүй бол Бүжингийн нярай хүүхэдтэйгээ байсан цаг хугацааг төсөөлөхийн аргагүй. Тэр л хажуугаас нь тулж, түшиж, Аминааг харж өгснөөр Бүжин хүнд хэцүүг арай багахан туулсан.

Ингээд харахаар Э.Намуун найруулагчаас оноосон дүрийг тун чадварлаг, часхийтэл бүтээчихдэг жүжигчин юм. Туслах дүр атлаа гол дүр мэт тодоор үзэгчдийн сэтгэлд бууна. Үзсэн хүмүүс санаж байгаа бол "Хамтдаа” гэх найз, нөхөрлөлийн үнэ цэн, мөн чанарыг харуулсан нэгэн бүтээлд тэр хөрөнгө мөнгөтэй айлын дураараа охин, нөхрөө "хуурч”, бүгдийг мөнгөөр, хүчээр шийдэх гэж оролдож байсан эмэгтэйн дүр бүтээж байсныг санаж байгаа байх. Дараа нь "Үлгэрийн баатар гэртээ харих замд”, "Life is love" зэрэг кинонд тоглосон. Ихэнхдээ ааль маяг, сэргэлэн, авхаалжтай, үзэсгэлэнтэй дүрүүд түүнийх байдаг. Үүнийг бид хошин урлагийн тайзан дээрээс ч олон номерын дүрээс харсан билээ.
"Мөрөөдлийн театр” хэмээх их айлын нэгэн чимэг болж, авьяас билиг, хөдөлмөрөө зориулж байгаад ээжийн үүргээ гүйцэтгэхээр уран бүтээлээсээ түр чөлөө авч, эргэн ажилдаа орсон тэр харин хоёр ч сонирхолтой дүрээр үзэгчидтэй уулзсан нь эхэнд хэлсэн хоёр уран бүтээл.

Эх, үрийн нандин холбоог тэд энэ бүтээлээрээ онцлогтой, онцгой харуулсан.




Сэтгэгдэл байхгүй байна.